Б.БААТАР
Украины асуудлаас болж ОХУ-ын эсрэг АНУ, Их Британи тэргүүтэй барууны орнууд эдийн засгийн хориг болон бүс нутгийн хязгаарлалт, олон улсын эрх дархыг нь хасах шийдвэр гаргаж байсан үе саяхан. Гэвч уржигдар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин НҮБ-ын 70 жилийн чуулган дээр үг хэлсний дараа дэлхийн улс орнуудын байр суурь 360 хэм өөрчлөгдсөн мэт болжээ. Учир нь, Сирийн газар нутаг, Башар Аль Асадын төрийн эрхийн асуудлаар хатуу байр суурьтай байсаар ирсэн барууны орнууд ОХУ-ыг даган Сирид цэргийн ажиллагаанд туслах хүсэлтэй, хамтран ажиллах сонирхолтой болсон талаар эх сурвалжууд мэдээллээ.
Мөн талууд ОХУ-ын агаарын довтолгоо, цэргийн ажиллагааг хүлээн зөвшөөрсөн төдийгүй хамтран эвсэл байгуулах санал дээр ч өөрсдийн байр суурийг илэрхийлсэн үйл явдал боллоо. Энэ үйлдэл, санал бодлоо барууныхан “лалын дайчдын эсрэг” гэж тайлбарлаж байгаа юм байна. Ойрх Дорнодод болж байгаа иргэний дайныг зогсоохын тулд Франц Москвагийн байр суурийг сайн ойлгож байгаагаа илэрхийлж, бүхий л боломж бололцоогоо ашиглан лалын дайчдыг устгах ажилд өөрсдийн хувь нэмрийг оруулахыг хүсэж байгаа гэжээ. Гэхдээ мэдээж, Сирийн эрх баригчдын зөвшөөрөлтэй энэ ажиллагаа явагдах нь ойлгомжтой юм.
Сирийн газар нутагт ОХУ-ын танк, хуягт зэвсгүүд нэвтэрч, эрэг дээр нь ОХУ-ын байлдагч, сөнөөгч онгоцнууд тулж ирсэн энэ цаг мөчид “лалын дайчдын эсрэг шинэ анти терроризмын эрин үеийн эхлэл” гэх зүйл барууны хэвлэлээр цацагдах болов. Сири дэх олон улсын дипломатууд ОХУ-ын тусламжтайгаар аюулгүй газар байх боломжтой болж байгааг ч мөн хэвлэлийнхэн өгүүлээд цаашид Сирийн нутагт ОХУ том байр суурь эзлэх нь тодорхой болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн бололтой.
НҮБ-ын энэ жилийн чуулга уулзалтын хүрээнд Ираны цөмийн эрчим хүчний асуудлыг зургаан талт улс орнууд харилцан шийдэж чадсан үйл явдал нь томоохон давуу тал болон, өнгөрсөн жилийн ололт гэдгийг тоймчид дүгнэн ярьсаар байна. Харин одоо Ойрх Дорнодын хямралыг шийдэх ажил үлдээд байгаа аж. НҮБ-ын энхийн төлөвлөгөө, энх тайвны тогтвортой байдлын төлөө улс орнууд нэгдэж эхэлсэн нь сайхан байгаа талаар ч Бан Ги Мүн онцолсон билээ. Болж байгаа үйл явдлын талаар Франц улсын Гадаад хэргийн сайд Лаурент Фабиус “Лалын дайчдын эсрэг тулаанд юу чухал вэ гэхээр хэвлэлээр дайрах биш. Харин жинхэнэ дайралт хийх явдал” хэмээн ярьсан байна. Тэрээр ОХУ-ын цэргийн ажиллагааны талаар “Бид ОХУ-ыг хичнээн хэмжээний цэргийн хүчээр Сирид агаарын довтолгоо явуулах гэж байгааг мэдэхгүй байна. Мөн цэргийн тоо баримтыг олон нийтэд дэлгэрэнгүй болгохыг хүсэж байгааг хүлээн авна уу” хэмээн цохон тэмдэглэсэн аж.
Сирийн Засгийн газрын эсрэг тэмцэж байгаа дайчид одоогоос дөрвөн жилийн өмнө Башар Аль Асадын Засгийн газрыг нураахыг хүсэж байсан босогчид гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ Лалын дайчид нэртэй террорист бүлэглэл бий болсноос хойш Сирийн иргэний дайн олон улсын шинж чанартай бүс нутгийн аюулгүй байдалтай холбоотой асуудал болон хувирсан. Тиймээс ОХУ-ын Сирийн иргэний дайнд хөрш орон шиг цэрэг оруулж байгаа үйл явдал нь жаахан таагүй уур амьсгал бий болгож байгааг нуух ёсгүй талаар барууны ажиглагчид тайлбарласан байна.
В.Путин Сирийн асуудлаар нэг л тодорхой зүйл ярьсан. Сири бол ОХУ-ын холбоотон орон. Ойрх Дорнодод үүсээд байгаа цэргийн хүчин болох лалын дайчид нь газар нутгаа тэлж, хэн нэгнээс дэмжлэг авсаар улам аюултай байдал үүсээд байна. Мөн Башар Аль Асадын Засгийн газар, эрх барих бүрэн эрхийн дагуу ОХУ тусалж байгаа мэт ойлголт байгаа нь үнэн. Мөн В.Путин Асадыг “Лалын дайчдын эсрэг тэмцэж байгаа цэргийн томоохон хүчний нэг хэсэг” хэмээн өмөөрсөн. Хэдийгээр Асад Сирийн төрийн эрхэнд удаан хугацаанд суухгүй ч гэсэн улс орноо террористуудаар дүүргэсэн байдалтай үлдээхийг хүсэхгүй байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Тийм ч учраас ОХУ-тай хамтран лалын дайчдын эсрэг, зэвсэгт босогчдын эсрэг үйл ажиллагаа явуулах боломж олгосон.
НҮБ-ын зүгээс Башар Аль Асадыг хүн төрөлхтний эсрэг үй олноор нь устгах зэвсэг хэрэглэсэн, гэмт этгээд гэж үзсэн хэвээр байгааг Франц улсын Гадаад хэргийн сайд дахин сануулсан. Гэхдээ В.Путин Сирийн талаар ойлголтыг өөрчлөхийг оролдож байгаа нь тодорхой болжээ. Сирийн газар нутагт АНУ, ОХУ-ын эрх баригчид хамтран цэргийн ажиллагаа явуулах боломжтой талаар өчигдөр хоёр улсын тэргүүн мэдэгдсэн юм. Гэвч ОХУ голлох байр суурьтай байх нь ойлгомжтой. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Сирийн талаар “АНУ Сирийн газар нутагт зөвхөн лалын дайчдын эсрэг үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэдгийг ойлгох ёстой. Бид ч гэсэн лалын дайчдын эсрэг тэмцэж байгаа улс орнуудын тэргүүн эгнээнд байсаар байгаа” хэмээн өөрсдийн байр суурийг далд утгаар илэрхийлэв.
Ингээд Франц, АНУ, Их Британи, Итали, Австрали, Испани зэрэг томоохон улс орнууд ОХУ-ыг дэмжихээр боллоо. Гэхдээ Украины асуудлаар биш харин Сири дэх лалын дайчдын эсрэг үйл ажиллагаа явуулах тал дээр. Жон Керри өөрийн мэдэгдлийн эцэст “Бид бүхэн Сирийг нэг бүхэл зүйлээр харж байгаа бол дэлхийн улс орнууд Сирид тулгараад байгаа лалын дайчдын асуудлыг шийдэхийн тулд ийнхүү санал нэгдсээр байна” хэмээн “зусардав”.
Харин одоо Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асадын ирээдүйн талаар хэвлэлүүд ийнхүү бичиж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Сирийн Ерөнхийлөгчийн ирээдүйн талаар уулзалтын дараа тухтай ярилцах болно гэдгийг онцолжээ.
Харин Барак Обама Башар Аль Асадын эсрэг байр суурьтай байгаа хэвээр гэдгээ өөрийн илтгэл дээр онцлон тэмдэглэсэн. Тэрээр “Лалын дайчдыг сөнөөхийн тулд Сирийн шинэ Засгийн газар, шинэ улс төрийн хүчин байж энэ бүхнээс ангижрах болно. Энэ нь терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа Сирийн шинэ эхлэл тавигдах цаг ирсэн” гэх утгатай зүйл ярьжээ. Барууны орнууд, тэр дундаа АНУ Сирийн одоогийн төр Засгийг хүлээн зөвшөөрөхгүй байсаар байх болно гэдгийг Обамагийн өгүүлбэрүүд батлан харуулсан.
Өчигдөр орой ОХУ, БНХАУ, ИХ Британи, Европын холбооны төлөөлөгч нар, ХБНГУ, АНУ зэрэг зургаан талын хүчин Сирийн асуудлыг авч хэлэлцэхээр уулзалт зохион байгуулсан. Талууд Сири дэх жинхэнэ нөхцөл байдлыг талаар үнэн бодит мэдээлэл хаанаас авч болохыг уулзалтын өмнө тодруулахыг шаардсан. Мөн тал талын мэдээ баримтуудыг уулзалтаар дэлгэн хэлэлцэх талаар Ройтерс агентлаг мэдээлсэн юм. Европын холбооны 28 улс орны төлөөлөгч мэдэгдэхдээ Сирийн төр Засгийг арай дипломат аргаар асуудалд хандах цаг ирсэн талаар холбооны байр суурийг товчхон илэрхийлсэн. Улс орнууд ийнхүү лалын дайчдын эсрэг арга хэмжээ явуулах бүхий л боломжит байдал зэргийг судалж дууссан, одоо талууд хэлэлцэж шийдвэрт хүрэх л үлдсэн гэдгийг ажиглагчид уламжиллаа. ОХУ-ын талаар аюулгүй байдлын зөвлөлийн 15 гишүүн оролцох талаар мэдэгдэж, уулзалтын хаалттай, нээлттэй байдлаар явуулах гэдгийг албаныхан хэлсэн.