Б.ЦЭДЭВСҮРЭН
Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой 220 мянган хүүхэд байна. Гэвч тэдний 120 мянга нь л цэцэрлэгт хамрагдаж үлдсэн 100 гаруй мянган хүүхэд нь цэцэрлэггүй үлдсэн. Энэ нь хүүхдийн сурч боловсрох эрхийг зөрчиж байна гэсэн үг. Харамсалтай нь, цэцэрлэгт хамрагдсан азтай 120 гаруй мянган хүүхэд төдийлэн сайхан нөхцөлд сурч, хүмүүжиж байгаа юм биш. Улсын хэмжээнд ажиллаж буй цэцэрлэгийн нийт хүчин чадал нь 100.3 мянга байгаагаас ашиглалт нь 133.2 хувь, Улаанбаатарын цэцэрлэгүүдийн хүчин чадал 31.4 мянга байгаагаас хүчин чадлаасаа дөрөв дахин илүү хүүхдийг хамруулан үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хүүхдүүд ч эрхээ гүйцэд эдэлж чадахгүй байгаагийн илрэл. Нэг хүүхдэд ногдох зай талбайгаас эхлээд бүх зүйл нормтой. Энэ нь цаасан дээр бичигдсэн зүйл төдий. Тухайлбал, нийслэлийн нэг дүүрэгт 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орлоо гэхэд хамгийн багадаа 200 хүүхэд бүртгээд 250 гаруй хүүхэд хичээллэх жишээ олон. Хүүхдийн тоо илүү гарсанд хэнд ч хариуцлага тооцох эрх байхгүй. Энэ бол манай улсын өнөөгийн нөхцөл байдалд тулгамдаад буй томоохон асуудал яах аргагүй мөн.
Энэ байдлыг үгүй хийхээр сургууль, цэцэрлэгийн барилгыг олон эх үүсвэрийн санхүүжилтээр босгож байгаа ч хүн амын өсөлтөө гүйцэхгүй байна. Тиймээс олон улсын жишгийн дагуу цэцэрлэгийн хүрэлцээг шийдэхээр “Хүүхэд харах үйлчилгээ”-г санаачлан хууль боловсруулан баталснаар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дээрх асуудал шийдэгдэх гарц нээгдэж байна. Уг хууль хэрхэн хэрэгжих талаар иргэд хүлээлттэй байгаа. Тиймээс өчигдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Хүүхэд харах үйлчилгээний загвар төв”-ийг танилцууллаа.
Нэг хүүхдэд ногдох талбай хоёр м.кв
“Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийн төслийг боловсруулж байхдаа уг хуулийг амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлэх талаар сурталчилахаар “Хүүхэд харах загвар төв”-ийг Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо буюу Баянхошуунд байгуулж, хоёр сарын хугацаатай үйл ажиллагаа явуулжээ. Нэгэнт “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хууль УИХ-аар батлагдсан учир тус төв энэ үйлчилгээг эрхлэхээр зорьж буй иргэдэд загвар төв болох аж.
Дэд бүтэцгүй, гэр хороолол дунд байрлах ахуйн орон сууцанд уг төвийг байгуулжээ. 68 м.кв талбай бүхий байшинг үүдний, тоглоомын, унтлагын өрөө, гал зуух, ариун цэврийн өрөө болгон хувааж, тохижуулжээ. Энэ талаар Л.Эрдэнэчимэг гишүүн “Сарын 350 мянган төгрөгөөр айлын байшинг түрээсэлж, загвар төв байгуулсан. Бид энэ төвийг байгуулахдаа гадаад талбайн тохижилтод долоо, дотоод орчинд долоо, тавилга хэрэгсэлд зургаан сая төгрөг зарцуулсан.
Гэхдээ энэ үйлчилгээг гэрээр ажиллуулах гэж байгаа иргэд заавал ийм их мөнгө гаргах шаардлагагүй. Хоёр өрөө байртай айл байлаа гэхэд нэг өрөөгөө хүүхэд харах үйлчилгээнд зориулж тохижуулаад хүүхдүүдээ авч ажилчихаад цоожилчихдог. Маргааш нь дахиад хүүхдүүдээ авчихдаг байдлаар зохицуулж болно” хэмээн ярив.
“Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуульд нэг хүүхдэд ногдох талбайг хоёр м.кв хэмээн заасан байгаа аж.
Нэг хүн таван хүүхэд харна
Хүүхэд харах үйлчилгээг бүрэн дунд боловсролтой 18-65 насны хэн ч эрхэлж болно. Харин тэдэнд зориулагдсан сургалтын журмыг ХАХНХЯ, БСШУЯ хамтран боловсруулж байгаа аж. Сургалт 14 хоногийн хугацаатай бөгөөд хамрагдаж, байраа бэлтгэсэн нэг хүн таван хүүхэд асрамжлах боломжтой болж байна. Ингэхдээ хүүхдийг хооллож, асраад, телевизээр тусгайлан гарах хичээлийг үзүүлэхэд л хангалттай.
Харин дээрх хүүхэд харах үйлчилгээний загвар төвд ахлах багш, туслах багш, тогооч гэсэн гурван ээж хамтран ажиллаад 15 хүүхэд асрамжилж байв. СХД-ийн 10 дугаар хороонд цэцэрлэгийн насны 840 хүүхэд байдгаас 270 нь цэцэрлэгт хамрагдаад үлдсэн 570 хүүхэд нь цэцэрлэггүй гэртээ цоожлуулдаг эсвэл гэр бүлийн хэн нэгэн нь тухайн хүүхдийг харахаар гэрээ сахидаг байна. Тиймээс тус хороонд Хүүхэд харах төв наад зах нь 40 гаруйг байгуулах шаардлагатай болж буй юм.
Энэ талаар Л.Эрдэнэчимэг гишүүн “Өнөөдөр цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдэд улсын төсвөөс сар бүр 116 мянган төгрөг олгодог. Өөрөөр хэлбэл, 40 мянган төгрөг нь хоолны, 76 мянга нь цэцэрлэгийн урсгал зардал гэсэн үг. Энэ зардлыг л таван хүүхэд харж байгаа ээжид олгоё гэж байгаа юм. 2016 оны төсөвт энэ үйлчилгээндээ зориулж 50 тэрбум төгрөг оруулсан ч Сангийн яам дээр хасагдаад 42 тэрбум төгрөг болсон. Энэ төсөвтөө тохируулаад ирэх жил хүүхэд харах үйлчилгээний төвүүдээ байгуулна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хоолны мөнгийг гаргана. Ингээд тооцохоор таван хүүхэд асарч байгаа ээж доод тал нь 400 мянган төгрөгийн цалинтай байна. Хүүхэд харах үйлчилгээний загвар төвд хүмүүжиж байсан хүүхдүүдийн эцэг эхээс сардаа 60-80 мянган төгрөг авч байсан” хэмээн ярив.
Хүүхэд харах үйлчилгээ хэрэгжиж эхэлснээр цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 80 мянга гаруй хүүхдийн асуудал шийдэгдэхээс гадна хүүхдээ хараад гэртээ сууж байгаа 50 мянган эцэг, эх ажилдаа явах боломжтой болно. Мөн гэрээр хүүхэд асрах үйлчилгээ эрхлэх 15 мянган хүн шинээр ажлын байртай болно гээд олон давуу талтай.
Л.Эрдэнэчимэг: Хүүхэд харах үйлчилгээ бол галыг түр намжаах арга
Баруун Европ, Америкт гэрээр хүүхэд харах үйлчилгээ илүү хөгжсөн байна. Гэрээр хүүхэд харах үйлчилгээнд цөөхөн хүүхэд авдаг. Дээр нь эцэг эхийн хяналт маш сайн байдаг учраас хүүхдүүд эрүүл ахуйн шаардлага хангасан аюулгүй орчинд байж чаддаг аж. Тиймээс “Хүүхэд харах үйлчилгээ”-г дээрх орны жишгийг судалж боловсруулжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцсанаа хүргэж байна.
-42 тэрбум төгрөгтөө тохируулаад Хүүхэд харах үйчилгээний төвүүдийг байгуулна гэсэн. Үүнийгээ орон нутаг болон нийслэлд хэрхэн хуваарилах вэ?
-Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн тоо нийслэлийн дүүргүүд, аймгуудад харилцан адилгүй. Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд 9000 гаруй хүүхэд цэцэрлэггүй байна. Тэгэхээр 2016 ондоо Сонгинорхайрхан дүүрэгт 5000 хүүхдийн квот олгох байдлаар зохицуулна. 2016 онд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийнхээ ядаж 60-70 хувийг Хүүхэд харах үйлчилгээнд хамруулахаар ажиллаж байгаа.
-Хүүхдийн аюулгүй байдлыг хэн хянах вэ?
-Нэгдүгээрт эцэг, эхчүүд хянана. Хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ өгсөн иргэд багш нартай нь ойр дотно ажиллах шаардлагатай. Ойрхон амьдарч байгаа учраас мэдээж эцэг, эхчүүд таньдаг хүнээ сонгож хүүхдээ харуулна. Хорооны нийгмийн ажилтан болон Хүүхэд гэр бүлийн газраас хяналт тавьж, өрхийн эмнэлэг эцэг эхчүүдэд туслах үүрэг хүлээж байгаа. Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавина.
-Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролыг хэрхэн шийдэх вэ?
-Багш нарт 7-14 хоногийн сургалтаар хүүхдийг хэрхэн хооллох, сургах талаар заана. Сургуулийн өмнөх боловсролд буюу цэцэрлэгт 4-5 насны хүүхдүүдээ хамруулах ёстой гэж харж байгаа. Энэ үйлчилгээгээрээ бид гал унтраах маягаар ойрын хоёр гурван жилдээ эзэнгүй хүүхдүүдээ л эзэнтэй болгоё гэж байгаа юм. 2-3 настай хүүхдийг Хүүхэд харах үйлчилгээгээр болон ээж нь хүүхдээ гэрээр хараад цалин авах замаар шийдвэрлэх ёстой. 4-5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт явуулж бакалаврын зэрэгтэй багш нараар сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлж асуудлыг шийдвэрлэнэ.
-Хүүхэд харах үйлчилгээг олон улсын жишгийг судалж байж боловсруулсан гэсэн...?
-Манай цэцэрлэгийн систем социализмын үеэсээ салаагүй. Гадаадад бол нэг ангид ийм олон хүүхэдтэй казармчилсан систем байхгүй. Нэг ангидаа хамгийн ихдээ 15 хүүхэд байдаг. 1.5-3 настай хүүхдүүдийг Хүүхэд харах үйлчилгээгээр хүмүүжүүлдэг. Гэтэл манайд хоёр настай 40 хүүхдийг хоёрхон хүн харж байна. Тэд нь бүтэн сар уйлдаг, нэг нь ханиад тусвал бүгд тусдаг. Тавхан хүүхдийг гэрээр нь нэг хүн харахад наад тал нь эрүүл саруул өсгөх юм.
-Хүүхэд харах үйлчилгээний загвар төвд ажилласан багш нарын хувьд ямар сэтгэгдэлтэй байсан бэ?
-Хуулиа батлуулаагүй байсан учраас төвөө хоёр сар ажиллуулаад хаасан. Яг энэ гудамжинд амьдардаг гурван эмэгтэй энэ үйл ажиллагааг эрхэлж байсан. Тэд 2-3 насны хүүхэдтэй. Өөрсдийнхөө хүүхдүүд дээр нэмээд энэ гудамжныхаа 12 хүүхдийг харж асарсан. Гэртээ хүүхдээ харж суусан бүсгүйчүүд хүүхдээ харахын хажуугаар өөр бусдын хүүхдийг хараад цалин авахаар мэдээж сэтгэл ханамжтай байсан. Хүүхдээ харуулсан эцэг, эхчүүд ч мөн сэтгэл ханамжтай байна билээ.