50 гаруй жилийн турш Засгийн газар, эрх баригчидтай дайтсаар өдийг хүрсэн Фарк бүлэглэл он удаан жил үргэлжилсэн дайныг дуусгах болно гэдгээ мэдэгдсэний дараа улс даяар баярын уур амьсгал орсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Ингэхийн тулд талууд зургаан сарын хугацаанд үл ойлголцолтой байгаа бүх асуудлаа нэг тийш эцэслэн шийдэх юм байна. Тиймээс Кубын Ерөнхийлөгч Раул Кастро, Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос болон Фарк бүлэглэлийн удирдагч Родриго Лондоно нар Гавана хотод уулзаж, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахын тулд хамтран ажиллах ёстой гэдэг дээр санал нэгдсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн юм. Талууд газар нутгийн маргаан дээр санал нэгдэж, ард иргэдийн хөгжлийг бодох цаг ирсэн талаар өгүүлж байжээ. Ингэснээр ирэх жилийн гуравдугаар сарын 23-ны өдөр Колумб улс бүрэн дайнгүй улс орон болох таатай эхлэл тавигдаж нь. Энэхүү 50 жилийн хугацаанд өрнөсөн дайны уршгаар 220 мянга гаруй хүн амь насаа алдсан харамсалтай тоо баримт бий.