Б.ЦЭДЭВСҮРЭН
Хайраа илэрхийлэх олон арга байдаг. Хамгийн сайхан зүйлийг харуулж, үзүүлэх ч хайраа илэрхийлэх нэгэн арга аж. Тэгвэл “Номин талст” хамтлагийн дуучин Дээгий ““Мартагдашгүй” тоглолтыг маань эхнэр минь л үзээсэй гэж хүсч байна. Миний өөдөөс хараад сууж байвал хэчнээн сайхан бэ” хэмээн ярьсан. Тэрээр олон жилийн өмнөөс “Камертон” хамтлагийн Ганаатай нийлж мөрөөджээ. Нэгэн үед гарч ирж уран бүтээлээ туурвиж байсан эрчүүдийн таван хамтлаг нийлж тоглолтоо хийх мөчийг тэд удаан хугацаанд мөрөөдөж, ярьсан байна. Тэгвэл энэ санааг хөгжмийн продюсер Л.Тайванбат ажил хэрэг болгож “Салхи”, “Камертон”, “Номин талст”, “Сүнс”, “GUYS” хамтлагийнхны нэгдсэн “Мартагдашгүй” тоглолтыг ирэх сарын 9-нд хийхээр болжээ. Энэ талаарх хэвлэлийн хурал өчигдөр болов. Хамтлаг бүр 5-8 дууг дуулах учир 4-6 цаг үргэлжлэх тоглолт болох гэнэ. Дахиж хэзээ ч давтагдахгүй энэ тоглолтын тасалбар нь 40, 80 мянган төгрөгийн сонголттой гэсэн.
Өрсөлдөөн дунд эхэлж байсан уран бүтээлийн тулаан өдгөө нөхөрлөл болжээ. Таван хамтлагийн гишүүд хэвлэлийн хуралд хүрэлцэн ирж тоглолтын талаар ярив. Бүгд л тоглолтоо сэтгэл догдлон хүлээж байгаа нь илт байлаа. Он цагийг уудалж, үе үеийн хит дуунуудаа дуулахаар бэлтгэлээ хангаж байгаа учраас тоглолтын өмнөх өдрүүдэд дурсамжаараа амьдарч байгаа талаараа тэд ярьж байв. Өмнө эдгээр таван хамтлагаас хамгийн ихдээ дөрөв нь л нэг тайзан дээр гарч байсан гэнэ. Гэхдээ нэг нэгнийхээ үнэнч үзэгч байснаа ч нуусангүй. Харин тоглолтын нэр болох “Мартагдашгүй”-г продюсер Л.Тайванбат өгсөн байна. Тэрээр “Давтагдашгүй гэдэг нэр өгөх гээхээр өмнө нь Чинбаа давтчихсан. Мятрашгүй гэлтэй биш олон талаар бодсон л доо. Олуулаа ч ярилцсан. Тэгээд л “Мартагдашгүй” дээр тогтсон” хэмээн ярьсан юм.
Дээрх таван хамтлагийг байгуулагдсан он цагаар нь авч үзвэл хамгийн ахмад нь “Сүнс” аж. 1991 онд Монголын анхны хөвгүүдийн хамтлаг Эрдэнэт хотод байгуулагдаж анх бүжгээр дагнасан ч улмаар дуулах болсон нь тухайн цаг үед нэлээд шуугиан тарьж байжээ. Энэ удаагийн тоглолтод анхны бүрэлдэхүүнээрээ тайзнаа гарахаар зорьсон ч хамтлагийн гишүүн Б.Эрдэнэзул эх орондоо байхгүй учраас 18 жилийн дараа дөрвүүлээ дахин тайзнаа гарахаар болсон байна. Ирэх онд 25 жилийн ойгоороо тус хамтлагийнхан сонсогч фэнүүддээ бэлэг болгож тоглолтоо өргөн барина гэдгээ амласан юм.
Мэргэжлийн дуучид мөн тасралтгүй хөдөлмөрлөсөн гээд үнэхээр хийсэн зүйл ихтэй хамтлаг бол “Камертон”. 1995 онд Хөгжим бүжгийн коллежийн дөрвөн сурагч хамтарч байгуулсан хамтлаг өдгөө Монголын урдаа барьдаг хамтлагуудын нэг болсон байна. Өчигдөр хамтлагийн гишүүн Мээдээ, Ганаа нар хүрэлцэн ирж хэвлэлийн хуралд оролцсон. Тэд байнгын бэлтгэлтэй байгаагаа хэлээд, бусад хамтлагийнхандаа амжилт хүсэв.
“Бид ч яахав авьяаслаг хөвгүүдийн нэгдэл” хэмээн “Номин талст” хамтлагийн дуучин Дээгий хамтлагаа тодорхойлсон. Тэрээр энэ удаагийн хуралд ганцаараа ирсэн. Тус хамтлагийнхан “Мартагдашгүй” тоглолтод гурвуулаа оролцоно гэдгээ мэдэгдсэн. Учир нь, хамтлагийн дуучин Хаазаа төрийн албанд орсон учир тайзан дээр гарах боломжгүй болсон гэнэ. Тус хамтлагийнхны хувьд энэ удаа тулгарч байгаа хамгийн хүндрэлтэй зүйл бол дууны сонголт гэсэн.
Ах нарынхаа араас залуу насны зориг, хит дуунуудын хүчээр түрэн орж ирсэн хамтлаг бол “Салхи”-ийнхан. Тэд 1998 онд хамтлаг болон нэгдсэн ч дууны мастериудын дууг дуулж хөвгүүдийн хамтлагийн хүрээлэлд багтжээ. Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, олны өмнө амьдралаа дэлгэж байгаагүй даруухан ч тэдэнд ярих дурсамж их юм билээ.
Хип хоп ч биш, эстрад ч биш, рок ч биш бүр яг попд ч яг хамаарахгүй урсгалаар дуулж гарч ирсэн нь харин ч тэднийг алдарт хүрч ах нарынхаа дайтай хүндлэгдэх нэгэн гүүр болж өгсөн байна. Жүжигчний ангийн оюутнуудын байгуулсан “GUYS” хамтлагийг анх байгуулагдаж байхад нь аль ч урсгал чиглэл хүлээж авдаггүй байсан талаар хамтлагийнхан өдгөө дурсч байна. Поп дуун дундуураа үглэдэг стилийг тухайн үед төдийлэн ойлгохгүй байсан хэрэг л дээ. Гэсэн ч тэр нь сонсогчдод хүрч, өдгөө олон хит дуу нь сонсогчдын чихэнд хоногшож чаджээ.
Энэ удаагийн тоглолтод “Freezone” хамтлагийнхныг оролцуулах гэсэн боловч хамтлагийн гишүүн Бэки АНУ-д яваа учир боломжгүй болсон талаар дуучин Дээгий учирласан. Ингээд хамтлагийн гишүүдээс анх байгуулагдаж байсан үеийн дурсамжийг хуваалцсанаа хүргэж байна.
Б.Лхагваа: Үсээ цайруулдгийг анх манай хамтлаг санаачилсан
/”Сүнс” хамтлагийн ахлагч/
-Байгуулагдсан он цагаараа манай хамтлаг хамгийн ахмад нь болж байна. Гэхдээ “Камертон”-ыхон биднээс илүү хөдөлмөрлөсөн юм болов уу. Энэ удаагийн тоглолтыг санаачилж, бидэнд санал тавьсанд үнэхээр их баярлаж байна. Манай хамтлагийнхан хувийн амьдралаа зохиогоод уран бүтээлээс хөндийрөөд 18 жил болсон байна. 2011 онд 20 жилийн ойгоороо фэнүүддээ зориулж тоглолт хийснийг эс тооцвол. “Мартагдашгүй” тоглолтод оролцохын тулд бүжгийн сургуулилт хийж байна. Бид чинь анх гарч ирэхдээ л бүжиглэсэн. Энэ удаа өөрсдийнхөө хэмжээнд бүжиглэнэ. Гэхдээ үзэгчид маань биднийг бүжиглэж байна гэж хүлээж авах нь уу, үгүй юу. Ер нь дурсамж сэргэж байна. Манай хамтлагийнхан анх гарч ирж байхдаа шоотой цамц, мөрөвчтэй өмд, урт үстэй байсан. Үсээ цайруулдгийг анх санаачилсан байх. Тэрийг дуурайгаад нэг хэсэг залуус шаргал үстэй явдаг болсон. Яг тэр үеийнхээрээ байж чадахгүй ч бүжиглэж, дуулаад уран бүтээлээ хүргэнэ.
Л.Ган-Эрдэнэ: Нүцгэн зургаа авахуулсан нь зоригтой алхмуудын нэг
/”Камертон” хамтлагийн гишүүн/
-Энэ удаагийн тоглолт миний мөрөөдөл. Гэхдээ ажил хэрэг болгохоор ярилцаад 15 хоног болж байна. Манай хамтлагийн хувьд байнгын бэлтгэлтэй байдаг учраас бэлтгэх зүйл алга. Гэхдээ үзэгчид бидний хоолойг сонсоод, зүрхэнд нь хүрч тэр нь нулимс болон урсах мөчийг төсөөлж байна. Анх бидний дунд өрсөлдөөн байдаг байсан ч одоо бол сайхан нөхөрлөл үлдсэн байна. “Камертон”-чуудын хувьд анх зоригтой алхмуудыг хийж байсан. Тэрний нэг бол нүцгэн зургаа авхуулсан явдал. Дахиж хэзээ ч эргэж ирэхгүй залуу насны минь нэг дурсамж. Одоо бол бид нүцгэлээд явахгүй л дээ. Тэр бүхнээ дурсахад өнөөдөр үнэхээр сайхан байна.
Т.Дэлгэрмөрөн: Тоглолт бүрийн өмнө айдас байдаг
/”Номин талст” хамтлагийн гишүүн/
-Анх “Номин талст” хамтлаг нэгдээд анхны тоглолтоо Соёлын төв өргөөнд хийж байлаа. Тухайн үед билетээ 4000 төгрөг гэж үнэлчихээд хүн ирэх нь үү гэсэн айдастай байсан. Тэгсэн билет дуусаад шаг нь 20 мянган хүрсэн байсан. Тэр үед бид “түй” гэж ирээд л харамсч байлаа. Өөрсдийгөө бага үнэлээд, итгээгүй хэрэг л дээ. Ер нь, тоглолт бүрийн өмнө л айдас байдаг. Энэ удаа бид “Мартагдашгүй” тоглолтоо ганцхан удаа л тоглоно. Үзэгчдийн хүсэлтээр дахиж тоглох гээд ч угаасаа энэ хамтлагууд дахиж нэгдэнэ гэж байхгүй. Би яг мэдэж байна. Энэ тоглолтын өмнө надад төрж байгаа айдас бол үзэж чадаагүй хүмүүс бослого гаргах вий гэдэг л байна. Уг нь би мөрөөдөхдөө Төв цэнгэлдэх хүрээлэнд олон хүнд зориулж тоглохсон гэж бодож байлаа. Гэсэн ч бидэнд “Улаанбаатар” палас л олдлоо. Нийслэл маань нэг сая гаруй хүн амтай. Тэдний зөвхөн 3000-д л тоглоно гээд бодохоор харамсалтай.
Б.Энх-Учрал: Дотроо өрсөлдөгч шүү гэсэн бодлыг тээж явдаг байлаа
/”Салхи” хамтлагийн ахлагч/
-“Сүнс”, “Номин талст”, “Камертон” гээд хөвгүүдийн хамтлаг гарчихсан уран бүтээлээ хийж, эд өрсөлдөж байх үед нь манай хамтлаг гарч ирсэн. Тухайн үед ёстой л эр зориг, хүчтэй уран бүтээлүүдийн ачаар байр сууриа олж өдийг хүртэл хамтлагаараа явна. Тухайн үед эдгээр хамтлагийнхантайгаа “Сайн уу, сайн” гээд л гар бариад өнгөрдөг байсан ч дотроо өрсөлдөгч шүү гэсэн бодлыг тээж явдаг байлаа. Дөнгөж 17, 18 настай байхдаа л хамтлаг болж “Үггүй бороо”, “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” гээд хүнд үгтэй дуунуудыг дуулж байлаа. Өөрсдөө ч утгыг нь сайн ойлгохгүй байж дуулаад л явдаг байсан.
Анх хамтлаг байгуулчихсан мөртлөө “Камертон” хамтлагийн фэн уулзалт дээр ороод суучихсан. Тэгсэн чинь “Камертон”-ы дууг хэн сайн дуулах вэ гэдэг уралдаан болов оо. Манай Аагий Насааг түлхээд гаргачихсан. Тэгсэн чинь Мээдээ “За чи хэний оронд дуулах вэ” гэсэн чинь манай хүн “Болдын оронд дуулна аа” гээд л дуулсан. Тэгээд тэр уралдаанд нь түрүүлж байсан.
Манай хамтлагийнхан “GUYS”-ийнхантай нэг хэсэг сүрхий найз болсон юм. Тэгээд хамтарч дуулах санаа сэдээд “Хөөрхөн охин” дууг дуулсан. Тухайн үед наймуулаа тайзан дээр гарахаар найман микрофон гаргаад ирдэг газар байгаагүй. Тэгээд л микрофоны оронд өөр юм орлуулж бариад л гардаг байлаа. Ядаж байхад “GUYS”-ийнхан маань тайзан дээр их хөдөлгөөнтэйг ч хэлэх үү. Тэгээд нэг хэсэг хамтарч уран бүтээл хийгээд больсон.
Харин “Сүнс” хамтлагийнхантай холбоотой дурсамж гэвэл би хорооллынх л доо. Манай хажуу байранд “Сүнс”-ийнхэн бүгд хамт байсан. Би тэднийг хараад л бахархдаг байлаа. Хамт сагс тоглох гээд л шийдэн дээр хүлээдэг байсан.
Х.Бат-Ундрал: Тэр үйлдлийг хийсэн бол өдийд манай хамтлаг байхгүй байх байсан
/”GUYS” хамтлагийн гишүүн/
-Манай хамтлаг анх гарч ирэхдээ дуун дундуураа үглэсэн нь шинэлэг үзэгдэл болсон. Гэхдээ тухайн үед бидний стилийг аль ч төрөл хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Тиймээс энэ удаагийн хөвгүүдийн поп хамтлагуудын нэгдэлд биднийг урьсанд маш их баярлаж байна.
Анх байгуулагдаж байхад олон хөгжилтэй үйл явдал болж байсан. Тэр дурсамжуудаа одоо эргээд бодохоор тэр үйлдлийг яаж хийгээгүй юм. Тэгсэн бол өдийд хамтлаг маань байхгүй байх байсан даа гэж боддог нэг үйл явдал бий. “Bravo” гээд шоу болдог байсан юм. Тэрэнд оролцох гээд дуун дээрээ эротик бүжиг хийнэ гэж тохироод бэлтгэж бэлтгэж очсон. Яг тайзан дээр гарсан чинь нөгөө хөдөлгөөнөө хэн нь ч хийж чадаагүй. Хэрэв хийсэн бол дуугаа дуусгаад шууд л ийш тийшээ тараад гүйлдчих байсан байх. Дахиж нэгдэнэ гэж юу байхав дээ. Тэр үйлдлээ одоо бодохоор л инээд хүрээд байдаг юм.