Биеийн тэнхлэгийн дулаан нь орчны агаарын температураас хамаарч нилээд хэлбэлзэлтэй байдаг. Халуун оронд биед дулаан үүсэх нь хэрэгцээ талаасаа түгжигдмэл байдаг аж. Ийм болохоор хүний биеийн дулаан үүсэх гурван гол эрхтний нэг болох хоол боловсруулах суваг, тэр тусмаа бүдүүн гэдэсний дулаан үүсгэх үүрэг нь балархай байдалд байдаг. Тэгэхээр хоол боловсруулах үйл ажиллагаанд ашиглагдах дулааны энергийг хаанаас авдаг вэ гэдэг асуудал гарна.
Гол нь хөрсөн хүмүүс хэмээн нэрлэгддэг эдгээр хүн хоол боловсруулах сувгаа дулаацуулахын тулд томоохон артерийн судсаа тойрсон бор өөхний эдийн урвалаа ашиглаж судсаа, улмаар цусаа халаагаад, халсан цусаараа дамжуулж дулаан их авахын тулд хоол боловсруулах эрхтэнийхээ ханын судсан торыг өргөсгөж, цус дүүрэлтийг нь ихэсгэдэг. Ингэхийн тулд хоол идэхийн өмнө ходоод гэдэсны судас өргөсгөгч өндөр градуст архийг бага багаар шимж хэрэглэдэг заншилтай. Өндөр градустай архийг ийн хоолондоо хэрэглэх нь хоол тэжээлтэй хамт орж ирсэн элдэв шимэгчийг устгах сайн талтай.
Тэгвэл эсрэгээр сэрүүн бүст амьдардаг хүмүүст хоол боловсруулах суваг бие махбодыг халаахад давамгай оролцож, биеийн гол тэнхлэг халуун хүмүүс байдаг. Уламжлалт анагаах ухаанд ийм хүмүүсийг дотор буюу гол нь халуун хүн гэдэг. Ийм хүмүүст ходоод гэдэсний гал хөөрсөн байдаг учраас өндөр градустай архи хэрэглэхэд нэн зохимжгүй гэж сургадаг. Ийнхүү биеийн тэнхлэгийн дулааны зохицуулга цацраг чиглэлээр биеийн гадуур бүрхсэн арьсны дулааны зохицуулгатай холбогдохыг цацраг зохицуулга гэж нэрлэдэг.
Биеийн гадаргаас дулаан дамжиж алдуулах тусгай тогтолцоо хүний биед бий. Үүний нэг нь арьсан доорх венийн судасны сүлжээ юм. Энэхүү сүлжээг халуун цусыг арьсаар дамжуулж хөргөх амьд радиаторын тогтолцоо гэж нэрлэдэг. Хүйтэн сэрүүн газар амьдардаг хүмүүс цусаа халаахын тулд хоол боловсруулах замаар дулаан ихээр үйлдвэрлэдэг. Нэг үгээр хэлбэл биеийн нь гол тэнхлэгийн дулаан өндөр байдаг. Амьдрах орчноосоо хамаарч тэр дулааныг бууруулах хэрэгцээ ч гардаг. Энэ тохиолдолд биеийнхээ голоос арьс руу чиглэсэн судасны зэрэгцээ холбоо ихэсч арьсан доорх венийн судсан тороо халуун цусаар дүүргэж түүний дулааныг арьсаар дамжуулан орчиндоо дулаан (агаар-ус хүрэлцсэн биес) шилжүүлж цусаа хөргөдөг. Халуун орны хүмүүст ийм урвал нэг их шаардлагагүй. Тэр бүст амьдардаг хүмүүс цусаа том артерийн судсаа дагасан бор өөхөөр халаадаг. Харин биеийн хүчний ажил хийвэл амьдрах орчноосоо хамаарч цусаа хөргөх урвал сэрүүн болон халуун бүсийн хүмүүст адил илэрнэ. Ямар ч бүст амьдарч байсан дээрх тохиолдолд булчинд үүссэн дулаанаас үүдэлтэй цус ихээр халахад шингэн зүйл их ууж хөлс, салстаар ууршуулж биеийн дулаанаа алдуулах хүйтэн ус, сэрүүн агаартай орчинд сууж хүрэлцэх үйлээр биеийн дулаанаа гадагшлуулж, цусаа хөргөдөг. Дулаан үүсэл алдалтын ийм нарийн зөрөө байдаг болохоор сэрүүн бүсийн оронд өсч төрсөн хүн халуун оронд удаан хугацаагаар амьдарч байгаад өвчилсөн тохиолдолд захын венийн судас нь олдохгүй тариа хийхэд бэрх болж, хүүхэд шиг төв судсандаа тариа хийлгэхэд хүрдэг. Энэ бүхэн физик-газар зүйн бүс сэлгэж, амь зуух нь эрүүл мэндэд чинь төдийлэн таатай биш гэдгийг хэн хүнгүй санаж хэрэгжүүлбэл зохилтойг илтгэж байна.
Хүн мөчөө түүнийг тэжээдэг том судасны эргэн тойронд байгаа бор өөхийг ашиглаж халаадаг. Тавхай алга өлмий хуруу халах нь урсгал мэдрэлийн гаралтай хямралын дулааны солилцоогоор илтгэдэг хам шинж юм. Монголчууд хорхог боодогны чулуу барьж хуруу гараа жигнэх, хуушуур, махан хоолыг халуунаар гарын арван хуруугаа хүргэж жигнэж идэх нь хий дардаг эмчилгээний сайн арга гэж үздэг нь сарвуу тавхайгаараа дамжиж бор өөхний үйл ажиллагаа, тэр тусмаа бодисын солилцоонд нөлөөлөх мэргэн арга юм.
Солонгос Японы эцэг эхчүүд хүүхдийнхээ хөл гарыг сэрүүвтэр улиралд төдийлэн дулаалахгүй мэнчийж улайтал нь нүцгэн авч явдаг нь дулаан орны хүмүүсийн биеэ дулаацуулах гол арга болох мөчдийн судас дагасан бор өөхийг сэрээж наанадаж мөчөө, цаанадаж биеэ халааж эрүүл эсэргүүцэл сайтай иргэн төлөвшүүлэх арга бололтой. Эхчүүд хүүхдээ ханиад томуу хүргэхгүй эрүүл чийрэг байлгах гэж ул, алга, хамрын уганд нь шар тос түрхэж өлгийддэг нь дээр өгүүлсэнтэй арга барил зорилгын хувьд нилээд төстэй юм. Үүний зэрэгцээ манайд хүүхдийг зун намар хонь хариулж хурга тугал эргүүлэхэд хөл нүцгэн явуулж хоолой гүрээг нь өвтгөхгүй болгож, биеийг нь чийрэгжүүлдэг арга байсан боловч амьдралын хэв маяг өөрчлөгдөж ийм уламжлал ор мөргүй алга болж байх шиг байна. Харин үүний эсрэг хүйтэн сэрүүний улиралд хөл гараа дулаалахаа умартаж, нүцгэн гүйсээр чөмгөө хөргөөд хүндээр өвчлөх нь ихсэх болжээ.
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль анатомийн тэнхмийн профессер
Д.Амгаланбаатар, багш Д.Нямсүрэндэжид