Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Канадын цэрэг Украинд сургалт зохион байгуулна

Б.БААТАР

НАТО-гийн гишүүн Канад улсын Батлан хамгаалах яамны зүгээс Украины армийнханд сургалт зохион байгуулах талаар өнгөрсөн сард яригдаж байсан бол өчигдөр тус улсын цэргүүд Украины газар нутагт газардсан байна. Энэ талаар дэлхий нийт анхаарлаа хандуулж, Украины салан тусгаарлах үйл явц ойрын жилүүдэд намжихгүй гэдэг нь ойлгомжтой болж эхэллээ.

Дэлхийн түүхэнд салан тусгаарлах гэж оролдсон босогчид, иргэдтэй хэрхэн дайтах, хэрхэн байлдааны арга барил ашиглан тулалдах, тэднийг дарж авах олон арга зам байдгаас Украины арми Канад улсын цэргүүд чухам яг ямар төрлийн зүйлд суралцах нь хачирхал төрүүлээд байгаа нь нууц биш. Зэвсэгт хүчний хувьд Украины арми хуучин Зөвлөлт холбоот улсын арга барилтай. Гэсэн хэдий ч салан тусгаарлагч нарыг анхнаас нь дарж чадаагүй. Харин одоо барууны зэвсэглэлээр армийн хүчийг зузаатгаж, сургалт зохион байгуулах хэмжээнд нөхцөл байдал тулаад байна.

Украин улсын Батлан хамгаалах яам, армийн хувьд доройтолд орсон юм уу, эсвэл бие даан цэргийн ажиллагаа явуулж чадахгүйд хүрч барууны орнуудаас тусламж гуйгаад байна уу гэсэн асуулт олон улсын ажиглагчдын өмнө тулгараад байна. АНУ болон Европын орнууд Украины асуудалд хөндлөнгөөс ихэд анхаарал хандуулж, тусалж дэмжих талаар өмнө нь мэдэгдэж байсан ч НАТО-гийн гишүүн орны цэрэг эрс Украинд нэвтрээд байгааг ОХУ-ын Батлан хамгаалах яам “ойлгохгүй хачин жигтэй зүйл болж байна” хэмээн үзэх боллоо.
Москва үүнийг АНУ-ын ээлжит нүүдэл гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Харин Канад улсын зүгээс олон улсын шийдвэр гэсэн нэрийн дор ийнхүү Украинд туслах цэргийн үйл ажиллагааг өчигдөр албан ёсоор эхлүүллээ. Украины эрх баригчид Канад улсын цэргүүдийг үндэсний хувцас, соёлын арга хэмжээ зохион байгуулан сүр жавхлантай хүлээн авлаа. Мөн Украины ялалтын туг, Канад улсын төрийн далбааг мандуулан цэргийн сургалт, үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн гэдгийг олон нийтэд зарлалаа.

Украины цэргүүдийг ОХУ-ын салан тусгаарлагчдаас хэрхэн хамгаалах, хилийн манаанд босогчдийн эсрэг хэрхэн тулалдах, ямар зүйл дээр анхаарах гээд дайны үеийн фронтын шугам шиг л арга хэмжээ Украин улсад ойрын саруудад болох гэж байгаа талаар хэвлэлүүд шуугиж байна.

ОХУ иргэдийнхээ аюулгүй байдал, бүрэн эрхийг хамгаалах зорилгоор цөөн тооны явган цэргүүд харуул манаанд Крымд байсаар байгааг өмнө нь мэдээлж байсан бол Канадын цэргүүд ОХУ-ын зурваст нэвтрэхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа өгүүлсэн.

ОХУ-ын иргэдийг суллах, Украины иргэдийг Крым болон бусад хоёр хотоос Киев рүү явуулах, солилцоо зохион байгуулах санал тавьсан. Үүнд Украины тал хариу өгөөгүй байгаа талаар Риа Новости агентлаг мэдээллээ.

Украины хилийн зурвасаас 1200 км-ийн зайд ийнхүү цэргийн сургуулилт хийх баазыг байгуулах болно гэдгээ мэдэгдэж, Украины армийн цэргүүд үе, үе байлдааны бэлэн байдалд шилжих талаар сэрэмжлүүлжээ. Гэхдээ энэ нь цэргийн сургуулилт гэдгийг албаныхан онцолсон. Оттава хотод байрлах ОХУ-ын элчин сайдын яамнаас хэвлэлийн бага хурал зарлан “Канад улсын энэ үйлдэлд ихэд сэтгэл дундуур байна. Энэхүү ажиллагааг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байна. Мөн асуудалд хөндлөнгөөс оролцох эрх байхгүй ч Канад улс Украины асуудалд хэрэггүй хошуу нэмэрлэсэн юм” гэх өнгө аястай байр суурийг илэрхийлсэн.

Украин болон Канадын энэхүү хамтын ажиллагаа, сургуулилтад нийт 32 сая ам.доллар зарцуулахаар болсон байна. Энэ мөнгийг цэрэг эрсийн байр, баазын зарцуулалт, хэрэглээ болон зэвсэгийн тээвэрт зориулах аж. Харин Канадын Засгийн газар Батлан хамгаалах яамнаас гадна 570 сая ам.долларыг Украины эдийн засаг болон бусад хөгжлийн салбарт зарцуулахаар төлөвлөж байгаа гэдгийг Ройтерс агентлаг уламжилсан. Дээрх 570 сая ам.долларт хүмүүнлэгийн тусламжийн бүхий л зүйл багтсан гэд­гийг мөн онцолсон. Хэрэв Украины эдийн засаг сайжрах юм бол барууны орнуудын хувьд хамгийн ашигтай газарзүйн байрлал болох тухай стратегийн мэргэжилтнүүд үзсээр байгаа. Донецк болон Луганскийн эрх баригчид ОХУ-аас тусламж гуйж эхэлсэн. Учир нь иргэд өөрсдийн аюулгүй байдалд санаа зовж байгаа гэдгийг өгүүлжээ.

Улс орны иймэрхүү цэ­ргийн сургалт, хөрөнгө мөнгөний тусламж нь яг л хүйтэн дайны он жилүүдтэй адилхан гэдэгтэй нутгийн иргэд болон сэтгүүлчид санал нэгдсэн. Учир нь, 1956 онд дайны он жилүүдэд Украин улсад, хоол хүнсний тусламж, улс төрийн засаг захиргаа хараа хяналт бага байсан нь өнөөдрийн үйл явцтай яг адилхан байгаа бололтой. Бусад улс орнууд газар нутгийг нь ашиглан ОХУ-ын эсрэг хүссэн үйл ажиллагаагаа явуулах боломжийг хайсаар.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны ажиглагчид Украины эрх баригчдад анхааруулга өгчээ. Тэд “Хэрэв НАТО болон бусад улс орнууд цэргийн сургалт зохион байгуулах нэрээр газар нутагт чинь халдаж, дүр эсгэх юм бол та нар ашиглуулж байна гэсэн үг. Өнөөдөр Украин бол зүгээр л хавчуурга улс болон хувирч байна. Та нарыг мөнгөөр худалдан авч байна. Гэвч та бүхэн ойлгохгүй байна” гэсэн зүйлээр сэрэмжлүүлсэн аж.

Нөхцөл байдалд АНУ голлох тоглогчийн үүргийг гүйцэтгэж байгаа ч НАТО нэрийн дор Канадыг ашиглаж байгааг Украины эрх баригчид ойлгохгүй байгаа талаар Крым хотын төв хэвлэлээр мэ­дээлэл дамжуулсаар байна. Хэвлэлээр мөн “АНУ бусад орныг ашиглахдаа тун сайн, Украины эрх баригчид ам.долларын амтанд оржээ” гэх ухуулга суртал нийт­лэгдсээр байгаа нь үнэн. Украины армийнхан бие даан цэргийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа гэвэл эндүүрэл. Хуучин ОХУ-ын бүрэлдэхүүнд байсан тэд яг л Орос хэв маягаар байлдааны тактик баримталдаг. Украин­чууд Канад байлдааны тех­ник төхөөрөмжийг сураад ОХУ-аас ангид байна гэвэл  худлаа гэдгийг Шотландын цэргийн мэргэжилтэн Энтони Гибсон өөрийн тэмдэглэлдээ цохон үлдээжээ. Тэрээр ахмад дайчин хэдий ч өнөө­дөр Украины асуудалд их анхаарал тавьдаг нэгэн гэдгийг Их Британи улсын хэвлэлүүд онцолж байгаа.
Ямартай ч Канадын цэргүүд Украинд нэвтэрч нэгдүгээр батталионы армийг сургах гэж байна. Хөрөнгө мөнгө орсон, цаг хугацааны хувьд хүлээлт үүсгэсэн хоёр улсын сургалт ийнхүү эхэлж байна. Канадын цэргүүд дэлхийд анагаах чиглэлээр буюу цэргийн эмчийн арга барилаар алдартай.
Харин байлдааны овсгой чанарын хувьд бусад барууны орны цэргүүдээс дутмаг байдаг. Механикийн бригадын армийг Канадын цэргүүд анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа талаар тэд мэдэгдэж Украин цэргүүд богино хугацаанд их зүйл сурна гэдэгт итгэлтэй байгаагаа сургалтын өмнө мэдэгдсэн байна. Афганистан улсад сүүлийн жилүүдэд цэргийн ажиллагаа явуулсан Канадын цэргүүд багагүй туршлага хуримтлуулж бусад улс оронд туслахад бэлэн байсан гэдгийг салбарын сайд Канадаас мэдэгдсэн. Гэвч ОХУ-ын зүгээс АНУ-ын дараагийн нүүдэл юу байхыг тааварлаж сууна.

Өнөөдөр Украины цэргүүд нэгдсэн хурал зөвлөгөөнд сууж, сургалтын үндсэн чиглэл зорилгын талаар мэдээлэл авна. Улмаар энэ долоо хоногийн амралтын өдөр жинхэнэ сургалт бааз тус бүрт явагдах талаар албаныхан мэдээллээ. Украины армийн цэргүүдийг хэсэгчлэн сургах бөгөөд улирал тус бүрээр явуулах уу, сар сараар нь явуулах уу гэдэг талаар өчигдөр хэлэлцэж эцсийн хариу өнөөдөр гарах учиртай. Энэхүү сургалтыг Канад улсын Батлан хамгаалах яамнаас явуулж байгаа гэж ойлгож болохгүй гэдгийг  анхааруулж НАТО-гийн нэр хамгийн эхэнд байх ёстой талаар уламжилсан.

Мөн Украины арми цэрэг татлага явуулах, армийн тоог нэмэгдүүлэх зорилготой хэмээн тус улсын хэвлэлээр гарсан. Дайн байлдаан болох нь тодорхой гэж үзэн ийнхүү тулаанд бэлдэж байгаа байх гэсэн мэдээллийг мөн ОХУ-ын талыг дэмжигчид дамжуулсан. Тиймээс Канадын цэргүүд ч гэлтгүй өөр НАТО-гийн гишүүн орнууд Украины газар нутагт ойрын саруудад орж ирсээр байх нь ойлгомжтой болсон талаар салан тусгаарлагчид үзэж байна.

0 Сэтгэгдэл
Оросыг Украйнаар далимдуулж АНУ Канад маркын зүүгээр хатгаж эхэлжээ...
Оросыг Украйнаар далимдуулж АНУ Канад маркын зүүгээр хатгаж эхэлжээ...
Хамгийн их уншсан