Б.БААТАР
АНУ-ын эрх баригчид болон барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ОХУ руу дайрсан мэдээ мэдээлэл сүүлийн үед ихээр цацах боллоо. Гаргасан шийдвэр бүрийг нь шүүмжилж албан бичиг илгээж байгаа. Сирийн газар нутагт ОХУ-ын зэвсэгт хүчин үйл ажиллагаа явуулах тухай асуудлаас энэ нь үүдэлтэй. Өчигдөр Сирийн болон ОХУ-ын эрх баригчид Сирийн босогчдын эсрэг, Лалын дайчдын эсрэг үйл ажиллагаа явуулахаар болсноо албан ёсоор мэдэгдсэн юм.
Эхний ээлжинд ОХУ-ын нисэх хүчний бааз Сирийн газар нутагт байрлаж, Сирийн иргэний дайнд Засгийн газрын цэрэгтэй нь эвсэл байгуулж хамтран ажиллахаар болжээ. Ингэх нь аль эрт тодорхой байсан мэт агаарын нисэх хүчний бааз байрлахад зориулж газардах зурвасыг бэлдсэн байна гэж АНУ-ын хиймэл дагуулаас авсан зургийг нотолгоо хэмээсэн. АНУ-ын зэвсэгийн мэргэжилтнүүд, ажиглагчид бүгд нисэх зурвасын шинэ бүтэц, зохион байгуулалтын зургийг олон нийтэд дэлгэжээ.
Уг зургийг олон нийтэд тараасан ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хууль зөрчлөө гэж онцлоод, цэргийн үйл ажиллагааны талаархи мэдээллийг санаатайгаар задруулсан гэж шүүмжлэв. Сири улсад байгаа зэвсэгт босогчид болон Лалын дайчид тус хоёр улсын агаарын байлдааны шинэ нисэх хүчний баазын байршил, дэлгэрэнгүй зураглал зэргийг олж авсанаар аюул дагуулна гэж Москва үзэж байна.
Тэр ч бүү хэл Сирийн Латакиа хотод байрлана гэжээ. Ингэснээр дайсаны талд мэдээлэл үнэгүй өгч, Сири ОХУ-ын байлдааны нисэх онгоцны баазын байрлалыг зааж өгч байгаагаас ялгаагүй. Тиймээс энэ үйл явдлыг Сирийн Засгийн газар анхааралдаа авч Пентагоныг эрс шүүмжилж буй. Сирийн босогчдыг АНУ зэвсгээр хангадаг хэмээн өмнө нь буюу 2013 оны сүүлчээр мэдээлж байсан удаатай.
ОХУ-ын цэрэг армийнхан Сирийн Засгийн газартай хамтрах болсон шалтгаан нь Лалын дайчдын эсрэг тэмцэл гэж тайлбарлаад байгаа. Сирийн иргэний дайн албан ёсоор 2011 оны намар эхэлсэн. Гэхдээ Арабын хувьсгалтай холбоотой гэж дэлхий нийт харж байсан. Тэгвэл Лалын дайчид Сирийн газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн таамаг гараад багагүй хугацаа өнгөрлөө. ОХУ-ын Батлан хамгаалах яам ч Сирийн шинэ бааз руу шинэ зэвсэг техникээ илгээсэн гэж мэдэгдсэн. Агаарын нисэх шинэ бааз хаана байгаа нь тодорхой болсон учраас ОХУ-ын бэхлэлтийн цэргүүд Сирийн газар нутагт байрлах асуудал яригдаж эхэлсэн аж.
Лалын дайчдын эсрэг агаарын довтолгоог зохион байгуулах талаар хоёр улсын эрх баригчид мэдэгдэж, Лалын дайчдын сүлжээг таслан зогсооход ОХУ-ын оролцоо чухал хэмээн цохон тэмдэглэжээ. ОХУ-ын энэхүү цэргийн оролцоо нь Сирийн Ерөнхийлөгч Башар Ал Ассадын Засгийн газрын тогтвортой байдлыг сайжруулж, эрх баригчийг цаашид засгаа тэргүүлсээр байх хугацааг сунгах аюул бийг АНУ-ын тал онцолсон. “Нью-Йорк Таймс” сонины сэтгүүлч Барбара Плетт Сирийн нөхцөл байдал иргэний дайн дуусахад ойрхон байхад ОХУ-ын дэмжлэг Башарын Засгийн газрыг аварсан гэж мэдээлсэн.
Өчигдөр мөн ОХУ-ын хоёр том оврын тээврийн онгоц хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр Сирид газардсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Энэ үйл явдал нь ОХУ Сирийн талд тусалж, зөв талд байгааг харуулах гэсэн нэг оролдлого гэдгийг АНУ-ын шүүмжлэгчид уламжилжээ. Латакиа хотод онгоц газардсаны дараа Ассад ОХУ-ын ард түмэнд талархаж байгаагаа илэрхийлсэн юм. ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Маж Ген Игорь Конашенков “Хүмүүнлэгийн тусламжаар Сирийн цагаач иргэдэд зориулсан майхан сав багтсан” хэмээлээ. Өдөрт олон зуун цагаач Сирийн иргэний дайнаас болж дүрвэж байгааг Оросын тусламжтайгаар зогсох болно гэсэн байр суурийг Сирийн тал мэдэгдсэн.
НҮБ болон олон улсын хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг байгууллага Сирийн дайнд ямар ч оролцоо байхгүй АНУ болон ОХУ-ыг ийм байдалд хүргэлээ гэж үзэж буйгаа зарим ажиглагчид хэлэв. ОХУ-ын агаарын баазын эргэн тойронд тус улсын хэд хэдэн танк байсан нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн сэтгэлийг зовоож байгаа талаар CNN агентлаг мэдээлсэн. ОХУ-ын энэ оролцоо Ойрхи Дорнодод таатай зүйл дагуулахгүй гэж Обама мөн цохон тэмдэглэсэн байна.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ыг юм бүхэнд битгий хошуу дүрж бай гэсэн утгатай анхааруулга өгч, 2011 онд эхэлсэн Арабын хувьсгалын чухал баримтууд байгаа гэдгийг дахин сануулжээ. Түүний хэлсэн үг Америк Арабын Хувьсгалыг эхлүүлэх болсон, өдөөн хатгаж, бүх нийтийн үймээн дэгдээсэн мэт болгож байгаа ч баттай баримт нотолгоог дурдалгүй зөвхөн анхааруулга өгсөн нь том хариу цохилт боллоо. Сирийн агаарын зурвасыг ОХУ ашиглан Лалын дайчдыг сөнөөх бодлого явуулж байгаа нь илт ойлгомжтой гэдгийг “Риа Новости” агентлаг мэдээлсэн. Сирийн иргэний дайныг зогсоох цорын ганц гарц хэмээн ажиглагчид ч санал нийлсээр байгаа юм. Харин цагаачдын асуудал олон улс орны хувьд шийдэхэд хүндрэлтэй санаа зовоосон хэвээрээ.
Одоогоор ОХУ-ын хэчнээн тооны ямар төрлийн байлдааны зэсэг техник бүхий нисэх хүчний бааз Сирийн газар нутагт орж ирэх нь тодорхой бус байгаа. Эхний ээлжинд агаарын баазыг барьж дууссаны дараа ажиллагааг шууд эхлүүлэх бололтой. ОХУ-ын усан цэргийн хүчин ч Сирийн эрэг дээр үйл ажиллагаа явуулахыг үгүйсгэхгүй талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар БНХАУ-ын цэрэг армийнхан олон улсын үйл ажиллагаанд оролцох цаг ирсэн талаар өгүүлсэн. Гэхдээ одоогоор албан ёсоор ямар нэг хариу өгөөгүй хэвээр байгаа юм.