Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нуусан хөрөнгөө ирэх сарын 1-нээс илчилж, эрхзүйн баталгаа авч болно

Б.БИЛГҮҮН

Далд эдийн засгийн суурь ойлголтод “татварын олон төрлүүд болоод нийгмийн хамгааллын шимтгэл нь далд эдийн засаг өсөхөд нөлөөлдөг”гэж бичигдсэн байгаа юм. Манай улсын хувьд чухам ямар төрлийн дарамт эдийн засагт нөлөөлж,тоо баримтуудыг гажуудуулж байгаа нь тодорхой бус ч хэт өндөр буюу ДНБ-ний 37-41 хувьтай(Өнгөрсөн оны эцсээр ДНБ 7.8 тэрбум ам.доллар байсан) тэнцэх хэмжээний далд эдийн засаг байгаа гэж үздэг. Гэхдээ энэ тийм ч чухал асуудал биш. Улс болгонд байдаг асуудал гэж үзвэл, манай улсын хувьд далд эдийн засаг тэлэх болсон шалтгаан нь юу вэ, томоохон пүүс компаниас эхлээд жижиг аж ахуйн нэгж, хувь хүн Үндсэн хуульд заагдсан татвар төлөх үүргээ яагаад биелүүлэхгүй байгаа вэ, гэдэг нь асуудлын гол юм. Гэвч Засгийн газар, УИХ энэ асуудлын зангилааг олохоос илүүтэй, 2012 оноос хойш нуун дарагдуулсан хөрөнгө, үл хөдлөх хөрөнгөө мэдүүлбэл эрүүгийн болон эрхзүйн хариуцлагаас, бүр төлөөгүй татварыг ч нөхөн авахгүй хэмээн татварын суурь баазыг өргөтгөх талаар түлхүү анхаарч ирсэн юм. Энэ хүрээнд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг гурван ч удаа өргөн барьсан ч УИХ дээр унасан. Энэ нь эдийн засгийн тоо баримтуудыг цэгцлэх, татварын суурь баазыг өргөтгөх гэхээс илүүтэй томоохон бизнесмэнүүдтэй сүлбэлдсэн эрх баригчдын лобби түлхүү байсантай холбоотой.

Харин Ч.Сайханбилэгийн Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслөөс Авлигын эсрэг хууль үйлчилдэг албан тушаалтнуудыг хассанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг дэмжсэн байдаг. Ингээд Засгийн газар хууль хэрэгжих журмаа баталж, одоогоор хуулийн үйлчлэлийн хүрээг өргөтгөх тал дээр анхаарч байна. Бараг хуулийн амин сүнс болсон энэ ажилд 8000 гаруй хүн дайчлагдаж, зарим нь нууцын гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.

Бэлтгэл ажлаа базааж дууссан

Тэгвэл хуулийн хэрэгжилтийг хангах бүх л бэлтгэл ажлыг базаасан гэж Сангийн яам тэргүүтэй татвар, гааль, улсын бүртгэл болон нийгмийн даатгалын газраас мэдээллээ.Ингэснээр хувь хүн хуулийн этгээд ирэх сарын 1-ний өдрөөс эхлээд нуун дарагдуулсан хөрөнгөө ил болгож, эрхзүйн баталгаа авах боломжтой болж байгаа юм. Тухайлбал, хуульд хамрагдсан хувь хүн, хуулийн этгээдийн мэдээллийг нууцалж байгаа бөгөөд эрүүгийн, захиргааны шийтгэл оногдуулахгүй, гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг хуульчилсан билээ.Харин хуульд хэрхэн хамрагдах талаарх мэдээллийг www.iltod.mta.mn цахим хуудсанд хандсанаар авч болох юм байна.

Гаалийн Ерөнхий газрын дарга О.Ганбат: Бүрдүүлэлтийн дараах шалгалтыг зогсоосон

Хувь хүн, хуулийн этгээд анх бараа таваар оруулж ирсэн боомт дээрээ очоод харьцсан гаалийн байцаагчид буруу, зөрүү мэдүүлсэн мэдүүлгээ шинэчлэн өгч болно. Гэхдээ  энэ нь иргэдэд хүндрэл үүсгэх байх. Жишээ нь, Баян-Өлгий аймгийн боомтоор бараа оруулж ирсэн хүн мэдүүлгээ шинэчлэхийн тулд Баян-Өлгий орох болчихоод байгаа юм. Тиймээс бид Гаалийн Ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газар дээр тусгай нууцлал хүлээх үүрэг бүхий гаалийн улсын байцаагч томилон ажиллуулахаар болсон. Ингээд энэ хоёр газарт мэдүүлгийг төвлөрүүлж байгаад боомтууд руу явуулна. Хэрвээ иргэд өөрсдөө хүсэх юм бол хилийн боомт дээр очиж, гаалийн мэдүүлгээ шинэчлэн өгч болно. Мөн иргэд импортын бараа оруулж ирэхдээ гаалийн үнийг бууруулах, бараа таваарын тоо хэмжээг буруу мэдүүлэх тохиолдол гардаг. Үүнээс үүдээд татварын өрөнд орох тохиолдол бий. Энэ мэт зөрчлийг илрүүлэхийн тулд Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрыг ажиллуулдаг. Энэ газарт шалгалт явуулсны дараа тухайн зөрчлийг илрүүлж, торгууль ногдуулдаг. Тэгвэл бид энэ шалгалтыг ирэх арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл түр зогсоосон байгаа.

Сангийн дэд сайд С.Пүрэв: Нууцын гэрээтэй ажилчид ажиллана

Энэ хуульд хамрагдах хөрөнгө орлого, үйл ажиллагааг ил болгосон хувь хүн, хуулийн этгээдийн холбогдох мэдээлэл нь улсын нууцад байна гэдгийг хуульд зааж өгсөн байгаа. Хууль хэрэгжүүлэхтэй холбогдох мэдээллийг ирэх сарын 1-нээс авч эхэлнэ.Ер нь, өнөөдрөөс хууль албан ёсоор хэрэгжиж байгаа гэж хэлж болно. Мөн татварын, нийгмийн даатгалын, улсын бүртгэлийн, гаалийн, санхүүгийн асуудлаар мэдээлэл авах тусгай утасны дугаар ажиллуулж байгаа. Ажилтнууд нь нууцын баталгаа гаргасан учраас мэдээлэл задрахгүй.

Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав: Шинэчлэлийн өмнөх бүртгэл гэж ойлгож болно

УИХ-ын намрын чуулганаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Татварын Ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай зэрэг хуульд өөрчлөлт орно. Энэ бол бизнес эрхлэгчдийг хялбар байдлаар бүртгэх, тайлан гаргах шинэчлэлийн эхлэл. Тиймээс энэ системийн өөрчлөлтийн өмнө улс даяараа санхүү бүртгэлээ шинэчлэх нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн гол мөн чанар гэж үзэж байгаа.

Татварын Ерөнхий газрын дарга Б.Ариунсан: Оны эцэст татварын бүрдүүлэлт 410 орчим тэрбум төгрөгөөр тасрах тооцоо гарсан

Зах зээлд шилжсэн 25 жилийн хугацаанд олон хууль ар, араасаа гарсан.Үүнтэй холбоотойгоор зарим нэг хууль зөрчилдөж, зарим зүйл орхигдсон байгааг бид эдийн засгийн өсөлттэй үед ил тод болгоё гэж, энэ хуулийг дэмжсэн. Хуулийн хэрэгжих хугацаа ирэх арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажлыг Татварын Ерөнхий газрын хэмжээнд дууссан. Маргаашнаас эхлээд эхлэн сурталчилгааны ажлын хэсэг гарч ажиллана. 2008 онд татвар, нийгмийн даатгалын чиглэлээр татвар ил тод болгох Өршөөлийн хууль хэрэгжүүлж байсан. Тухайн үед 25 мянган иргэн, аж ахуйн нэгж татвар төлж байснаас 4621 татвар төлөгч 8145 тайлангаар 4.5 их наяд төгрөгийн орлогод ногдох 431.6 тэрбум төгрөгийн татварыг ил болгож, тайлангаа шинэчилсэн. Одоогийн байдлаар бараа таваарын эргэлт 25 хувиар буурсан. Татварын орлогын тасалдал өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15 орчим хувиар тасалдаж байна. Өнгөрсөн жил 1.5 тэрбумын бараа таваар орж ирж байсан бол энэ жил эрс багассан. Энэ нь эдийн засгийн хүндрэлтэй холбоотой. Оны эцэст татварын бүрдүүлэлт 410 орчим тэрбум төгрөгөөр тасрах тооцоо гараад байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан