Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мандалчуудын хүлээлт биеллээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 15.8 км хатуу хучилттай авто замын нээлт өнгөрсөн бямба гарагт боллоо. Нээлтийн  арга хэмжээнд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нар болон орон нутгийн удирдлагууд, бусад холбогдох албаны хүмүүс оролцов.

Энэхүү замыг концессийн гэрээгээр барьсан бөгөөд гүйцэтгэгчээр “Замын битум” ХХК, зөвлөхийн хяналтын баг “АЗЗҮ” ХХК-иуд тус тус ажиллажээ. Дотоодын компани барьж, товлосон хугацаандаа хүлээлгэн өгсөн 15.8 км хатуу хучилттай авто зам Зүүнхараачуудийн олон жилийн хүсэл байсныг энэ үеэр орон нутгийн удирдлагууд, иргэд онцолж байсан юм. Нийтдээ 10.8 тэрбум төгрөгийн өртөгтэй энэ авто зам ийнхүү ашиглалтад орлоо.

Д.Эрдэнэбат: Энэ онд Зүүнхараад 30 гаруй тэрбум төгрөгийн ажил хийгдсэн

/Аж үйлдвэрийн сайд/

-Зүүнхараачуудын олон жилийн хүсэл нь өнөөдөр биелж байна. Мандал сумын 15.8 км хатуу хучилттай авто замыг асар богино хугацаанд тавилаа. Энэ замыг барихад оролцсон УИХ-ын гишүүд, “Замын битум” ХХК-ийн хамт олон, аймаг, орон нутгийн удирдлагуудад баярлалаа гэж хэлмээр байна. Энэ зам Монгол Улсын Засгийн газрын концессийн гэрээгээр баригдаж байгаа замуудын нэг. Зүүнхараагийн хотжилтын хүрээнд хийгдэж байгаа маш олон ажлын нэг нь энэ удаагийн хатуу хучилттай зам юм. Хотжилтын асуудлыг дэд бүтэцгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ онд Зүүнхараад 30 гаруй тэрбум төгрөгийн ажил хийгдлээ.

Т.Бямбаа: Суманд 7.5-8 метрийн өргөнтэй зам тавилаа

/ “Замын битум” ХХК-ийн захирал/

-Концессын гэрээг энэ оны дөрөвдүгээр сард байгуулж, улмаар хяналтын баг томилогдсоны дараа буюу тавдугаар сард ажил эхэлсэн. Гэрээт хугацаандаа ашиглалтад өгч байгаадаа баяртай байна. Энэ зам 7.5-8 метрийн өргөнтэй. Монгол Улсын хэмжээнд суманд ийм өргөнтэй авто зам баригдсан тохиолдол байхгүй. Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн авто зам гэхэд л зургаан метрийн өргөнтэй зам шүү дээ. Өмнө нь гар аргаар барьсан бетонон зам байсныг шинэчилж барилаа.

Ц.Эрдэнэхүү: Урт удаан хугацаанд хүлээсэн асуудал биеллээ

/Иргэдийн хурлын дарга/

-Сэлэнгэ аймгийн Мандал суманд 15.8 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо. Энэ бол яах аргагүй Мандалчууд бидний олон жилийн хүсэл байсан гэдгийг онцолмоор байна. Учир нь Мандалчууд тэр тусмаа Зүүнхараачууд хэзээнээсээ ажилсаг, хөдөлмөрч ард түмэн. Зах зээлд эрт хөл тавьж, тарьсан ногоо, зөгийн бал, жимсээ Улаанбаатар болон бусад хот, суурин газрууд руу хүргэж, борлуулдаг. Мэдээж саадгүй бараа, бүтээгдэхүүнээ хүргэхийн тулд авто зам маш чухал байсан. Харин өнөөдөр бид 15.8 км замтай боллоо. Мандал сумын хувьд нийтдээ 40 гаруй км замын асуудал байсан. Үүний 15.8 км нь хатуу хучилттай болсонд туйлын баяртай байна.  Цаашид Улаанбаатар хоттой холбогдох авто замын асуудал бүрэн шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Авто замын ажил богино хугацаанд чанартай хийгдсэн. Аж үйлдвэрийн сайдын хичээл зүтгэлээр Мандалчууд замтай боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан