Монголын Залуучуудын Холбооноос “Next Stop” харшийн наадмыг жил бүр зохион байгуулж, тухайн оныхоо нийгэм улстөр, бизнес эдийн засгийн салбарын шилдэг залуусыг тодруулдаг бөгөөд шилдгээр шалгарсан “Оны залуу”-с залуучуудад зориулан лекц уншдаг уламжлалтай билээ. Тэгвэл 2014 “Оны залуу” лекц энэ сарын 31-нд Төрийн ордны Их танхимд болох гэж байна.
Өнгөрсөн онд салбар салбарын эрхмүүдээс рейтингээрээ тэргүүлж нийгэм улс төрийн “Оны залуу”-аар Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр, бизнес эдийн засгийн салбарын “Оны залуу”-гаар UFC группын ерөнхийлөгч О.Амартүвшин нар тодорсон юм. Тэгвэл эдгээр эрхмүүд тогтсон уламжлалын дагуу ийнхүү лекц уншихаар болжээ.
“Оны залуу” лекцэнд сонирхсон залуучууд хамрагдах боломжтой бөгөөд МЗХ-ны төв байранд бүртгүүлэх юм байна.
Дашрамд сонирхуулахад, Анхны нийгэм улс төрийн “Оны залуу”-гаар МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эдийн засаг бизнесийн “Оны залуу”-аар Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар тодорч байжээ.