Б.МЯГМАРНийслэлийн хүн ам өдрөөс өдөрт нэмэгдэж тэр хэрээр нийслэлд барилга орон сууцны эрэлт ихэссээр байна. Харин энэ эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийслэлийн удирдлагууд төрөл бүрийн арга хэмжээ авч байгаагийн нэг нь ахмадын буюу халамжийн орон сууц. Нийслэлийн удирдлагуудаас байр, орон сууц хүссэн өргөдөл нэлээд ирдэг байна.
Сая давсан хүн амтай болж байгаа улаанбаатарчуудын хувьд халамжийн орон сууц хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлж байгаа нь энэ. Халамжийн орон сууцны эхний ээлж хоёр жилийн өмнө ашиглалтад орсон бөгөөд одоогоор тус төслийн хоёрдугаар ээлж амжилттай хэрэгжиж байна. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, долоодугаар хороололд “Ахмадын орон сууц”-ны хоёрдугаар ээлжийн орон сууц баригдаж буй. Хоёр жилийн өмнө ашиглалтад орсон “Ахмадын хотхон-1”-ийн баруун талд хоёрдугаар ээлжийн орон сууцны ажлыг гүйцэтгэж байна. Тус орон сууцыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Баярс Контракшн” гүйцэтгэж байгаа юм.
Энэхүү орон сууцанд ахмадуудаар хязгаарлагдахгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон байгалийн гамшгийн улмаас орон гэргүй болсон айл өрхүүд орох боломжтой. Энд тус бүр нь 132 айлын 3 блок, нийтдээ 396 айлын орон сууц баригдахаар төлөвлөгдсөн.
Эхний ээлжийн 132 айлын орон сууцыг энэ оны гуравдугаар улирлын сүүлч, дөрөвдүгээр улирлын эхээр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэсэн. Харин халамжийн орон сууцыг түрээслэх хүсэлтэй иргэдийн хүлээлт үүссээр буй юм. Тэгвэл тус орон сууцны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд өргөдлөө Хангарьд ордонд байрлах нийслэлийн иргэдийг хүлээн авах төвөөр дамжуулан Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанд хүргүүлэх юм. ЗАА-ныхан иргэдийн хүсэлтийг харьяа дүүргүүдэд нь хүргүүлснээр Дүүргийн Засаг Даргын захирамжаар байгуулагдсан сонгон шалгаруулах комисс шалгаруулах ажлыг хариуцан ажиллана. Нас өндөр гарсан эсвэл хэн нэгний гарыг харах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хямд өртөгтэй түрээсийн орон сууцанд амьдарна гэдэг боломж. Иймдээ ч халамжийн орон сууцны эрэлт их байгаа аж. Хоёр жилийн өмнө ашиглалтанд орсон “Ахмадын хотхон-1”-д 1995-2012 оны хооронд өргөдлөө өгсөн 300 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн нүүж орсон байдаг. Түрээсийн төлбөрийн хувьд сард нийт 77.4-111 мянган төгрөг буюу ам.метрийг нь 3000 төгрөгөөр байраа түрээслээд ашиглалтын зардлаа нэмж төлөн амьдрах юм. Хоёрдугаар ээлжийн орон сууцны түрээсийн төлбөр ч өмнөхтэй адил байх гэнэ.
Халамжийн орон сууцанд орох иргэд өмнө нь улсаас орон сууц авч байгаагүй, Улаанбаатар хотын харьяат, сүүлийн таван жил нийслэлд амьдарсан, өрхийн орлого нь ашиглалтын болон түрээсийн зардлаа төлөх чадвартай мөн нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон гурван сарын түрээсийн болон ашиглалтын зардалтай тэнцэхүйц хэмжээний барьцааг төлөх чадвартай, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, эсхүл халамжийн тэтгэмжээс өөр орлогогүй байх зэрэг шалгуурт нийцсэн байх ёстой юм.