Л.БАТБААТАР
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа зарим аж ахуйн нэгж өчигдөр өглөөнөөс ажил хаялт албан бусаар зарлан, нийслэлчүүдийг багагүй сандаргав. Тэд үүнийгээ ажил хаясан гэж хэлэхийг хүссэнгүй. “Түр зогсолт” хэмээв. Зогсолт хийсэн шалтгаанаа техник, сэлбэг хэрэгсэл, ажилчдын цалин хөлсийг өгөх боломжгүйгээс хэмээн тайлбарлаж санхүүгийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хүртэл үйлчилгээнд гарах боломжгүй гэдгээ ч илэрхийлсэн юм.
Нийслэлийн Тээврийн газраас “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын автобусууд болон “Аз сервис”, “Эрдэм транс”, “Мяралзаа” зэрэг компанийн 430 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж буй тухай мэдээлсэн. Харин нийслэлийн Тээврийн газрынхан “Өнөөдрийн дотор асуудлыг шуурхай шийдвэрлэж, нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн горимд нь оруулахаар ажиллаж байгаа” гэсэн тайлбар өгсөн.
Улаанбаатар смартынхан тоног төхөөрөмж суурилуулж мөнгө хураагаад орлогын 10 хувийг авч байна
Нийслэлийн Тээврийн газарт “Түр зогсолт” хийсэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудын удирдлагууд мэдээлэл хийж, “Атибус” компанийн захирал Г.Баярмагнай, “Сайхан ирээдүй” компанийн захирал Д.Болдбаатар нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Энэ бол ажил хаялт биш түр зогсолт гээд үйлчилгээнд гараагүй шалтгаанаа тайлбарлахгүй юү?
-Ажил хаялт биш гэдгийг албан ёсоор хэлэх хэрэгтэй. Яагаад гэвэл, энэ бол хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн хямрал. Зөвхөн хувийн хэвшил биш, төр ч гэсэн таван тэрбум төгрөгийн шатах, тослох материалын өрөнд орчихсон байна.
Төрийн өмчит нийтийн тээврийн байгууллагынхан ч эдийн засгийн хямралд орсон. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн цаашдын асуудалд гарц байхгүй. Түлш, шатахуун, цалинтай холбоотой асуудал бүгд гацсан. Энэ бүх асуудал нь 2015 оны долдугаар сарын 29-нөөс хойш үүссэн юм. Тухайн үед “Энэ систем шаардлага хангаж ажиллахгүй байна шүү” гэдгийг анхааруулж байсан. Тэгэхэд “Асуудалгүй, үүссэн алдагдлыг чинь төлнө” гэж Улаанбаатар хотын зүгээс гэрээ хийсэн. Ингээд сүүлийн 70 хоногийн хугацаанд санхүүжилт ороогүй учир зарим компани гурван сар цалингаа тавиагүй байна.
-Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хэчнээн компани түр зогсолт хийгээд байна вэ?
-Түр зогсолт хийж буй 17 аж ахуйн нэгж бий. Нийтийн тээврийн үйлчилгээнд 1000 автобус явдаг. Үүний 30 хувь нь төрийн өмчийн компанийнх. Үлдсэн 70 хувь нь хувийн хэвшилд харьяалагддаг. Хувийн хэвшлийн ганц, хоёр компанийг эс тооцвол 60 гаруй хувь нь түр зогсолт хийсэн.
Жолоочийн цалин, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар зэрэг хувь хүнтэй холбоотой хөдөлмөрийн гэрээгээр зохицуулдаг асуудлыг нийтийн тээврийн салбарт тэр чигт нь орхигдуулсан. Өвөлжилтийн бэлтгэл ажил бас орхигдчихсон байна.
-“Улаанбаатар смарт карт” компанитай холбоотой ямар асуудал яригдаж байгаа юм бэ?
-Энэ компанийн үйл ажиллагаа хууль бус. Тендер сонгон шалгаруулалтад оролцоогүй. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын орлогын 10 хувийг гэрээ хэлцэлгүйгээр авдаг. Тус компани нь нийтийн тээврийн салбарын цаг, гүйлт, орлого зэрэг тээврийн системтэй холбоотой аж ахуйн үйл ажиллагааны тайлан мэдээллийг боловсруулж чадахгүй байна. “Ти вох” систем нь картнаас 500 төгрөг хасагдлаа гэж уншихаас тухайн автобусыг хэчнээн километр явсныг тооцдог төхөөрөмж биш. Жишээлбэл, манай компанийн 150 жолоочийн ажилласан цагийг тооцоход 60 хувийг л бүртгэсэн байдаг. “Алдаатай бүртгэсэн байна” гээд гомдол гаргахаар нэг өдрийн дотор 94 хувь болгосон. Тодруулбал, нэг жолооч өдөрт 10 цаг ажилласан байхад цалинг нь дутуу бодож байна. Нэгэнт тухайн жолоочийн ажилласан өдөр, цагийн бүртгэл байхад цалинг бид хугацаанд нь тавих үүрэгтэй.
-“Улаанбаатар смарт карт” компани олсон орлогоо аж ахуйн нэгжүүдэд бүрэн шилжүүлэхгүй байна гэж та бүхэн үзэж байна уу?
-Санхүүгийн бүх үйл ажиллагаа нь хаалттай. 2015 оны есдүгээр сарын 27-ны байдлаар манай компанид 127 сая төгрөгийн өртэй байна. Компанийн зүгээс тушаасан орлогоо бүрэн авч чаддаггүй. Санхүүгийн асуудлыг шийдэж өгвөл нийтийн тээврийн үйлчилгээнд гарахад ямар ч асуудалгүй. Жолооч нар бүгд ажлын байрандаа автобусаа цэвэрлээд, цалин өгвөл ажилдаа гарлаа гээд хүлээгээд байж байна.
-Таны бодлоор хүндэрсэн нөхцөл байдлаас хэрхэн гарах вэ. Ямар нэгэн гарц гаргалгаа байна уу?
-“Улаанбаатар смарт карт” компанийн тоног төхөөрөмжийн угсралтад монголын мэргэжилтнүүд оролцсон байдаг. Тэдгээр мэргэжилтнүүд нэг автобусанд суурилуулсан төхөөрөмжийн нийт үнийг сая 100 мянган төгрөгөөр үнэлсэн. Гэтэл “Улаанбаатар смарт карт” компанийнхан нэг төхөөрөмжөө 4.400 ам.доллараар үнэлсэн. Бараг есөн сая төгрөг. Зургаан жилийн хугацаанд гээд бодохоор 15 сая төгрөг болох тооцоо гарч байна. Хар ухаанаар бодоход. Энэ асуудлыг шийдэхэд монголын хөрсөнд буусан, нутагшсан, шүүмжлэл сонсдог багаар ажиллах хэрэгтэй. Бид биенээ хайрлахгүй бол гадны солонгос мөнгөө аваад л явна. Хэн хохирох уу, монголчууд л хохирно. Улаанбаатар хотын нийтийн тээврийг ухаалагжуулах ажлыг “Улаанбаатар смарт карт” гүйцэтгэж чадахгүй нь батлагдаад байна. 2015 оны долдугаар сарын 24-нд тоног төхөөрөмжийг 100 хувь суурилуулсан хэмээн улс даяар зарласан. Маргааш нь 50 хувьтай ажиллаж байсан. “Дутуу байна” гэхээр “Дуугүй бай, мөнгийг чинь өгөх гэж байхад” хэмээн ам тагласан.
Аливаа төсөл үе шаттай байх ёстой. Төслийн ямар ч үе шат байхгүй.
Тоног төхөөрөмж сууриллуулж мөнгө хураагаад л орлогын 10 хувийг авч байна
Зорчигчид бэлэн мөнгөөр зорчихдоо бүрэн төлж байна уу үгүй юү гэдгийг хянах хяналтын систем хэрэгтэй байна. “Хяналтын систем ээ оруулаач, тасалбар хураагчдыг ажиллуулаач” гэхэд “Улаанбаатар смарт карт” компани албан ёсоор “Авахгүй” гэдгээ хэлсэн.
Үндсэндээ нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийнхэн Улаанбаатар смарт карт компанийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа төдийгүй, тэдэнтэй ойлголцож чадахгүйгээс байдал ийм төвшинд хүрчээ гэж ойлгогдохоор байгаа ч багагүй хөрөнгө хүч заран байж хэрэгжүүлсэн энэ төслийг өнөөдөр эсэргүүцэх цаг нь мөн үү.
Иргэдийн хувьд энэ үйлчилгээ нэвтрээд хоёр сар гаруй болж байхад сая л дасч эхлээд буй.
Р.Ган-Эрдэнэ: Компаниудад гурав хоногт нь багтан орлогыг нь шилжүүлж байгаа
Эсрэг талын байр суурийг “Улаанбаатар смарт карт” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Р.Ган-Эрдэнээс тодрууллаа.
-Танай компани мөнгөө шилжүүлэхгүйгээс болж нийтийн тээврийн аж ахуйн нэгжийн автобусууд үйлчилгээнд гарахгүй байна гэсэн шүүмжлэл байна?
-Худалдаа хөгжлийн банктай төсөл хэрэгжүүлэх гэрээг хийсэн. Одоогийн байдлаар нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн 50 хувь нь картаар, 50 хувь бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг гэсэн тооцоо гарсан. Орлогыг гурав хоног төвлөрүүлж, аж ахуйн нэгжид хувиарлана гэсэн гэрээг нийслэлийн Тээврийн газартай хийсэн.
Одоогийн байдлаар аравдугаар сарын 2-ны мөнгө Худалдаа хөгжлийн банкнаас манай компанид бэлнээр тоологдон орж ирж байна. Мөнгө орж ирсэн тохиолдолд цаг алдахгүй шилжүүлж байгаа. Тэгэхээр өдөр болгон орлогын мөнгө ордог гэсэн үг. Өнөөдрийн байдлаар мөнгө шилжүүлэлт гэрээнд зааснаас гурав хоногоор хоцорч байгаа. Банкинд хандан, аль болох гурав хоногт багтаан шилжүүлэхийг хичээн ажиллаж байна. Ийм эрсдлээс урьдчилан, аж ахуйн нэгжүүдэд гурван тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ зээлийг орлогоос нь суутгах ёстой. Одоогийн байдлаар орлогоос суутгаж аваагүй байна. Гурав хоногийн алдагдлыг нь зээл олгон нөхсөн. Аж ахуйн нэгжүүд, олгосон зээлээр шатахуун авсан. Орсон орлогыг өдөр болгон аж ахуйн нэгжүүдэд хувиарладаг.
-Нийтийн тээврийн үйлчилгээнд төрийн өмчийн аж ахуйн нэгжийн автобус үйлчилж байна. Хувийн хэвшлийнхэн 70 хоног цалингаа авсангүй хэмээн “түр зогсолт” хийхээс өөр аргагүй байдалд хүрлээ хэмээн мэдэгдэж байна?
-Аж ахуйн нэгжүүд өмнө нь ямар орлого олдог байсныг мэдэхгүй. Бэлэн мөнгө болон картаар хийсэн орлогыг төвлөрүүлж, машин цагаар нь хуваах нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжийн дагуу хувиарлаж байгаа. Тухайн тээврийн хэрэгслийн нийтийн тээвэрт үйлчилсэн бодит цагийг тооцож мөнгө хувиарладаг. Манай компани зөвхөн төсөл хэрэгжүүлдэг. Ямар нэгэн бодлого шийдвэр гаргадаггүй. Бодлого шийдвэрийг Улаанбаатар хот болон нийслэлийн тээврийн газар гаргана. Орлогоор орж ирж буй төлбөрийн мөнгийг цахим картад шилжүүлж, машин цагаар нь хувааж хувиарладаг.
Манай компани Улаанбаатар хоттой цахим төлбөрийн систем хэрэгжүүлэх гэрээг хийсэн. Үйлчлэх журмынх нь гэрээг нийслэлийн Тээврийн газартай хийсэн. Нийслэлийн Тээврийн газар нь нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж байгууллагатайгаа гэрээ хийсэн. Манай компанийн зүгээс цахим системээ улам өргөжүүлж, хөгжүүлж байгаа. Нийслэлийн Тээврийн газраас өгсөн ажлын даалгаврыг бодит цагийн гүйцэтгэлтэй нэгтгээд тайлан гаргадаг.
-“Улаанбаатар смарт карт” компани орлогын мөнгийг аж ахуйн нэгжийн дансанд шууд шилжүүлдэг гэж хэлж байна уу?
-Тийм. Нийслэлийн Тээврийн газрын хяналтын дор аж ахуйн нэгжүүдэд хувиарладаг.
-Дамжин суултын үнийг 60 хувь хөнгөлнө гэсэн мэдээлэл гарсан?
-Нийтийн Тээврийн газраас хоёр дахь автобусад хичнээн зорчигч дамжин сууж буй талаар судалгаа гаргаж өгөхийг хүссэн. Энэ судалгааны дагуу дээрх тооцоог гаргасан болов уу. Манай компани тендерт оролцохдоо дамжин суултад хөнгөлөлт үзүүлэх зорилгоор автобусны хойд хаалганд дамжин суух хөнгөлөлтийг унших төхөөрөмж нэмэлтээр суурилуулсан. Дамжин суултыг хэдэн хувь хөнгөлөх шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргана. Дамжин суултыг унших систем бэлэн байгаа. Шууд хэрэгжүүлж болно.
Далимдуулагчид...
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийнхэн урьдчилан сануулалгүй гэнэт үйлчилгээнд гараагүйн улмаас иргэд цастай хүйтэн өглөө автобусны буудал дээр зогссоор ажил сургуулиасаа хоцорлоо. Харин энэ дундуур микроныхон бяцхан далим үүсгэж, 1000-1500 төгрөгөөр үйлчлэв.
Нийслэлийн Тээврийн газраас асуудлыг өнөөдрийн дотор шийдэж, нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн горимд оруулахаар ажиллаж байна гэсэн мэдээлэл өгсөн боловч хувийн хэвшлийнхэн “Түр зогсолт” хэдий хугацаанд үргэлжлэхийг таашгүй хэмээн мөрөө хавчиж сууна. Нийтийн тээврийн шинэчлэл хэмээн энэ зунжингаа иргэдийг чирэгдүүлж, богино эргэлт нэрээр нэг автобусаар зорчиж байсан зорчигч хоёр түүнээс дээш автобус сэлгэн суусаар 500 төгрөгөөр үйлчлүүлж байсан хүн 1000-аас доошгүй төгрөг төлж эхэлсэн. Гэвч сая л нэг автобусныхаа чиглэлийг тогтоохтой болж байтал ийн нийслэлчүүд нэг л өглөө явгарав.
Үнэндээ тэмцэж байгаа тал, шинэчилж байгаа тал хоёр тохиролцох түмэн арга байгаа ч хоёр тийшээ гэдийсний “ачаар” иргэд чирэгдсээр байх нь. Маргааш автобус явах болов уу “ХОТЫН ДАРГА АА”