Б.МЯГМАР
Статистикийн хорооноос анх удаа гаргасан нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд монголын 10 хүүхэд тутмын нэг нь өсөлтийн хоцрогдолтой гэжээ. Хүүхдийг хоёр нас хүртэл нь өсөлтийн витамин, амин дэм, илчлэг ихтэй хоолоор хооллох хэрэгтэй гэж ДЭМБ-ын зөвлөмжид байдаг ч өрхийн дийлэнх нь амин дэм, илчлэг ихтэй хоол тэр бүр авч чадахгүй байгаагаас хүүхдийн өсөлтийн хоцрогдол гэх эмгэг бий болж байна. Тухайлбал, манайд зарагдаж байгаа өсөлтийн витаминуудаас хамгийн элбэг байдаг пантошка 18000-25000 төгрөг бол Монголд үйлдвэрлэдэг натурвит хамгийн хямд үнэтэй буюу 3000 орчим төгрөг байна. Иймээс эмийн худалдааны бөөний төв хэмээн нэрлэгдэх “Бөмбөгөр” худалдааны төвийн ойролцоох эм ханган нийлүүлэх байгууллагуудаар орлоо. Энд хүүхдийн эмийн тасаг хэмээн тусгай өрөө гарган өнөө витамин, нэмэлт тэжээлийг ёстой л төрөл бүрээр нь дэлгэн тавьжээ. Голдуу АНУ, БНСУ, ОХУ-аас оруулж ирсэн импортын гэгдэх витаминууд өндөр үнэтэй харагдана. Харин дотоодын үйлдвэрийн витаминууд харьцангуй бага үнэтэй ч олдоц, нэр төрөл нь цөөн харагдсан. Энэ үеэр эм болон витаминуудыг бөөнөөр авч байгаа зарим иргэнтэй уулзаж ярилцав.
С.Шинэчимэг хэмээх бүсгүй “Манай эмийн сан 10 дугаар хороололд байрладаг. Хүүхдийн эм, тариа витаминууд бусдаасаа илүү зарагддаг талтай. Манайх орон сууцны хороолол болоод ч тэр үү энэ төрлийн бараа гүйлгээтэй байдаг. Хүүхдийн витамин авсан эцэг эхчүүд дахиж ирээд нөгөө витаминаасаа авъя л гэдэг. Сүүлийн үед олон нэр төрлийн витамин, нэмэлт тэжээл гардаг болсон. Тиймээс би гэрээтэй байгуулагуудаасаа л бараа татдаг. Янз бүрийн хүмүүс ирээд ийм витамин байна. Тийм ч нэмэлт тэжээл байна бөөндөнө гээд ирдэг л юм. Гэхдээ аль болох суурин бас улсад бүртгэлтэй газраасаа л авдаг” хэмээн ярьсан юм.
Харин долоон буудалд үйл ажиллагаа явуулдаг гэх эмийн сангийн эрхлэгч “Манай эмийн санд ойр зуурын ханиадны эм л эрэлттэй байдаг. Хүүхдийн өсөлтийн витамин гээд хэдэн витамин аваачиж тавьсан. Одоо хүртэл зарагдахгүй л байна. Ер нь, манайх чинь гэр хороололд болохоор үнэндээ өртөг өндөртэй витамин нэмэлт, тэжээл зарагддагүй. Асууж орж ирдэг ч хүн ховор” гэв. Ингээд бодохоор ядруухан амьдралтай нэгний хувьд хүүхэддээ өндөр үнэтэй витамин авч өгнө гэдэг худлаа.
Хэдийгээр нэмэлт витаминууд үнийн хувьд харьцангуй өндөр ч тэжээл шахуу болсон эдгээр эм бэлдмэлийг шүтэх иргэд олширсон. Боломжийн амьдралтай нэгний хувьд ам дамжиж сайн гэсэн витамин, тэжээл бүрийг авч хүүхдэдээ ч хоол мэт л өгөх явдал газар авсан гэхэд хилсдэхгүй. Хамгийн наад зах нь цахим ертөнцөөр “АНУ, БНСУ-аас захиалгаар хүүхдийн витамин авч ирнэ. Хүүхдийн өсөлтийн витамин тэдэн төгрөг” гэсэн зар хаа сайгүй харагдана. Эцэг эхчүүд ч элдвийг асууж сураглан “авья авчраад өг” гээд сэтгэгдэл цувруулна.
Харамсалтай нь өнөө маргаашийн хоолоо яая гэж байгаа айл өрхүүд хүүхэддээ юун үнэтэй витамин, нэмэлт тэжээл авч өгөх. Хоногийнхоо хоолоо авах уу, нэг хүүхэддээ нэмэлт тэжээл авах уу.
Витамин байтугай хоол хүнсээрээ ч хэрэгцээт тэжээлээ авч чадахгүй айл өрх ч байсаар байна. Төр засгийн зүгээс нийгмийн халамжийн талаар авч хэрэгжүүлэх бодлогод нэн ядуу болон амьдралын баталгаажих түвшнөөс доогуур амьдралтай айл өрхөд хүнсний талон олгож буй. Гэсэн ч нэг хүнд сарын арван мянган төгрөгөөр тооцож олгох хүнсний талон нь хоол хүнснээс авах илчлэг тэжээлийг нөхөж чадахгүй нь тодорхой.
Ингээд нэг талдаа нэмэлт тэжээлийн хомсдолд орсон хүүхдүүд байхад нөгөө хэсэгт нь илүүдэлд орох нь олширсоор байна. Сүүлийн үед рахит өвчинтэй хүүхэд нэмэгдэх болсон талаар эмч мэргэжилтнүүд онцолж буй. Иймээс А болон Д витаминыг өрхийн эрүүл мэндийн төв дээр үнэгүй олгодог гэдэг ч байсхийгээд л тасарчихсан гээд сууж байдаг. Эцэг эхчүүдийг өөрсдөө худалдан авч өгөөрэй гээд л гаргадаг.
Түүнчлэн агаар болон хөрсний бохирдол, тоосжилт зэрэг хүчин зүйлээс шалтгаалан өсөлтийн хоцрогдол үүссэн нярай хүүхдийг хүүхдийн тэжээлээр хооллох нь нэмэгдсэн. Өөрөр хэлбэл арван хүүхэд тутмын зургаа нь эхийн сүүгээр хооллож чадахгүй байгаа юм. Эхийн сүүг орлох бүтээгдэхүүн нь хүүхдэд шаардлагатай амин дэмийг хангалттай өгч чаддаггүй гэдгийг эрдэмтэд аль хэдийнэ тогтоосон. Мөн тав хүртэлх насны хүүхдийн найман хувь нь уушигны хатгалгаатай гэсэн судалгааны дүн ч харагдана. Уушиг үрэвсэх нь өнөөх л хоол тэжээлийн дутагдалтай бас л холбоотой байдаг гэдгийг эмч анхааруулсаар байгаа ч буурсан зүйл алга.