Испани улсын түүхэнд каталоничууд салан тусгаарлах асуудал хэд хэдэн удаа хөндөж байсан ч бүх нийтийн санал хураалт, эрх баригчдын дэмжлэг дутуу байсан нь үнэн. Гэвч тэд өнгөрсөн амралтын өдөр бүх нийтийн санал хураалт явуулж, салан тусгаарлах асуудлаа шийдэж чадлаа. Эцсийн шийдвэр хараахан гараагүй ч салан тусгаарлах бүхий л боломж бололцоо байгаа тул нэгдсэн шийдвэрт хүрсэн тухай эх сурвалжууд мэдээлсээр байна.
Каталонийн парламентын бүх нийтийн санал хураалтаар салан тусгаарлах хүсэлтэй бүлэг нийт 135 суудлын 72-ыг авч дангаараа Засгийн эрхийг атгаж чадлаа. Ингээд Испани улсаас салан тусгаарлах хүсэл эрмэлзэлтэй улстөрчид Засгийн газрыг дангаараа бүрдүүлэх боломжтой болж буй. Испанийн төв Засгийн газрын дунд каталоничуудын салан тусгаарлах үйл ажиллагааны талаар хэлэлцэх чухал түүхэн эрин үе ирээд байгааг ажиглагчид онцолсоор байна.
Цаашдаа каталоничууд салан тусгаарлах нь тодорхой боллоо гэдгийг Испани улсын өнцөг булан бүрт ярьж эхлэв. Үүнийг дагаад Европын холбоо ч асуудлыг анхааралдаа авч, НҮБ-ын хурал зөвлөгөөн дээр каталоничуудын тусгаар тогтнолын асуудлыг хэлэлцэж магадгүй байдал үүсчээ. Испанийн Ерөнхий сайд Мариано Ражой бүх нийтийн санал хураалтын өмнө каталоничуудын асуудлыг гурван сараар хойшлуулах санал шүүхэд өргөн барьсан удаатай.
Хэрэв салан тусгаарлах үйл ажиллагаа олон улсад хүлээн зөвшөөрөгдөх юм бол бэлтгэл ажил эхлэх бөгөөд газар нутгийн төлөөх хэлэлцүүлэг хамгийн их асуудал дагуулж болзошгүй хэмээн ажиглагчид таамаглав. Мэдээж салан тусгаарлах үйл ажиллагаа Испани улсын эдийн засагт хүчтэй цохилт өгөх нь ойлгомжтой. Учир нь Испанийн ДНБ-ий 25 хувийг дангаар бүрдүүлдэг мужаа тус улс алдахыг хүсэх нь юу л бол. Тиймээс дээрхээс эхлээд шийдвэрлэх зүйл олон байгааг урьдчилан харж болох тухай тоймчид бичиж байна.
Испанийн Үндсэн хуулийн цэц салан тусгаарлах үйл явцыг 100 хувь эсэргүүцээгүй учраас магадгүй хөгжингүй, ардчилсан оронд салан тусгаарлах үйл явц хэрхэн өрнөдөг вэ гэдгийг харж болох таатай байдал үүссэн байж болох тухай дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд онцолсоор. Сири, Украин гээд салан тусгаарлах үйл ажиллагаанаас болж иргэний дайны хөлд нэрвэгдэж, зэвсэгт мөргөлдөөн гарсан олон жишээ өнөөдөр дэлхий нийтийн толгойн өвчин болоод буй. Испани улсад хэрэв каталоничууд салан тусгаарлах юм бол дэлхийд нэгэн шинэ өнгө төрхийг харуулж магадгүй тухай тэд тооцоолж байгаа билээ. Хэвлэлүүд “Ардчилсан оронд иргэдийнхээ аюулгүй байдалд санаа тавин, тал талаасаа хүндрэл учруулахгүй байхаар салан тусгаарлах ажиллагааг хэрхэн өрнүүлэх юм бол” гэж нийтлэлүүдээрээ дамжуулан асуусаар байна.
Энэ удаагийн санал хураалтаар цэвэр салан тусгаарлах үйл ажиллагааг дэмждэг “Юэнтс пел Си” буюу “бүгд тийм” нэртэй бүлэг 62 суудал авч чадсан нь Испани улсын хувь заяаг өөрчлөх том алхам боллоо гэж хэлж болох. Үлдсэн 10 суудлыг жижиг зүүний нам, бүлгийн гишүүд авсан нь түүхэн үйл явдал болж байгааг “Ройтерс” агентлаг мэдээллээ. Каталоничууд бүхнийг мөнгө, санхүүгийн байдлаар шийдэж чадах юм шиг төсөв бүрдүүлж, бие даасан санхүүгийн чадамжинд суурилан салан тусгаарлах үйл ажиллагааг эхлүүлж байгаа нь үнэн. Тиймээс энэ асуудал дээр газар нутаг гэхээс илүүтэй Испани улсын санхүүгийн байдал олон хүний санааг зовоож буй. Испани улсын төсвийн том орон зай алга болсон тохиолдолд Европын холбооны “тогоо руу өнгийх” нь ойлгомжтой талаар ажиглагчид дүгнэв.
Тусгаар тогтнох хүсэлтэй каталоничуудын хувьд цэрэг арми, боловсрол, дэд бүтэц гээд бүх зүйл нь бэлэн байгааг сэтгүүлчид онцолсоор байна. Шинэ каталонийн бодлого ямар байх нь мөн л асуудал, сэдэв болон хөндөгдөж буй. Барселона дахь каталоничууд “ардчилсан мандат” буюу салан тусгаарлах үйл ажиллагааг дэмжих олон арга хэмжээ зохион байгуулж, бодлого явуулж эхэлсэн гэдгийг хэвлэлүүд мэдээлж, ард иргэд ч бэлтгэл хангах ёстойг өгүүлжээ. Ардчилсан нийгэмд өөрийн санал, иргэний харьяаллаа өөрчлөх бүрэн эрх бий гэдгийг албаныхан анхааруулсаар байгаа. Учир нь Испани улсын иргэн байх уу, салан тусгаарлах гэж байгаа каталоничуудын талд зогсох уу гэдэг нь тухайн хүний эрх гэдгийг ялалт байгуулсан каталоничууд өөрсдийн цахим хуудсаар дамжуулан цацсаар байна.
Барселона хотод баярын уур амьсгал ороод байгаа юм байна. Салбар болгоны төлөөлөл Барселона хотод хэвлэлээр өөрсдийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, үндэстэн дагасан салан тусгаарлах үйл явц сүүлийн хэдэн 10 жилд болж байгаагүй гэдгийг онцолж, энэ бол түүхэн цаг мөч хэмээн дэлхий нийтэд ойлгуулсаар байгаа тухай “Евро Ньюс” агентлаг мэдээлэв. Тус агентлагийн мэдээнд “ нэг үндэстэн салан тусгаарлах том хариуцлагын өмнө ийнхүү тулж ирээд байгааг Барселоны каталоничууд зарлан бусад оронд ч эрх чөлөөгөө тэдэнтэй адил эдлэхийг хүсэж байгаа олон хүн бий тухай таксины жолооч залуу Альберт Ллорент ярьжээ” гэж дурджээ.
Харин Испани улсын хувьд газар нутгийнхаа дөрөвний нэгийг алдаж магадгүй үед тулгараад байна. Хэдийгээр каталоничууд салан тусгаарлана гэдэгтээ итгэлтэй байгаа ч испаничууд эцсийн шийдвэрт хамгийн том нөлөө үзүүлнэ. Бусад орны үндэстнүүд ч дээрх үйл явдлыг анхааралтай ажигласаар байна. БНХАУ-ын харьяанд буй тайваничууд, өвөрмонгол, шинжаан уйгур, түвдийн ард иргэд, Их Британийн шотландууд, палестинчууд, Сири, Ирак болон Йемен дахь курдууд, Украины Крым дахь орос иргэд, Өмнөд суданчууд гээд дэлхий нийтийн анхаарлыг бүхэлдээ каталоничууд татан, хувь заяагаа өөрчлөх эхлэлийг тавихад тун ойрхон байна. Магадгүй каталоничууд тусгаар улс боллоо гэж төсөөлөх юм бол дээрх үндэстэн ястнуудад дор бүрнээ боломж байгаа гэх итгэл төрж түүхэн “Хувьсгал” хийхийг үгүйсгэхгүй. Нөгөө талаар Испани улсаас салан тусгаарлах юм бол бусад орнуудад зэвсэгт мөргөлдөөн, терорист үйл ажиллагаа дагуулах нэгэн жишээ ч болж болзошгүй гэдгийг улс төр шинжээчид бичиж эхлэв.
Ирэх арванхоёрдугаар сард Испани улсад парламентын чухал сонгууль болно. Сонгуульд энэ удаа ялалт байгуулсан каталонийн салан тусгаарлах асуудлыг дэмждэг гишүүд хүчтэй өрсөлдөгчөөр орж ирэх нь тодорхой. Тиймээс оны өмнө каталоничууд Испани улсаас тусгаарлаж, Үндсэн хуулиа батлах уу гэдэг ерөнхий дүр зураг харагдах ёстой. Каталоничуудын төв нь Барселон хот гэж нэрлэгддэг бөгөөд 5.3 сая хүн оршин суудаг. Энэ нь нийт каталоничуудын 70 хувь. Барселон аймаг гэж хэлж болох бүс нутагт Жирона Льейда болон Таррагона гэж дөрвөн үндсэн бүсэд хувиарлагддаг үндэстнүүд. Нийт хүн амын 46.53 хувь нь испани хэлээр ярьдаг бөгөөд каталони хэлээр 37.26 хувь нь нэвтрэлцдэг. Мөн зарим жижиг тосгон, хотуудаар окситан хэлээр ярьдаг. Барселон болон Таррагона нь Газар дундын тэнгистэй нээлттэй хоёр том усан боомттой бөгөөд Франц улстай хил залгаа байдаг. Газарзүйн энэ байрлал нь маш тустай гэж Испани улсын эрх баригчид үздэг тохиолдол бий. Тиймээс салан тусгаарлах асуудал дээр талууд маш хянуур, болгоомжтой хандах ёстой гэдгийг өнгөрсөн 2012 онд болсон бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал харуулсан удаатай билээ.