Умайн хүзүүний хорт хавдар буюу өмөн нь эмэгтэйчүүдийн дундахь тархалтаараа ходоод, арьс, хөхний өмөнгийн дараа дөрөвт ордог өвчин. Умайн хүзүүний өмөн нь умайн хүзүүг бүрхэж байгаа хэвийн эсээс үүссэн хорт хавдар юм. Жил бүр энэ өвчнөөр 600000-аас дээш тооны эмэгтэйчүүд өвчилж байна.
Шалтгаан
Бусад өмөнгийн нэгэн адил умайн хүзүүний өмөнг үүсгэх хүчин зүйлд ахимаг нас, химийн канцероген болон туяаны үйлчлэл орно. Түүнээс гадна эрдэмтэд умайн хүзүүний өмөн нь гениталь герпес буюу бэлиг эрхтэний хомхой, болон папилломавирус зэрэг вирусын халдвартай шууд холбоотой байгааг тогтоосон байдаг. Жишээ нь: умайн хүзүүний өмөнтэй өвчтний 95% -аас нь хүний папилломын вирус (Human papilloma virus – HPV) илэрсэн байдаг. Улмаар энэ хоёр вирусын халдвараар авсан эмэгтэйчүүдийн умайн хүзүүний өмөнгөөр өвдөх эрсдэл нь 2-3 дахин ихэсдэг. Иймээс умайн хүзүүний өмөн нь бэлгийн замаар халдварладаг эдгээр хор ихтэй вирусаар дамждаг гэсэн ч болохоор байна.
Эмч нар нэг эмэгтэй 6 ба түүнээс дээш тооны бэлгийн хавьтагч -тай бол уг өвчний эрсдэл 11 дахин ихэсгэдгийг тогтоожээ. Улмаар энэ өвчнөөр ихэвчлэн биеэ үнэлэгчид өвчилдөг байхад охидууд өвчилдөггүй. Умайн хүзүүний өмөн нь дараах эмэгтэйчүүдэд их тохиолдоно:
Бэлгийн харьцаанд эрт (16 наснаас өмнө) орох;
Эрт жирэмсэн болох эрт төрөх (16 наснаас өмнө);
Замбараагүй бэлгийн амьдралтай;
Олон удаа үр хөндүүлэх ажилбар хийлгэсэн;
Үрэвсэлт болон БЗХӨ;
Тамхи их татдаг;
Удаан хугацаагаар жирэмснээс сэргийлэх дааврын бэлдмэл уусан;
Дархлааны хямралтай.
Явц
Умайн хүзүүний өмөн нь умайн хүзүүний шархлаа, хавтгай ур, төрөх болон үр хөндөлтийн дараах сорвижолт мөн удаан хугацаагаар үргэлжилсэн үрэвслийн улмаас умайн хүзүүний эсийн орчин өөрчлөлгдөх зэрэг хавдрын өмнөх байдлуудаас үүсдэг. Дунджаар өмөнгийн өмнөх байдлаас өмөнд шилжихэд 2-15 жил болдог. Зарим үед 1-2 жил болох ч тохиолдол байдаг. Эхлээд хавдар зөвхөн умайн хүзүүг гэмтээх ба дараа нь аажмаар ойролцоох эд эрхтэн рүү ургаж эхэлдэг. Өвчний явц дунд хавдрын эс тунгалагын урсгалд орж ойролцоох тунгалагын зангилаанд үсэрхийлж хавдрын шинэ голомт үүснэ.
Шинж тэмдэг
Умайн хүзүүний өмөнгийн эхний үед шат нь ихэвчлэн мэдэгдэх шинжгүй явагддаг. Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгээр эрт үедээ оношлогдох нь олонтоо. Хэрэв эмэгтэй анхааралтай соргог байвал үтрээнээс цустай цайвар ялгадас гарсан байдаг. Хавдар том байх тусам бэлгийн хавьтлын дараа, хүнд юм өргөх, бургуйдах болон угаалга хийсний дараа үтрээнээс цусархаг ялгадас гарах шинж илрэнэ. Энэ шинж нь умайн хүзүү шархалж судас хагарснаас үүдэлтэй. Цаашдаа бага аарцгын мэдрэлийн сүлжээ хавдранд дарагдаж ууц, ахар сүүл болон бүсэлхий, хэвлийн доод хэсгээр өвддөг. Умайн хүзүүний өмөн бага аарцагны эрхтнүүдэд тархсанаар нуруу хөлөөр өвдөн, хөл хавагнаж, өтгөнөөр бие засах болон шээх үйл ажиллагаа алдагдана. Үтрээ болон гэдэсний цоорхой ч үүсч болно.
Оношлогоо
Умайн хүзүүний өмөнгийн оношлогоо эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгийн өрөөнөөс эхэлнэ. Эмэгтэйчүүдийн үзлэг хийж үтрээнд толь болон кольпоскопи тавьж умайн хүзүүний байдлыг шинжилдэг. Энэ шинжилгээний үед эд эсийн шинжилгээ авч шинжлэх бөгөөд сэжигтэй бол хавдрын эмч рүү явуулж үзүүлнэ. Умайн хүзүүний өмөнгийн эхний үед өвөрмөц сорил хийдэг. Түүнийг 40-өөс дээш насны эмэгтэйчүүд 2 жилд нэг удаа хийлгэж байх хэрэгтэй. Умайн хүзүүнээс тусгай савхаар наац авч тусгай будгаар будаж микроскопоор харна. Энэ аргыг, умайн хүзүүний арчдасын эсийн шинжилгээ, гэх ба англиар ярьдаг орнуудад Папаниколын сорил, АНУд pap smear гэж нэрлэнэ. Зарим үед эмч нар хэт авианы багаж ашигладаг. Мөн компьтерийн томографийг хэвлий болон аарцагны эрхтнүүдэд хийж, хавдрын хэмжээ ба үсэрхийллийн байрлал, ойролцоох тунгалагын булчирхайг шинжилнэ.
Эмчилгээ
Умайн хүзүүний өмөнгийн үед мэс засал, хими, туяа эмчилгээг хавсарч хийнэ. Эмчилгээ нь өвчний үе шат, умайн хүзүүний байдал, дагалдах болон үрэвсэлт өвчин зэрэг хувь хүний онцлогт тохирсон байна.Хагалгааны явцад хавдрыг умайн хүзүүний хэсэгтэй авах, умайн хүзүүг хавдартай цуг авах заримдаа умайтай нь авах эсэхийг шийднэ. Хэрэв тунгалагын зангилааг хавдар гэмтээсэн бол түүнийг бас авах шаардлага гардаг. Өндгөвчийг үлдээх асуудлыг өвчтөнд тохируулж шийдэх бөгөөд өвчний эрт үед үлдээж болно. Хагалгааны дараа өвчтөнд туяа эмчилгээг заавал хийнэ. Мөн умайн хүзүүний өмөнгийн үед хавдрын эсийн өсөлт, хуваагдлыг зогсоох үйлдэлтэй бодисоор хими эмчилгээ хийнэ. Харамсалтай нь энэ өвчний үед хими эмчилгээний боломж хязгаарлагдмал байдаг. Эмчилгээний үр дүн өвчтний нас, эмчилгээний сонголт, эрт оношлох зэргээс хамаардаг. Умайн хүзүүний өмөнг эрт оношловол ганцхан мэс заслын эмчилгээгээр эдгэх боломжтой эмгэг юм.
Хавдрыг умайн хүзүүний хэсэгтэй авах
Умайн хүзүүний өмөнгийн эрт үе болон хавдрын урьтал өвчний үед умайн хүзүүний гэмтсэн хэсгийг нь авах хагалгаа юм. Энэ хагалгааны үед умайн хүзүүний өөрчлөгдсөн хэсгийг нь л авдаг. Жирэмслэх чадвар алдагддаггүй.