Н.БАТ
Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож, 20 хувьд нь Засгийн газраас баталгаа гарган зээл олгох шийдвэрийг аль зургадугаар сарын 22-ны Засгийн газрын хуралдаанаар гаргасан байдаг.
Энэ тухай Барилга хот байгуулалтын сайдаар тухайн үед ажиллаж байсан Д.Цогтбаатар ам бардам мэдээлэл хийж, иргэдэд төдийгүй барилгын компаниудад ихээхэн горьдлого түрүүлсэн. Тэрээр Засгийн газраас зээлийн урьдчилгаа төлбөр болох 20 хувьд баталгаа гаргахаар 200 тэрбум төгрөгийг шийдэхээр Хөгжлийн банкинд даалгавар өгсөн гэж байсан билээ. Энэ бол манайд л гайхалтай мэдээлэл болохоос дэлхийн бусад улс орны хувьд инээдтэй зүйл биз. Аль хагас зуун жилийн өмнөөс хэрэгжчихсэн энэ тогтолцоог бид хуулах гэж түмэн асуудалд ээрэгдсээр даруй хагас жил өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл баттай шийд гарч чадаагүй л байна.
Есдүгээр сарын 20-нд “Төрийн мэдээлэл” сэтгүүлд “Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журам”-ыг нийтэлсэн. Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдчихсэн юм чинь одоо хэрэгжиж эхэлсэн гэх мэдээлэл нэгэнт иргэдэд буй болчихсон байлаа. Наад зах нь зарим барилгын компанийн сурталчилгаа “10 хувиа төлөөд зээлэндээ хамрагдаарай” гээд яваад эхэлчихэв.
З.Баянсэлэнгэ: Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох ажлыг хэрэгжүүлнэ
Гэвч ТОСК-ийн сайтад нийтлэгдсэн мэдээллээс журам батлагдаагүй, тодорхой болоогүй. Зөвхөн иргэд л зээлийн урьдчилгаа 10 хувь болсон гэдэгт итгэсэн гэдэг нь тодорхой харагдана. ТОСК-ийн Маркетинг борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Од “Буянт ухаа 2”-ын Улсын комиссын акт аравдугаар сарын 31-нд гаргахад зээлийн урьчилгаа 10 хувиа төлөөд 20 хувьд нь Засгийн газар баталгаа гаргах батлан даалтын журам хэрэгжиж эхлээгүй бол захиалга өгсөн иргэд 10 хувь дээрээ нэмж 20 хувиа төлөөд орно. Тэгэхээр батлан даалтын асуудал хэрэгжих үү, үгүй юу гэдгийг Хөгжлийн банк, Сангийн яам, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Барилга хот байгуулалтын яамд л шийднэ. Энэ асуудал ямар түвшинд яваа вэ гэдгийг бид хэлж мэдэхгүй шүү дээ” гэжээ.
Иргэд зорилтот бүлэгт чиглэж баригдсан энэ хороололд багагүй захиалга өгсөн төдийгүй гол нь зээлийн урьдчилгаа 10 хувь гэх итгэл байсан нь тодорхой. Гэвч Засгийн газраас хагас жил гаруй ярьсан энэ журам тодорхойгүй байдалд байгаа нь олон хүнийг эргэлзээнд хүргээд байна.
Шинэхэн томилогдсон Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох ажлыг хэрэгжүүлнэ. Өмнөх сайдын зээлийн урьдчилгааг 10 хувь болгосон асуудлыг цаашид үргэлжлүүлээд аваад явна. Иргэд хэрэгжүүлэхээ больчих вий гэж сандарч тэвдэх шаардлагагүй. Албан бичиг боловсруулалт гэрээн дээр гарын үсэг зурах асуудлууд бий. Таван талт гэрээ хийгдэнэ. Арилжааны банкуудтай эцсийн төвшинд ярилцаж шийдэх асуудлууд бий. Одоо гэрээнд гарын үсэг зурах талууд саналаа өгвөл хэрэгжээд эхэлнэ” гэж өчигдөр хэлсэн.
Төрийн алба бол залгамж халаатай байх ёстой төдийгүй, өмнөх сайдынхаа хийсэн зөв ажлыг үргэлжлүүлэх нь дараагийн сайдын үүрэг.
Тэгэхээр хүлээлт үүсгээд байгаа орон сууцны урьдчилгаа болох 10 хувийн асуудал удахгүй шийдэгдэх нь хэмээн эергээр харж болох.
Яг хэзээнээс вэ?
Гэдэг асуултын хариуг өгөх эзэн олдохгүй л байна. Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар зургадугаар сард хэвлэлийн хурал хийхдээ долдугаар сараас энэ ажил хэрэгжинэ гэж байсан. Тэгвэл есдүгээр сард Засгийн газраас журмыг нь батлаад 10 дугаар сараас хэрэгжинэ гэж байсан боловч одоогоор төрийн мэдэлд байгаа ТОСК энэ мэдээлэлд итгэлгүй байна гэдгээ ийн илэрхийлж буй учраас иргэд “горьдлого “ төдий зүйл болчихвий гэх эргэлзээтэй хэвээр байна. Салбарын сайд ч тодорхой хугацаа хэлж чадахгүй “гацалт”-ын байдалд байгаа гэдгээ нуусангүй. Эцсийн шийдвэр эхлүүлсэн газраасаа буюу Засгийн газраас л гарах учиртай. Ерөнхий сайд татварын маргаантай компанийн захирлыг дуудаж уулзаад асуудлыг зохицуулж болж байгаа юм чинь өөрийн кабинетээс гарсан шийдвэрийн араас чих тавьж байгаа гэж итгэе. Гол нь хэрэгжих үү гэдэг эргэлзээг нэн яаралтай тайлах л хэрэгтэй байна.
Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаагийн хэлснээр зах зээл дээр эзнээ хүлээж буй 32 мянга гаруй айлын орон сууц бий. Хэдийгээр барилгын салбарынхан энэ жил үнэхээр санхүүгийн хямралд өртөж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч орон сууцны барилга их хэмжээгээр барьсаар ашиглалтад өгсөөр байна. Харин тэрхүү байшинд орох эзэн нь алга. Горьдлого тээгсэд байгаа ч тоолоод өгөх төлбөрөө хурааж хуримтлуулсан нь цөөн гэдэг нь үнэн. Барилгын салбарынхан нийлүүлэлт хангалттай байна, харин худалдан авалт алга хэмээн элдэв янзын эрээн сурталчилгаа цацсаар буйг өдөр бүр таны утсанд ирж байгаа мэссэжээс л харж болно.
Тус салбарынхны ярьснаар өнөөдөр зах зээлд байгаа орон сууцны үнэ хөөсрөлтгүй бодит учраас авсан нь хожино гэх. Гэвч ипотекийн өмнө батлагдсан журмаар орон сууцныхаа 30 хувийн урьдчилгааг бэлнээр төлөөд 70 хувийн зээлээ 8+-1 хувийн хүүтэй авах иргэн өнөөдөр алга. Бага сага хурааж хуримтлуулсан юмтай нь өөрөөр хэлбэл зээлээр болоод бэлнээр байр авчихсан гэсэн үг. Тэгэхээр зах зээл дээр байгаа 32 мянган орон сууцыг борлуулах ямар арга байна вэ. Энэ бол зээлийн урьдчилгааг бууруулах гэдгийг дээр дооргүй хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга.
Эрсдэлтэй гэхдээ барьцаатай зээл
Гэвч орон сууцны зээлийн урьдчилгаа 10 хувь болчихвол санхүүгийн салбар эрсдэлд орно гэж буй. Чухам ямар эрсдэлд орох вэ. Яг үнэндээ одоогоор 10 хувийн урьдчилгаагаар зээл авах иргэдийн тоо Засгийн газраас шийдээд байгаа 200 тэрбум төгрөгт л эргэлдэх нь тодорхой байна. Үл хөдлөхийн зах зээл дээрх хөөс хагарчихсан энэ үед зорилтот бүлэгт чиглэсэн бодлогын ачаар цөөнгүй өрх өөрийн гэсэн орох оронтой болж чадна. Энэ тоо хязгаартай гэдгийг хаа хаанаа мэдэрч байгаа. Санхүүгийн эрсдэл гэдгийг хэрхэн дүгнэх вэ. Байрныхаа урьдчилгаанд иргэн 10 хувиа төлчихнө. Засгийн газар 20 хувь нь баталгаа гаргачихна. Харин арилжааны банк өмнөхтэй адил л 70 хувьд 8+-1 хувийн хүүтэй зээл олгоно. Мөнгөө төлж чадахгүй бол байрыг нь хураагаад авчихна. Нэгэнт байрны бичиг баримт иргэний нэр дээр бус банкны нэр дээр бий. Эргээд хэн нэгэнт байрыг борлуулах боломж нь бий. Гэтэл 10 хувь дээр ийн суух нь ямар учир байна вэ. Хүсвэл Засгийн газрын баталгаа болж буй зээлийн 20 хувийг Төрийнх нь банкаар дамжуулан арилжааны банкуудад санал болгох гарц бол байна гэдгийг өчигдөрхөн Төрийн банкны захирал хэлж байсан. Хэрвээ хүсвэл гарц хаана л бол хаана байдаг. Хагас жил гаруй энэ ажил дээр ажиллаж дэлхийн олон орны туршлагыг судалсан ажлын хэсэг нь бий. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн статистикийг Ерөнхий сайд минь нэг сайн хараадахаач.