Л.ХАТАНБААТАР
Энэ зун нийслэлд хур бороо ихтэй байв. Үерийн аманд зөвшөөрөлгүй буусан айл өрхүүд хамгийн түрүүнд үер усны аюулд өртөх эрсдэл өндөр байна. Уг асуудал нийслэлийн удирдлага болон холбогдох албаныхны толгойны өвчин болсоор олон жилийн нүүр үзлээ. Энэ жилийн хувьд байдал ямар байгаа талаар нийслэлийн Онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, Онцгой байдлын дэслэгч Г.Сэдэдсүрэнгээс дараахь зүйлийг тодрууллаа.
-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хэчнээн айл өрх үерийн аман дээр буун зусч байна вэ. Энэ талаар судалгаа хийсэн үү?
-Нийслэлийн хэмжээнд 2015 оны эхний хагас жилийн байдлаар 2500 гаруй өрх үерийн аюултай бүсэд буусан гэсэн судалгаа гарсан. Өнгөрсөн дөрөв, тав, зургадугаар сард үерийн аман дээр буусан зургаан дүүргийн айл өрхөд нүүх тухай албан мэдэгдэл дүүргийн газрын алба, онцгой байдлын хэлтсээс хамтран хүргүүлсэн. Үүний дагуу зарим айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн асуудал ч байгаа. Яагаад үерийн ус орж ирдэг вэ гэхээр гэр хороолол болон орон сууцны байрыг дайран өнгөрдөг үерийн гаргалгаа гэж далан суваг бий. Энэ суваг руу ахуйн хэмжээний хог ихээр хаядаг. Ингэснээр бөглөрөл үүснэ. Аадар болон усархаг бороо орсноос тунгаагуур дээр халиа үүсдэг. Ийм тохиолдол олон гарч байна. Улаанбаатар хотод 120 гаруй км урт инженерийн байгууламж бүхий үерийн далан, суваг бий. Эдгээр далан, сувагт дөрөв, тавдугаар сард төрийн болон төрийн бус байгууллагын зүгээс цэвэрлэгээ хийсэн.
-Үерийн аман дээр буусан айлуудад хариуцлага тооцох хууль эрх зүйн ямар заалт, үндэслэл байдаг вэ?
-Нийслэлийн Онцгой байдлын газрын аюултай бүсэд буусан байна гэдэг шаардлага, Гамшгаас хамгаалах улсын байцаагчийн дүгнэлтийг тухайн айлд хүргүүлдэг. Нийслэл, дүүргийн газрын алба албадан нүүлгэх, мөн газар чөлөөлөх ажлыг хуульд заасан эрхийн дагуу хэрэгжүүлдэг. Үерийн аюултай бүс болсон байгалийн голдирлоор ус урсдаг гуу, жалганд буусан айл өрхийг хүчээр нүүлгэхээс өөр аргагүй. Үүний дагуу 2500 өрхөөс 400 гаруйг нь аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн. Үлдсэн айлуудад мэдэгдэл хүргүүллээ. Онцгой байдлын албаны эрх үүрэгт айл нүүлгэн шилжүүлнэ гэсэн заалт байхгүй. Энэ эрх дүүргийн газрын албанд байдаг юм.
-Энэ зуны хувьд хур бороо ихтэй байлаа. Өнгөрсөн сард нийслэлд хэдэн удаа үер болсон. Үерийн аман дээр буусан айлууд эрсдэлд өртөх тохиолдол ч гарсан санагдана?
-Үерийн аюултай бүсэд буусан айлуудад хүний амь нас эрсэдсэн асуудал гараагүй. Харин карьер буюу хиймлээр байгуулсан нуур, цөөрөмд амь насаа алдсан есөн тохиолдол бүртгэгдсэний дөрөв нь бага насны хүүхэд байв. Эцэг эхчүүд ээ, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулаач ээ. Насанд хүрэгчид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд бүү орооч гэж нийслэлийн Онцгой байдлын газраас нийт иргэдэд анхааруулж байна.
-Өндөр хүчдлийн шугаман доор зөвшөөрөлгүй буусан айл, өрхөд ямар хариуцлага тооцох вэ?
-Өндөр хүчдлийн шугам буюу 380 киловаттаас дээш болон 380 вольт гаргах трансформатор буюу цахилгаан үүсгүүрийн хажууд буусан өрхийг нүүлгэн шилжүүлэх ажил хийнэ. Газар олгохдоо дүүргийн газрын алба нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас тухайн газрыг олгож болох эсэхийг лавладаг байх ёстой.
-Хориглосон газарт буусан айлууд ихэвчлэн хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд байдаг. Нийслэлд шинээр оршин суугчдад хаана газар олгож байна вэ. Олгосон байршил нь дэлгүүр, автобусны буудал гээд хүний наад захын хэрэгцээг хангах шаардлагатай байдаг ч...?
-Баянзүрх дүүргээр авч үзье. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас нүүж ирсэн айл тухайн хороо, дүүрэгт шилжүүлгээ хийлгэн хотын бүртгэлтэй болох ёстой. Ингэснээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Хожуултын аманд газар аван бууж болно. Хожуултын ам цахилгаантай болсон. Автобус, унааны асуудал хүнд байгаа нь үнэн. Хөдөө, орон нутгаас шилжин ирэгсэд маань тухайн хороо, дүүрэгт хаяггүй, эзэмшлийн гэрчилгээ байхгүй зэрэг нийтлэг зөрчил ихтэй байна.
-Нийслэл рүү чиглэсэн их нүүдэл 20 гаран жил үргэлжилж байна. Цаашдаа ч үргэлжлэх төлөвтэй. Мэргэжлийн хүний хувьд шилжин ирэгсдэд юуг анхааруулж, зөвлөх вэ?
-Нийслэлийн иргэнээс илүү Улаанбаатар хотод амьдрахаар ирж буй хөдөө, орон нутгийн иргэд маань үерийн аюулыг маш сайн мэддэг. Мөн Монголын уламжлалт амьдрах ухааныг ч илүүтэй мэддэг. Энэ утгаар шилжин ирэгсдэд үерийн далан, суваг голдирлын дагуу байрлах газар өмчлүүлэх гэрчилгээтэй болон гэрчилгээгүй газарт буухгүй байхыг анхааруулж байна. Мөн та нийслэлийн иргэн болохоор ирж байгаа бол буух газар чинь хууль ёсных мөн үү гэдгийг дүүргийн газрын албанаас асууж лавлах хэрэгтэй. Шилжин ирэгсдэд ийм дутагдал байдаг. Нийслэлийн иргэн болоогүй, газрын зөвшөөрөл гаргуулаагүй байж, хашаа байшин барьчихдаг. Гэтэл уг газар зөвшөөрөл олгогдоогүй, ерөнхий төлөвлөгөөнд орсон газар байдаг. Үүнээс болж асуудал үүсдэг.