Хэт чанга, түрэмгий, өндөр хэмнэлтэй дуу авиа нь хүний дотр эрхтэнд сөрөг нөлөөлдөг. Эмч нар газар хөдлөх, байшин нурах, цасан нуранги гулсаж байгаатай адил нүргэлсэн нам давтамжтай авиатай, нам давтамжтай бичигддэг аястай дуу хөгжим хүний биед хамгийн сөргөөр нөлөөлдөг гэж үздэг. Учир нь, нам давтамж гарах нь ямагт аюул дагуулдаг гэдгийг хүн олон мянган жилийн турш үе дамжуулан генийн санах ойндоо биччихсэн байдаг тул удаан сонсох нь тамирдах, сульдах, сэтгэл гутрах гэсэн таагүй үр дагаварт хүргэдэг.
Үүнээс гадна нам давтамжтай дуу авиа нь янз бүрийн булчирхайн үйл ажиллагааг алдагдуулсны дааврын буюу гормоны тэнцэл алдагдах таагүй нөлөөтэй. Жишээлэхэд, цусан дахь инсулины хэмжээнд нөлөөлснөөр чихрийн шижин үүсэхэд нөлөөж магадгүй, сэтгэл санааны түвшинд байнгын айдсыг давж гарах гэсэн чармайлт нь өөрийгөө удирдах чадварыг үгүй хийж, шалтгаангүй түрэмгий авир үүсгэнэ.
Мөн элдэв таагүй утга агуулсан хараал зүхлийн үгс хүнд маш муу нөлөөлдөг. Дээр хэлсэнчлэн хүний гаргаж байгаа дуу авианы 20 хувь нь гадагшаа бусад 80 хувь нь дотогш чигэлж байдаг тул элдэв хараалын үг хэлж байгаа хүн юуны өмнө өөртөө хор хүргэж байдаг.
Машин унаа, барилгын дуу чимээ, хөрөөний хяхарсан дуу гэх мэт хүний техникийн гаралтай дуу чимээ нь хүнд мөн л таагүй нөлөөлдөг. Ийм чимээнд тогтмол удаан байх нь ядаргаа, сульдаанд хүргэж, шалтгаангүй түгшүүрийн байдал бий болгодог. Том хот суурийн газар аж төрдөг хүмүүсийн дунд дүлийрэл нь хөдөөгийн орон нутгийн оршин суугчдын дундахаас илүү олон удаа тохиолддог нь үүний жишээ.
Манай хотод зүгээр л байна шүү дээ гэж болох ч Улаанбаатар түүхэндээ хэзээ ч ингэж их нүргэлсэн дуу, шуугиантай, олон хүнтэй, олон барилгатай байгаагүй, зөвхөн сүүлийн хориод жилийн дотор л ийм болсон гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр үр дагавар нь илэрч гарах арай болоогүй байгаа хэрэг. Иймд энд дурдагдсан таагүй дуу авианаас аль болох зайлсхийхийг хичээгээрэй. Чихээ амраахын тулд гэртээ ирээд утсаараа байгалийн дуу авиа сонсоход л хангалттай шүү дээ.