НҮБ буюу манай дэлхийн хамгийн хүчирхэг олон улсын байгууллага Европын холбооноос тусламж гуйсан байна. НҮБ-ын Дэлхийн хүнс хөтөлбөрийн хүрээнд Европын холбоо 1.1 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн талаар “USA Today” сайт мэдээллээ.
Дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг байгууллага ийм байдалтай болсныг сонссон улс орнууд гайхах нь лавтай. Гэвч Европын холбоо НҮБ-ын хажууд эдийн засгийн ямар том нөөцтэй болохоо энэ үйл явдлаар харуулж чадлаа.
НҮБ-ын зүгээс цагаачдад зориулсан хүнсний тусламж үзүүлэх зорилгоор ийнхүү дээрх мөнгийг зээлэх шаардлагатай болсныг албаныхан өгүүлжээ. Мөн Европын холбооноос зээлэхээр болсон дээрх мөнгөний тал хувийг ХБНГУ-ын зүгээс гаргах гэж буй талаар зарим эх сурвалж мэдээлж байна.
Тэгвэл ажиглагчид НҮБ-ыг хэдэн жилийн дараа татан буугдах уу гэдэг асуудал хөндөж эхэлжээ. Үүний хариуд НҮБ-ын цагаачдын албаны зүгээс Хүнсний тусламж үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд ойрын саруудад улс орнуудаас тусламж цуглуулаагүй гэсэн утгатай тайлбарыг хийсэн байна. Цагаачдад өгөх хоол хүнсний тусламж гэх зүйл байхгүй болсон нь үнэн бөгөөд нөөц санд нь ч мөнгө байхгүй байгаа гэнэ. Тиймээс ийнхүү тусламж гуйсан бололтой.
Энэ үйл явдал НҮБ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Украины асуудал, Эбола вирусийн халдвараас хойш дэлхийд болж байгаа үйл ажиллагаанд анхаарал хандуулаагүй, хэвлэл мэдээллийн байгууллагууд НҮБ-ын мэдээ мэдээллийг дамжуулаагүй багагүй хугацаа өнгөрсөн хэмээн тоймчид онцолсоор байна.
Ямартай ч нийт 120 мянган цагаачныг улс орнуудад байрлуулахаас эхлээд одоо байгаа бүсэд түр орогнох байр, хоол хүнсний асуудлыг тал талаас нь шийдэж өгч байгаа нь хэн бүгдийн сэтгэлийг амрааж буй. Нөгөө талаас НҮБ жил бүр хөгжлийн буурай орнуудад хоол хүнс, гамшиг болсон газруудад тусламжийн цуваа илгээсээр ирсэн. Энэ бүх байдлыг харгалзан үзэж гамшиг гарсан зарим улс орны Засгийн газар асуудлыг өөрсдөө шийдэхийг эрмэлзэх болсон нь нууц биш. Өчигдрөөс эхэлж улс орнууд НҮБ-аас сувгийн нөгөө талыг хяналтад авахыг хүсч эхэлжээ. Цагаачдын урсгал Сири, Ирак болон Афганистан улсаас ихэвчлэн ирж буй. Эдгээр цагаачны төвлөрөл болсон усан боомтууд дээр хараа хяналт тогтоож, нэг талын үүд хаалгыг нь түр зохион байгуулалтад оруулж хаахыг Европын холбооны орнууд хүсэх болсон.
Ерөнхийдөө цагаачдын асуудалд хамгийн их анхаарал хандуулах ёстой улс орны жагсаалт хүртэл гарсан билээ. Энэ нь иргэний дайн, бүс нутгийн аюулгүй байдлыг алдагдуулсан, газар нутгаа орхин явахад хүргэсэн болон нөлөөлсөн улс орны жагсаалт юм. АНУ, Ирак, Афганистан улсад явуулсан энхийг сахиулах цэргийн ажиллагаа нэртэй дайнаас болж цагаачид үүссэн гэдэг. Улмаар Сирийн иргэний дайн, Арабын хувьсгал, Үндэстэн ястны гадуурхал гэх мэт олон шалтгаанаас болж өнөөдрийн энэ олон цагаач хүн гэр оронгүй, нутгаасаа дүрвэн явах болсонд хэний буруу вэ гэхээсээ илүүтэй тэдэнд туслах гэсэн хүмүүс арай их болж эхэлсэн.
Тиймээс НҮБ цагаачдад туслахын тулд ийнхүү холбооны нэр хүнддээ санаа зовохгүй өөр холбооноос тусламж гуйж байгаа нь нэг зүйлийг бодогдуулам гэдгийг зарим тоймчид ч онцолж байна. Ямартай ч Украины хямралд Крымын иргэдэд ОХУ тусламжийн цуваа бүхий маш их хэмжээний хоол хүнс хэрэглээний зүйлс илгээсэн. Украины хямралтай холбоотой Украины ард иргэдэд Европын холбоо мөн санхүүгийн тусламжийн ОУВС болон Европын төв банктай хамтран хөнгөлөлттэй нөхцөлөөр мөнгө зээлдүүлсэн. Италийн Засгийн газар, Европын холбоотой хамтран тус улсын эрэг рүү чиглэн өдөрт хэдэн 100 цагаачийн завийг хүлээн авах, аврах ажиллагаанд зориулж хөрөнгө мөнгө, эргийн хамгаалалт аюулгүй байдлын “Далайн хав” ажиллагааг эхлүүлээд жил гаруй болох гэж байна. Туркийн Засгийн газар Сири улсаас дүрвэж байгаа цагаачдад зориулж өөрсдийн боломжит нөхцөлөөр тусалж майхан сав, цэвэр усны хангамжийг хариуцан нутгаараа аюулгүй өнгрөөж байна. ХБНГУ-ын хэд хэдэн хот цагаачдыг эхнээсээ зочломтгой хүлээн авч, найрсаг угтан хоол хүнсээр тусалж, орогнох байр хүртэл шийдэж өгч байна. Испанийн Засгийн газар Германаас цагаачдад зориулж зарим хүнд ажлын байр санал болгож хэдэн 100 хүнийг ажлын байраар түр хугацаанд хангах ажилд гар бие оролцож байна. Энэ бол зөвхөн цагаачдад тусалж байгаа улс орнуудын үйл ажиллагааны нэгээхэн хэсэг юм.
Энэ бүх үйл ажиллагаа, сайн үйлсийн аяны хажууд НҮБ ямар нэг арга хэмжээ явуулах, туслах цаг ирсэн гэдгийг ухамсарласан гэлтэй боломжит бүхий л аргыг хэрэгжүүлж эхэлсэн бололтой. НҮБ-аас өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Европ тив рүү нийт 477 мянга 906 хүн Газардундын тэнгисээр дамжин нэвтэрсний 120 мянгыг нь эхний ээлжинд улс орнууд руу байршуулах асуудал яригдаж байгааг өгүүлжээ. Түүнчлэн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн НҮБ-ын дэргэд цагаачдын асуудал хариуцсан алба ажиллах болно, үүнд бид анхаарал хандуулсан хэвээр байгаа гэдгийг ойлгох ёстой талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.