Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шашны наадам тэмдэглэдэг уламжлал эргэн ирэв

Л.ХАТАНБААТАР

Өнөөгийн бидний тэмдэглэдэг дэлхийд ганцхан гэгдэх дээлтэй  монгол наадам маань жанжин Д. Сүхбаатарын үүсгэл санаачлагаар 1922 оны долдугаар сард “Цэргийн” хэмээх  нэртэйгээр анх байгуулагджээ. Үүнээс өмнө морьтон монголчууд долоон хошуу Даншиг наадмыг хийсээр хэдэн зууныг элээсэн байх юм. Түүх сөхвөл, Батмөнх даян хааны отгон хөвгүүн Гэрсэнз жалайр хунтайжийг (1515-1549) нас барсны дараа түүний их хатан нь долоон хөвгүүндээ арын арван гурван отгийг хуваан өгсөн байна. Ингэж Халх долоон хошуу үүсчээ. Монголын ноёд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг 1639 онд Халхын анхдугаар богд Жавзандамба хутагт хэмээн шашны тэргүүнд өргөмжилжээ. Тэр  жилдээ  хөвгүүн Занабазарыг Халхын анхны богдоор өргөмжилсөн Их ёслолд зориулан одоогийн Өвөрхангай аймгийн нутагт орших Ширээт цагаан нуурын хөвөөнд Халх долоон хошууны  наадмыг  хийсэн байна. Халх долоон хошуу нийлж хийснээр тус наадмын нэр хүнд өндөр, түмэн олныг хамрах хүрээ ч их болсон  байна. Энэ цаг хугацаанд Манжийн дарлал дор байжээ. Иймээс  давхар утгаараа  Даншиг наадам нь монголын тусгаар тогтнол, эв нэгдэл, сайн санааны билэг тэмдэг ч болж байсан түүхтэй.

 Монголчууд хурдан морио уралдуулж, эрхий мэргэнээ шалгаруулж, хүчит бөхөө барилдуулан  Даншиг наадмаа  хийсээр  1911 онтой золгожээ. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж, Монголын хаан ширээнд наймдугаар богд Жамзандамба залармагц  Даншиг нэрийг нь халж арван засгийн наадам хэмээн нэрийдэх болжээ. Ингээд Даншиг нь шашны бус төрийн наадам хэмээн нэрлэгдэх болж. 1922 оноос Цэргийн, 1925 оноос Ардын, 1946 оноос Ардын хувьсгал ялсны ойд зориулсан наадам гэх мэтээр нэрийн хувьд өөрчлөгджээ.  Наадамд  шашны холбогдолтой хийдэг зан үйлийн ёслол орхигджээ. Харин сүсэгтэн олны хүсэл санаачилгаар Даншиг наадмыг анхны байдлаар сэргээн хийх талаар монголын бурхан шашны төв Гандандэгчинлин хийд, НЗДТГ хамтран шийдвэр гаргасан байна. Шийдвэрийн дагуу “Даншиг наадам- Хүрээ цам 2015” наадмыг  өнгөрсөн амралтын өдрүүдэд Хүй долоон худагт хийлээ.

Даншиг наадмыг нээж НИХТ-ийн дарга Д. Баттулга үг хэлэв. Тэрээр “Наадамчин олон та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Одоогоос 300 гаран жилийн өмнө Өндөр гэгээн Занабазарыг залах үеэс эхэлж, Даншиг наадмыг зохион байгуулж ирсэн түүхтэй. Энэ жил Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой тохиож байна. Гандандэгчинлин хийд болон Улаанбаатар хо­тод үйл ажиллагаа явуулж буй томоохон хийдүүд хамт­ран Даншиг наадам хийн шаш­ныхаа түүх соёлыг сэргээе гэсэн санаачилга гаргасан. Энэхүү санаачилгыг нийслэлийн удирд­лага дэмжин “Найрсаг Улаан­баатар” хөтөлбөрийн хүрээнд жил болгон зохион бай­гуулахаар боллоо. Очир­ваань бурханыг тахиж, Өн­дөр гэгээнээ залсны дараа тү­мэн олон маань эрийн гурван наадмаа хийдэг уламж­лал­тай. Та бүхэн сайхан наадаарай. Төр маань түвшин, түмэн олон амгалан байх болтугай” хэмээлээ. Дараа нь Монголын бурхан шашны төв Гандандэгчинлин хийдийн Тэргүүн хамба гавьж Д.Чойжамцын мэнд­чилгээг түүний бие тө­лөө­лөгч наадамчин олонд уншиж танил­цууллаа. Уг мэндчил­гээнд  “Авралт багш гурван эрдэ­нэ дор мөргөм үү. Эрхэм хутагт хувилгаад, хурсан хув­рагууд, нийслэл хотын хүн­дэт төлөөлөгчид, зочид гий­чид болон сүсэгтэн та олон бүгдийн амар амгаланг айлт­ган мэндчилж байна. Ган­дан­­дэгчинлин хийд гол­лон Улаанбаатар хотын захир­гаа­тай хамтран “Найрсаг Улаан­баатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам” ша­шин соёлын наадмыг хамтран зохион байгуулж буй нь өв уламжлалаа сэргээх, сүсэгтэн олны гэгээрэх хүслийг хангах, улмаар дэлхий дахинд түүнийг танин мэдүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн явдал болж байна. Даншиг наадам нь түүхэндээ Монголчуудын эв нэгдэл, шашин шүтлэг, баяр цэнгэлийн эрхэм нандин уламжлал байжээ. Шашин соёлын наадам нь бидний язгуурын багш анхдугаар богд Өндөр гэгээн Жавзандамба хутагтын мэлмий гийсний 380 жилийн ойтой давхар тохиож байгаа нь бурханы шавь сүсэгтэн олон бид бүгдийн хувьд өлзий гийсэн, учрал ерөөлтэй үйл явдал боллоо. Сүсэгтэн олон та бүгд сүсэг бишрэл, итгэл үнэмшлийг хичээн болгоож буяныг эрхэмлээрэй. Хамаг амьтан амар амгалан байхын даян дэлхийд энх амгаланг цогцлоохын шалтгаан нь болж нэгэн үзүүрт сэтгэлээр даган баясмуй. Ум сайн амгалан байх болтугай” гэв.  
Хуучны уламжлал ёсоор наадмыг нээж  Богд хаант Монгол Улсын төрийн дуулал болох “Зуун лангийн жороо луус”-ыг  нийслэлийн “Улаанбаатар” чуулгын дуучид, найрал хөгжмийн хамтаар дууллаа. Дараа нь Өндөр гэгээний дүрийг Төв асарт залахаар бариул бүхий жуузыг дөрвөн лам өргөсөөр наадмын талбайн урд хэсгээс гарч ирлээ. Үүнтэй зэрэгцэн гуулин, цан хөгжмийн бишрэл төрүүлэм аяз эгшиглэхэд  Өндөр гэгээнийг сүсэгтэн олон уухайлан хүлээж авч байв. Өндөр гэгээний дүрийг Төв асарт залах ёслол нарийн дэг жаяг, бишрэл хүндлэлийн дор болж өнгөрлөө. Өндөр гэгээнд зориулан бурханы олон шавь нар  буяныг хурааж “Мандал” өргөх зэргээр шашны зан үйлийг хийж байсан нь Төрийн наадмаас  өөр дэг жаягийг агуулж байв.  Монголын анхдугаар Богдыг ширээнд нь залахад шашны эдгээр ёс заншлыг хийж, гүйцэтгэж байжээ. Бурханы олон шавь нар бүгдээр нийлэн монголын ард түмний сайн сайхны төлөө Очирваань бурханы магтаалыг уншлаа. Ингэж уншсанаар 99 жилийн хооронд цаг бусын үхлийн аюулыг арилгах, од харвах, солир унах, дэлхийн элдэв тэнгэрийн эрхэстэй мөргөлдөхийн аюулыг үгүй болгох шидтэй юм байна. Тус бурхныг эрт дээр үеийн хаад, мэргэдээс  эдүгээг хүртэл монголын ард түмэн шүтэн биширч иржээ. Хүчтэний орны гол сахиус бол хэмээн Бурхан багш Очирваань бурхныг монгол түмний заяа буяныг даагч зүрхэн шүтээн болгон томилсон ажээ.


Н.Гантөмөр : Ардчилал ялж тасалдсан уламжлалыг сэргээж байна

Харин иргэдийн дунд төсвийн мөнгө үрэн, найр наадам хийх хэрэггүй гэсэн шүүмжлэл их байсан. Иргэдийн энэ шүүмжлэлийн талаар нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр “Хүн болгоны үзэл бодол өөр. Буяныг хурааж, бузрыг зайлуулдаг Цам харайх ёслол байна. Үүнийг жилд нэг удаа хийдэг байсан. Энэ уламжлал тасраад удсан. Ардчилал ялж тасалдсан уламжлалыг сэргээж байна. Өглөө зургаан цагаас ном хурахад 3000 хүний суудал дүүрэн байв. Нийслэлчүүдэд үнэхээр хэрэгтэй, үнэ цэнэтэй зүйл байсан нь үүгээр харагдсан гэж бодож байна. Ардчилсан нийгэмд хүн бүр санал бодлоо хэлж, шүүмжлэх эрхтэй” хэмээн хэлэв.

Юутай ч, ёслол дуусны дараа хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ. Улс, аймгийн цолтой 256 бөх барилдахаар бүртгүүлжээ. Энэ барилдаанд түрүүлж үзүүрлэсэн  бөхчүүд “Даншиг”-ийн хэмээх цол авна. Энэ талаар нийслэлийн Биеийн тамир спортын газрын дарга, улсын заан Ж.Ганболд “Даншигийн наадам жил болгон болно. Энэ жилийн  бүх даваа сугалаагаар явагдана. Дараа жилээс эхлэн, авсан цолын дагуу ам аван барилдах болно. Гандандэгчинлин хийдийн тэргүүн Хамбын шийдвэрээр түрүүлсэн бөхөд  Даншигийн Арслан, үзүүрлэсэн бөхөд Даншигийн Заан, зургаа давсан бөхөд Даншигийн чимэгтэй начин, тав давсан бөхөд Даншигийн Начин цол тус тус олгож, үнэмлэх тэмдэг гардуулна” гэлээ.  Мөн тэрээр “Энэ цол зөвхөн Даншиг наадамд үйлчилнэ. Улс, аймгаас олгосон цол бол төрийнх. Даншигийн цол Улс, аймгийн наадамд үйлчлэхгүй” гэв.
Эрийн гурван наадмыг хурдан морины уралдаангүйгээр төсөөлөх аргагүй. Тус наадамд азарга, их нас болон соёолон морьд уралдав. Азарганы уралдаанд арваад аймгийн 100 гаран хурдан буян уралдсанаас Төв аймгийн Баянцагаан сумын уяач Х.Баярбатын Хээр азарга түрүүлж торгон жолоогоо өргүүллээ. Их насанд 121 хурдан хүлэг уралдсанаас  нийслэлийн Хан-Уул дүүргийн уяач Н.Мөнхбаясгалангийн Зээрд халзан түрүүлж, торгон жолоогоо өргүүлэв. Хамгийн хурдан гэгддэг соёолон насны морьдын уралдаанд 112 хурдан хүлэг уралдсанаас Төв аймгийн бүрэн сумын уаяч Ө.Жаамаагийн Хул соёолон түрүүллээ. Мөн сур харваанд  Монгол Улсын мэргэн цолтой 23, спортын цол зэрэгтэй 180, болон 100 гаран залуу харваач оролцож цэц мэргэнээ сорьсноос 220 нь  эрэгтэй, 110 нь эмэгтэй  харваачид байлаа.


Цамын бурхад бүжив

Даншиг наадмын хоёр дахь өдөр хүрээ цамаар эхэллээ. Цам нь Төвдөөс уламжлагдан ирсэн боловч монгол зан төрх, зан үйлийг шингээсэн шашин соёлын нэгэн өв болтлоо хөгжжээ. Цам бүжгийн зорилго нь муу бүх үйлийн үндсийг таслах зорилготой байдаг. Ийм ч учраас цам үзсэн хүн сэтгэл ариусч, гэгээрэлд хүрэх ерөөлийн дээд болдог хэмээн учир мэдэх хуучны хүмүүс ярьдаг байв. Догшин дүртэй цамын бурхадын бүжиж буйг гадаадын иргэд ч ихээр сонирхон үзэж  байв.

Төв талбайн хажууд эгнэн байрлах олон тооны асарт лам нар балин хийж байсан нь сүсэгтэн олны анхаарлыг чамгүй татсан юм. Оюун ухаан, гарын ур гарган хуурч болгосон арвайн гурилаар бурханы өмнө тахих суварган, гурвалжин цац хэлбэртэйгээр хийдэг байна. Балин хийж бурханы өмнө өргөснөөр гадна дотны саад тотгор, хэрүүл тэмцэл, өвчин зовлонг ариусгах нигууртай хэмээн үздэг байна. Энэ мэтээр наадам уйдах завгүй сонирхол татан үргэжилжилж байв. Даншиг наадамд нийт 256 хүчит бөх барилдсанаас үзүүр түрүүнд (наймын даваа) Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Б.Гончигдамба, Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдэвга нар тунаж үлдсэн юм. Ингээд Р.Пүрэвдавга найм давсанаар Даншигийн Арслан цол, долоо давсан Б.Гончигдамба Даншигийн Заан цол хүртлээ.

Ийнхүү өнгөрсөн амралтын өдрүүдэд буддын шашинт монголчууд 90 гаран жил тасарсан Даншиг наадмаа хуучны уламжлалт ёс жаягийн дагуу Хүй долоон худагт хийн сүсэгтэн олноор сайхан наадлаа.





























0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан