Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“120 гаруй өрх гудамжинд өвөлжихдөө тулаад байна”

Б.МЯГМАР

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 14 дүгээр хороолол буюу Жуков орчмын айл өрхийг нүүлгэн шилжүүлж, тухайн орчимд сургууль, цэцэрлэг үйлчилгээний төв бүхий хотхон байгуулна хэмээж байсан. Гэсэн ч иргэд газраа чөлөөлөөд хоёр жил болж байхад газар дээр нь барилга баригдахгүй байгаад бухимдаж байна. Учир нь, “Бүрд констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт” ХХК  120 гаруй айл өрхийн газрыг чөлөөлж тухайн газарт орон сууц барьж ашиглалтад оруулах хүртлээ иргэдэд түрээсийн мөнгө хэмээн сар бүр 700 мянган төгрөг олгоно гэж гэрээ хийжээ. Дээр нь энэ оны долоо, наймдугаар сард орон сууцандаа орохоор заасан байна.  Гэтэл одоогоор орон сууцных нь сураг алдарч тэрч бүү хэл долоо, наймдугаар сарын түрээсийн мөнгөө өгөхгүй байгаа гэнэ. Мөн түрээсийн мөнгийг нь сарын 450 мянган төгрөг болгоно гэжээ. Иргэдийн зүгээс компанийн удирдлагуудтай удаа дараа уулзах хүсэлт тавьсан боловч хүлээж аваагүй байна. Энэ талаар тус хорооны оршин суугч Л.Батболд “Манайх газраа чөлөөлөөд хоёр жил боллоо. Гэтэл “Бүрд констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт” ХХК  барилгын ажлаа огт эхлүүлээгүй. Хоосон хашаа хатгасан хэвээр байдаг. Дээр нь түрээсийн мөнгө ч өгөхөө болилоо. Одоо бид нар хаана, хэнд хандахаа мэдэхээ байлаа. Хотын удирдлагууд руу албан бичиг хүргүүлсэн ч хариу нь ирээгүй. Гэтэл “Бүрд пропертийз” компаниас бүүр сүүлд  газраа чөлөөлж авсан компаниуд эхнээсээ орон сууцаа бариад иргэдээ оруулаад эхэлсэн. Эхэндээ сайхан зүйл ярьж газрыг маань авчихаад одоо болохоор биднийг тоохгүй юм. Ингэж олон иргэнийг хохироож болохгүй биз дээ. Хэрэв бид газраа өөр компанид зарсан бол хамаагүй өндөр үнэ хүрэх байсан. 14 дүгээр хорооллын газар чинь хотын А зэрэглэлд автобусны буудал, зах, худалдааны төв гээд бүхий л зүйлдээ ойр. Тэгээд ч  би газраа бусад хүмүүс шиг өндрөөр үнэлээгүй. Хоёр өрөө орон сууцаар л үнэлсэн. Одоо 120 гаруй өрх айл гудамжинд гарах дээрээ тулаад байна” хэмээн гомдоллож байлаа.

Мөн тэрээр “Бүрд констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт” ХХК-ийн энэ үйлдлээс болоод бусад айл өрх ч газраа чөлөөлж дахин төлөвлөлтөд орохоос эмээж байна. Бусад компаниуддаа ч  үйл ажиллагаа явуулахад нь саад болж байна” гэлээ.

Мөн энэ талаар тус хорооны оршин суугч Х.Цэндсүрэн “Анх бид энэ газартаа баригдах орон сууцанд орно гэж гэрээ хийсэн. Харин одоо бол хаана ч байсан хамаагүй нэг орох оронтой л болж авмаар байна. Түрээсийн байранд амьдрах хэцүү гэдгийг биеэрээ мэдэрлээ. “Бүрд констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт пропертийз” ХХК-г хараад суух юм бол эцэстээ юу ч үгүй хоцрох шинжтэй. Төр засгийн зүгээс явуулж байгаа үйл ажиллагааг ингэж гацааж болохгүй биз дээ. Хотын захиргаа болон бидний зүгээс энэ  компанид итгэл үзүүлээд олон барилгын компаниас сонгож төсөлд оролцуулж байхад хариуцлагагүй ажиллаж байна. Дахин төлөвлөлтийн  бусад компаниуд ажлаа хийгээд иргэдийг хохироолгүй хэн хэндээ ашигтайгаар болоод байгаа харагдах юм. Зарим оршин суугч болохгүй бол эргээд газар дээрээ буусан ч яахав гэж ярих болсон” хэмээв. 

Иргэд эрх ашгаа хамгаалах үүднээс “Иргэдийн түр зөвлөл” төрийн бус байгууллагыг байгуулжээ. Ингээд “Бүрд констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт” ХХК-ийг энэ хэвээрээ барилгын ажлаа эхлүүлэхгүй юм бол тэд шүүхэд хандахаар ярилцаж байгаа гэнэ.

Харин “Бүрд констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт ” ХХК-ийн төслийн менежер Б.Үүрдмөнхөөс энэ талаар лавлахад “Манай компанийн хувьд Америк, Япон, Хятад зэрэг улсад ашигладаг өндөр технологи оруулж ирж байгаа учраас шинэ стандарт норм орчуулах, батлуулах гэхчлэн их ажилтай байна. Эдгээр бэлтгэл ажилтай холбоотойгоор барилгын ажил эхлэхгүй удааширсан тал бий. Манай компани 7.5 га талбайд 2500 айлын орон сууц, худалдаа, үйлчилгээний төв, цэцэрлэг, сургууль бүхий цогцолбор хороолол барихаар ерөнхий төлөвлөгөөгөө бат­луул­сан. Энэ жил барил­гын ажлаа эхлүүлж ирэх онд эх­ний ээлжийн орон суу­цаа ашиглалтад оруу­лахаар ажил­лаж байгаа” талаар ярилаа.
Тус компанийн хувьд одоогоор таван тэрбум төгрөгөөр цэвэр, бохир ус, цахилгаан, дулааны зураг төсөл, угсралтын ажлыг хийжээ. Төсөл хэрэгжих хугацаанд иргэдийн амьдрах байрны түрээсийн зардлыг бүтэн жилээр тооцож нэг айлд 8.4 сая төгрөг өгсөн аж. Хоёр жилийн өмнө газраа чөлөөлсөн иргэдтэй хийсэн гэрээ энэ сард дуусах учир гэрээгээр хүлээсэн үүргээ бие­лүүлж, өөр байршилд өөрийн хөрөнгөөр барьсан орон сууцандаа оруулж эхлэхээр болсон талаар хэлж байлаа.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу, НИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр 21 байршлыг тогтоогоод байгаа.  Эдгээр байршилд 13488 нэгж талбарын 1325.8 га талбай хамрагдаж, төлөвлөлтийн бүсэд нийт 69072 хүн ам амьдарч байгаа юм. Одоогийн байдлаар Баян­зүрх, Чингэлтэй, Сүх­баатар, Сонгинохайрхан дүүр­­гийн нийт 17 байршилд 686.1 га талбайд 29 ком­пани гэр хорооллын да­хин төлөвлөлтийн төсөл хэрэг­жүүлэх эрх бүхий батламжаа гардаж авсан бол  11 төсөл хэрэгжүүлэгч компани 577 нэгж талбарын 26.6 га талбайг иргэдтэй зөвшилцөн чөлөөлжээ.  Чөлөөлсөн талбайд эхний ээлжийн 3200 айлын орон сууцны барилгын ажил эхэлж байсан.

Харин Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хороонд байршилтай Орон сууцын 14 дүгээр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төслийн талбайг А, Б, В, Г, Д, Ё, З  гэсэн блокд хуваасан.  Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны орчим, долоон  га “А” хэсэгчилсэн талбайд “Бүрд констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт ” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан бөгөөд ажлын талбайд 120 айлын газрыг чөлөөлсөн.  2015 онд 3760 айлын орон сууц болон 960 хүүхдийн сургуулийг ашиглалтанд оруулна хэмээж байсан юм.

0 Сэтгэгдэл
MAH avligachid harts arduudaaraa toglood duuslaa shuu dee?
Хамгийн их уншсан