Л.БАТБААТАР
Маргаашаас дулааны шугам сүлжээнд холбогдсон аж ахуйн нэгж, байгууллагад халаалт өгнө. Энэ талаар Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Техникийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Пүрэвжамцаас зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ жилийн өвлийн бэлтгэл ажилд зориулж хэчнээн төгрөгийн засварын ажил хийж гүйцэтгэсэн бэ?
-Манай байгууллага энэ жил 26 нэр төрлийн их засварын ажлыг 1.2 тэрбум төгрөг зарцуулж гүйцэтгэсэн. Нэг тэрбум төгрөгийн өртгөөр 391 нэр төрлийн урсгал засварын ажил хийлээ. Нийтдээ 2.2 тэрбум төгрөгийн их болон урсгал засварын ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөсний дагуу ажилласан. Есдүгээр сарын 27-ны байдлаар Их засварын ажлын гүйцэтгэл 95 хувьтай, урсгал засварын гүйцэтгэл 93 хувьтай байна.
-Аж ахуйн нэгж байгууллагад халаалтыг маргааш өгнө. Гэхдээ өнөөдрийг хүртэл халаалтгүй байгаа орон сууц ч мэр сэр байна.
-Аж ахуйн нэгж байгууллагуудад халаалт өгөхөд хүндрэл байхгүй. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар Улаанбаатар хотын нийт орон сууцны 70 хувь буюу 1360 байр хариуцдаг. Үлдсэн 30 хувийг хувийн хэвшлийн байгууллага хариуцаж ажилладаг. 1360 байрны 1272 байранд халаалт өгсөн байгаа. Мөн 47 сургууль, 76 цэцэрлэгт халаалт өгсөн.
Халаалтад хамрагдаагүй байрууд ч бий. Учир нь, “Толгойт 88” Сууц өмчлөгчдийн холбооны хариуцдаг “Дангийн 10 байр” гэж байдаг. Манай байгууллагад “Толгойт 88” СӨХ нь 18 сая төгрөгийн өртэй. “Дангийн 10 байр”-ны гаднах шугам гэмтэлтэй учраас халаалт өгөх боломжгүй. Туул жин пангийн ойролцоо байрлах “Урьдчилан дамжуулах 22 дугаар төв” нь шинэ барилга барьж буй учраас зэргэлдээ хоёр байранд халаалт одоогийн байдлаар өгөөгүй байна.
Маргааш аж ахуйн нэгж байгууллагад халаалт өгөхөөр Амгалангийн дулааны станцыг өчигдрөөс ажиллуулж эхэлсэн. Амгалангийн цахилгаан станцаас Улаанхуаран орчмын байруудад халаалт түгээнэ. Ингэвэл хотын үндсэн сүлжээнд бага ачаалал үзүүлж, халаалт жигдхэн хэвийн байх болов уу гэж үзэж байна.
-Сууц өмчлөгчдийн холбоо гэж байгууллага бий. Энэ байгууллага орон сууцны аль хэсгийн шугам сүлжээг хариуцдаг юм бэ?
-“Дундын өмчлөлийн тухай” хуульд тухайн байрны дундын өмчлөлийн бүх тоног төхөөрөмжийг СӨХ хариуцна гэж заасан байдаг. СӨХ нь орон сууцны хонгилд байх тараалтын магистрал шугамыг хариуцна.
Давхар хооронд явсан босоо шугам нь хувийн өмч. Орон сууцны узель хүртэл болон гадна талын инженерийн шугам сүлжээг манай байгууллага хариуцна. Манай байгууллага хавар, намрын улиралд төлөвлөгөөт үзлэг гэж хийдэг.
Үзлэгээр илэрсэн гэмтлийг засах шаардлага СӨХ-д тавьдаг боловч, хэрэгжүүлдэггүй. Жишээ нь 30 ширхэг хаалт соль гэсэн шаардлага тавихад аравыг нь сольсон болсон байдаг. Ингэхлээр нэг айл ус алдахад магистрал шугамаар нь хааж болдоггүй. Усыг заавал байраар нь хааж байж гэмтлийг засдаг.
Орон сууцны хонгилд хулгана, жоом үржиж байгаа бол СӨХ-ны хариуцлагагүйнх. Орон сууцны подваль түрээслүүлэх болохоор СӨХ-ны өмч болчихдог. Подваль дотор ус алдах, бохир халихад контор хариуцах болдог. Ийм хариуцлагагүй жишээ олон бий. “Дундын өмчлөлийн тухай” хуульд ноль түвшин буюу подвалийн шалнаас дээшхи нь СӨХ-ны өмч гэж заасан.
-Улаанбаатар хотод өндөр барилгууд их баригдах болсон. Эдгээр байрны халаалтыг хэрхэн зохицуулдаг вэ?
-Халаалт түгээх гурван хэлбэр байдаг. Дээрээс, доороос, дундаас нь хоёр тийш тарааж түгээх гэж. Манай хуучны угсармал байрууд бол ихэвчлэн дээрээс, доороос түгээх зарчмаар халдаг. Сүүлийн үед баригдаж буй З0-аас дээш давхар байрууд хэсэгчилсэн түгээлттэй. Зарим нь дээрээс, нэг хэсэг нь доороос гэх мэт. Өндөр байрны дунд ялтсан бойлуур тавьж, дээшээ халаадаг болсон. Манай барилгын салбар хөгжиж буйтай холбоотойгоор ийм технологи нэвтэрч байгаа болохоос биш, хуучны байрууд бол дээрээс юм уу, доороос л халуунаа түгээдэг.
-Эдгээр түгээлтийн зарчимд ялгаа байдаг уу. Жишээ нь, түгээлт эхэлж буй хэсэгт сайн халуун өгдөг ч юм уу?
-Дээрээс түгээлттэй 18-ын ачаалалтай хуучин угсармал байрны халаалт нь гал тогооны өрөөнөөс эхэлж, том өрөөгөөр дамжин буцаж эргэдэг. Эсвэл том өрөөнөөс эхэлж, гал тогоогоор буцаж эргэдэг. Үүнийг оршин суугчид энэ хэсэг нь сайн халж байхад, нөгөө өрөө яагаад сайн халахгүй байна гэж гомдол тавьдаг. Халаалт доголдох шалтгаан олон янз. Заавал төвлөрсөн дулаан хангамжийн байгууллагаас шалтаг хайхаас илүүтэйгээр хэрэглэгчид өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй. Манайх л халуун байвал боллоо. Манайхаас цааш явсан шугамыг солиулахгүй гэдэг хэрэглэгч ч байдаг.
-Өвлийн ид ачааллын үед газар доорх шугам хагардаг. Энэ юутай холбоотой вэ?
-Гаднах агаарын даралт нэмэгдэхээр температурын өөрчлөлт явагдана. Температур нэмэгдэхээр 50, 60 жилийн насжилттай шугамууд ачааллаа даахгүй улмаас хагардаг. Нийт шугам сүлжээний 40-50 хувь нь 50-иас дээш жилийн насжилттай. Жилд дунджаар дөрвөн тэрбум төгрөгөөр засварын ажил хийж, шугам сүлжээнийхээ 5-6 хувийг л шинэчилдэг. Шугам сүлжээний 70 хувь нь 50-иас дээш жилийн насжилттай байсан. Үүнийг сүүлийн гурван жилийн засварын ажлаар 20 хувиар бууруулж, 40-50 хувь болгосон.