Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алексис Ципрас: Бид энэ их өрийг авлига гэдэг зүйлээс болж амсаж суугаа

Б.БААТАР

Түүхэндээ зургаа дахь удаагаа дефолт зарлачихаад байгаа Грек улс өнгөрсөн амралтын өдөр түүхэн сонгуулийн өмнө нүүр туллаа. Зүүний хүчнийг дэмжсэн Сириза нам болон консерватив Шинэ Ардчилсан намын хооронд гол өрсөлдөөн өрнөх нь ойлгомжтой байгаа бөгөөд энэ удаагийн сонгуулийн дүнгээс шалтгаалан тус улсын цаашдын эдийн засгийн бодлого тодорхойлогдох юм.

Эрх мэдлээ алдаад байгаа Сириза намын удирдлага, намын төв хороо болон намын дарга, Засгийн газрын тэргүүн Алексис Ципрас энэ удаагийн Грекийн парламентын бүх нийтийн ерөнхий сонгуулийн үр дүнд дахин эрх мэдлээ авч, эрх баригч намын байр сууриа хадгалж үлдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байгаа юм. Гэхдээ хэвлэлүүд Грекийн ерөнхий сонгуульд эрх баригчид ялагдал хүлээж магадгүй талаар түлхүү нийтэлж, эрх баригчдад дахин итгэл найдвар хүлээлгэхгүй байх гэцгээж байна. Энэ жилийн хувьд гурав дахь удаагаа болж байгаа томоохон сонгуулийн зардалд нийтдээ 37.5 сая ам.доллар зарцуулж байгаа гэж тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлж, сонгууль зохион байгуулж, санал хураах үйл ажиллагааг санхүүжүүлэхэд 30.5 сая ам.доллар зарцуулах дүн гарсан нь хамгийн бага буюу хэмнэж хийсэн төсөв гэдгийг тэмдэглээд байгаа юм.

Сөрөг хүчний хувьд тэтгэвэр, тэтгэмж өгч чадахгүй байгаагаас гадна ажилгүйдэл дээд цэгтээ тулсан ч евро бүсийн орнуудаас тусламж гуйж зээл авах гэсэн оролдлого үргэлжилсээр байсан гэдэг шүүмжлэлийг эрх баригчдын эсрэг ашиглаж байгаа юм. Гэсэн ч олон улсад зээл тусламжийн гарцыг аль нам нь зөв гаргаж, иргэдийг хямралаас хэрхэн гаргах вэ, гэдэгт эргэлзээтэй зүйл олон байгаа гэж хэвлэлүүд онцолсоор байна. 

Оны эхэнд болсон санал хураалтад Сириза нам ялалт байгуулж салхи өөр тийш эргэж, Евро бүсээс авсан зээлээ эргэн төлөхгүй талаар багагүй маргаан үүсч нөхцөл байдал хүндхэн болж байсан удаатай. Тэгвэл намын дарга, Засгийн газрын тэргүүн Алексис Ципрас энэ удаагийн Грекийн бүх нийтийн сонгуульд дахин сонгогдож, эрх баригч байр сууриа хадгалахад Грекийн ард түмэн тусална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Ийнхүү Грекийн түүхэн сонгууль учраас иргэд өөрсдийн сонголтыг ямар үнээр хийж байгаагаа ухаарах цаг тулж ирээд байгааг хэвлэлүүд өнгөрсөн баасан гарагт мэдээлсээр байсан юм.

Сонгуулийн төсвийн хувьд өнгөрсөн нэгдүгээр сард 57.7 сая ам.доллар зарцуулж бүх нийтийн санал хураалтыг зохион байгуулж байсан бол энэ удаад бараг хагасаар нь ийнхүү сонгууль зохион байгуулж байгааг Европын зөвлөл анхааралдаа авсан бололтой. Энэ талаар хэвлэлүүд сонгууль зохион байгуулах дээр хүртэл хөрөнгө санхүүгийн байдал хүнд байгааг дээрх үйл явдал харуулж байгаа гэж тэмдэглэсэн байна.

Тус улсын гадаад өр нь нийт 356 тэрбум ам.доллар хүрсэн. Энэ өрийг хэдэн үеэрээ төлөөд ч дийлэхгүй хүнд байдалд байгааг дэлхий нийт ойлгож байгаа. Гэвч Сириза нам үйл явдлыг “Эцсийн найдлагаа алдсан улс болчихоогүй байна” гэж зарлан, ард түмэнд итгэл хүлээлгэн өнгөрсөн сонгуулиар ялалт байгуулсан юм. Дотоодын нийт бүтээгдэхүүн 2007 оноос хойш 22.8 хувиар буураад байгаа хүнд нөхцөл байдалд Грекийн Засгийн газар хэрхэн өнөөдрийг хүртэл тэссэн нь зээлдүүлэгч орнуудад хүргүүлсэн тайланд тодорхой тусгасан байдаг. Тийм учраас зээлдүүлэгч орнууд Грек улсыг зүгээр нэг хөсөр хаяхгүй, эдийн засгийн сэргэлт авах боломжтой гэж үзсээр байгаа талаар мэргэжилтнүүд үзсээр байгаа.
Грек нь сүүлийн зургаан жилийн хугацаанд нийт таван удаа бүх нийтийн сонгууль явуулсан цорын ганц улс болсон. Сириза намын тэргүүн Европын зээлдүүлэгч орнууд болон эрх баригчидтай шинэ тусламжийн талаар хэлэлцээрт хүрэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн удаатай. Энэ нь сонгуулийн санал хураалтад нөлөөлөх нь гарцаагүй үнэн юм. Улс төрийн ажиглагчид энэ удаагийн Грекийн бүх нийтийн санал хураалтаар хамгийн хүчтэй хоёр том намын аль нь ч ялалт байгуулсан Засгийн эрхийг дангаараа атгах хангалттай суудал авах болно гэдэгт итгэлтэй байгаагаа өгүүлжээ. Энэ нь өр зээлийн асуудалд Засгийн газар дангаараа санал хураахгүй шийдвэр гаргах том гарц болж байгааг мөн онцолжээ.
Сириза намын хувьд иргэдэд ямар зүйл санал болгож, ямар тохиролцоог хийх гэж байгааг танилцуулах нь тэдний ялалтад нөлөөлнө гэдгийг Грекийн хэвлэлүүд сонгуулийн өмнө дамжуулсаар байсан билээ. Ямартай ч санал хураалтын нөхцөл байдал хэрхэн өрнөж байгаа талаар Их Британи улсын сэтгүүлчид өчигдөр шууд дамжуулж байсан юм. Хоёр намын хооронд ширүүн өрсөлдөөн өрнөж байгаа ч аль нь ялалт байгуулах нь эргэлзээтэй хэвээр байгааг ажиглагч Ричард Галпин Афин хотоос уламжилсан.

Сөрөг хүчнийхэн мөн л Сириза намын адил үзэл баримтлалтай нэр дэвшиж байгаа. Консерватив Шинэ Ардчилсан намын удирдлага Евро бүсээс гарах нь Грекийн цорын ганц сонголт гэдгийг хэлсээр байгаа. Нийт сонгогчдын 60 гаруй хувь нь энэ саналыг дэмжиж байгаа бололтой. Урьдчилсан санал асуулгаар Евро бүсээс гарах нь Грекийг шинэ улс орон болгоход тусална гэдэгт ард иргэдийг ихэнх нь итгэж байгаа аж. Консерватив Шинэ Ардчилсан намын тэргүүн Вангелис Мэймаракис Европын дарлалаас гарах нь зөв, шинэ улс төрийн хүчин зориглон хийхгүй бол бид үүрд ийм байдалтай байна гэсэн байр суурийг илэрхийлсэн удаатай. Хуучин Батлан хамгаалах яамны сайдын албыг хашиж байсан тэрээр “Би сонгуулийн өмнө Сириза нам ялалт байгуулах юм бол ард түмэн эсэргүүцэх талаар дууллаа. Энэ бол бидний ирээдүй. Илүү зардал гаргахгүйн тулд энэ удаагийн сонгуульд Грек ухаалаг сонголт хийх цаг ирлээ” хэмээн мэдэгджээ.
Орон нутгийн цагаар өчигдөр санал хураалт 04:00 цагт нээгдэж 12 цаг үргэлжлэх бөгөөд эхний урьдчилсан дүн 18:00 цагийн үед гарах учиртай талаар хэвлэлүүд мэдээлсэн. Тэгвэл бүсийн цагийн зөрүүгээс болж манай цагаар өнөөдөр Грекийн бүх нийтийн сонгуулийн урьдчилсан дүн тодорхой болох билээ. Эрх баригч Сириза намын тэргүүн сонгуулийн өмнө нэг зүйлийг сонгогчдод хандан хэлсэн байдаг. Тэрээр “Бид энэ их өрийг авлига гэдэг зүйлээс болж амсаж суугаа. Сириза нам ялалт байгуулах юм бол хамгийн эхэнд авлигатай тэмцэх болно” гэжээ. Түүний хэлсэн үг сонгогчдын сонголтод нөлөөлөх нь гарцаагүй гэж Ройтерс агентлагийн тоймчид үзсээр байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан