Малайзын “1MDB” төрийн өмчит компанийн мөнгө угаасан хэргийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо шалгаж эхэлсэн тухай “Wall Street” сэтгүүлд мэдээлжээ. Малайзын “1MDB” төрийн өмчийн компани Ерөнхий сайд Нажиб Разакийн хувийн данс руу 700 орчим сая ам.доллар шилжүүлсэн гэх мэдээлэл шуугиан тариад буй юм.
“1MDB” төрийн өмчийн компанийн удирдах зөвлөлийг Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак даргалдаг аж. Энэ хэрэгтэй холбоотой Малайзын эрх барих намын экс гишүүнийг АНУ руу зорчих гэж байхад нь баривчилсан гэнэ. Тэрээр “1MDB” компанийн мөнгө угаасан хэрэгт АНУ-ын мөрдөн шалгах албаныхныг анхааралдаа авч, шалгуулахаар гомдол гаргахаар төлөвлөсөн байжээ. “1MDB” компани нь санхүүгийн буруу захиран зарцуулалтын улмаас 11 тэрбум ам.долларын өрөнд орчихоод байгаа бөгөөд Швейцарь дахь “1MDB” компанийн сангийн мөнгөнд шалгалт хийж эхэлжээ. Мөн тус компанитай холбоотой гомдлын дагуу Хонконгийн албаныхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.