Л.ХАТАНБААТАР
Сүүлийн үед дэлхий дахинд төдийгүй манай улсад сэтгэцийн эмгэгээр өвчлөх явдал улам бүр ихэссээр байгаа билээ. Сэтгэцийн эрүүл мэндийн талаар иргэдэд тэр бүр нарийн тодорхой, цэгцтэй ойлголт байдаггүй. Олон улсын эрүүл мэндийн байгууллагын гаргасан статистик мэдээнд дэлхийн таван хүн тутмын нэгд сэтгэцийн тулгамдсан асуудал байна гэж үзжээ. Монгол Улсад 2013 онд энэ төрлийн судалгаа хийхэд зургаан хүний нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэсэн хариу гарчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламжтайгаар манай улс 2000 оноос хойш сэтгэцийн эмгэг судлал гэсэн тодорхойлолтоос татгалзаж, сэтгэцийн эрүүл мэнд гэсэн нэр томьёотой болсон юм. Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь эмгэг судлалыг бодвол илүү өргөн ойлголт. Өнөөгийн техник технологийн хурдацтай хөгжлийн үед амьдралын асар хурдтай хэмнэлд хэрхэн зохицон амьдарч сэтгэцээ хэвийн байлгах вэ гэдэг нь тулгамдсан асуудал болжээ.
Хүрээлэн буй орчиндоо дасан зохицох чадвартай хүнийг сэтгэцийн хувьд эрүүл гэдэг.
Хүн болгонтой таарамжгүй харилцан, нийгэмд биеэ зөв авч явж чадахгүй байгаа бол сэтгэцийн хувьд асуудалтай гэсэн үг. Манай улсын хүн амын нийт хүн амын 51 хувь сэтгэцийн хувьд эрүүл, 46 хувь нь сэтгэцийн асуудалтай, гурван хувь нь сэтгэцийн өвчтэй гэсэн судалгаа байдаг. Эндээс харахад 90 мянган хүн сэтгэцийн өвчтэй гэсэн ангилалд багтдаг ажээ. Сэтгэцийн эмгэгийг эрт илрүүлэх нь чухал. Ингэвэл эдгэрэх магадлал өндөр байдаг.
Аливаа улс орон болгонд сэтгэцийн өвчтэй хүмүүст зориулсан эмнэлэг бий. Манай улсын хувьд энэ эмнэлгийг 1929 онд 20 ортойгоор Туул голын хөвөөнд байгуулсан юм. Олны нэрлэдгээр “Шар хад”-ны эмнэлгийн байранд 1960-аад оны үед нүүн орсноор тус эмнэлгийн шинэ түүх эхэлжээ. 2006 оноос “Шар хад”-ны эмнэлгийн нэрийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хэмээн нэрлэх болсон хэмээн СЭМҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалт хариуцсан дэд захирал В.Баярмаа хэллээ. Мөн тэрээр “Монгол Улсын хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх лавлагаа төв болон зохион байгуулагдсанаар 21 аймаг, гурван хотын сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үзүүлж байгаа эмч, сувилагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч удирдаж ажиллах болсон. Манай СЭМҮТ-д эмч, сувилагч, асрагч болон бусад ажилтнаа оруулаад нийт 400 гаран хүн ажиллаж байна” гэлээ.
Өчигдөр тус эмнэлэг дээр ЭМСЯ-ны сайд Г.Шийлэгдамда, яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг болон холбогдох албаныхан ирж ажлын байдалтай танилцлаа. СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л.Насанцэнгэл сайдад ажлаа танилцуулж үг хэлэв. Тэрээр “Өнгөрсөн хугацаанд манай хамт олон үр бүтээлтэй ажиллалаа. 2014 онд өргөтгөлөө ашиглалтад оруулан эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Мөн 600 сая төгрөгийн өртгөөр хоногт 150 метр куб усыг 95 хувь цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж ашиглалтад оруулж үйл ажиллагааг хэвийн ажиллуулж байна. Төрийн өмчийн хорооноос 2014 оны Төрийн өмчийг шилдэг хамгаалагч байгууллага гэсэн өргөмжлөл хүртсэн” гэлээ. Ингээд сайд дагалдан яваа хүмүүсийн хамт шинээр баригдсан өргөтгөл буюу “В” блокийн ажилтай танилцав. Тус эмнэлэг хашаан дотроо олон тооны мод тарьж, улмаар зүлэгжүүлсэн нь орчны харагдах үзэмжийг нэмжээ. Манай эмнэлгийн ногоон байгууламж дүүргийн хэмжээнд байр эзлүүлбэл баталгаатай нэгд орно гэж эмч нар ярьж байв. Нэгдүгээр давхарт амбулатори байрладаг. Өвчтөнийг дүүрэг, дүүргээр нь тусдаа өрөөнд үзэж байв. Хан-Уул дүүрэг хариуцсан зөвлөх эмч С.Дашпэлжээгээс ажлын ачааллын талаар асуухад “Ачаалал их. Өдөр бүр 15-20 хүн үзэж байна. Зарим үед үүнээс илүү тооны өвчтөн үздэг. Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүний тоо жил болгон ихэсч байгаа. Энэ нь архи, тамхи, төрөл бүрийн донгийн хамааралтай хүмүүс юм. Солиоролтой хүмүүс харьцангуй цөөн байдаг” гэв. Өргөтгөлийн нэг давхрын зүүн жигүүрт хүүхдийн тасаг байрладаг. Гурван хот, 21 аймгийн хүүхдэд үйлчлэх улсын хэмжээний клиник 25 ортой гэхэд нэн чамлалттай санагдаж байснаа нуух юун. Тус тасагт булчин татах, архаг ядаргаатай, шээс задгайрах, төрөх үйлийн эмгэгтэй хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг. Хорин хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж байснаас нь “Контрынхон” гэж нэрлэгдсэн компьютерт донтох эмгэгтэй нэг, булчин татах эмгэгтэй зургаа, шээс задгайрах нэг, үлдсэн нь төрөх үйлийн эмгэгтэй хүүхэд хэвтэн эмчлүүлж байв. Төрөх үйлийн эмгэг гэдэг нь батлагдсан болон батлагдаагүй ёс зүй хууль дүрмийг зөрчихийг хэлдэг байна. Жишээ нь, тоглоомноос болж гэрээсээ мөнгө, эд зүйл хулгайлах нь энэ эмгэгийн хамгийн эхний шат. Цааш улам л даамжирна.
Тасгийн доторхи орчныг хүүхдэд ээлтэй байдлаар тохижуулжээ. Нэг өрөөнд гурвуулаа хэвтэж эмчлүүлнэ. Аюулгүй байдлын үүднээс наад талын ханыг нь шилээр хийсэн нь өрөөн доторхийг бүхэлд нь харагдуулах боломжийг олгожээ. Хүүхдийн Тасгийн эрхлэгч Д.Энхтуяа “Ганцаарчилсан болон бүлгийн сэтгэл заслын эмчилгээг хийдэг. Мөн номын, хөгжмийн эмчилгээг хавсарч хийж байна. Хүүхдийн оюун ухааны түвшинг тодорхойлох шинжилгээ гэж бий. Өөрөөр хэлбэл 5-16 нас хүртэл хүүхдийн оюун ухаанд сорил хийнэ. Цөөн тохиолдолд оюуны сааталтай хүүхдүүд догширдог. Эдгээр хүүхдийг 5-7 хоногийн дотор хэвтүүлэн эмчилж тусламж үзүүлдэг. Хүүхэд ядаргаанд амархан ордог. Хүмүүс үүнийг мэддэггүй. Хүүхэд ядардаггүй гэсэн буруу ойлголт нийтийн дунд байдаг. Хүүхдийг маш тайван нөхцөлд аль болох амрааж, унтуулж ядаргааг нь тайлж эмчилдэг” гэлээ. Орчин үед эцэг эхчүүд хүүхдийн сэтгэцийг эрүүл байлгахад юуг анхаарах вэ гэхэд Д.Энхтуяа эмч “Хүмүүс бие махбодийн эрүүл мэнд зөв амьдрах ухааныг ихэд судалжээ. Бие махбодийг гол удирддаг төв нь хүний уураг тархи сэтгэц юм. Сэтгэц эрүүл бол бие эрүүл байдаг. Сэтгэцийг эрүүл байлгахад хүүхэд ахуйгаас нь анхаарах хэрэгтэй. Хүүхдээ стресст бага өртүүлэх, таван нас хүртэл компьютер тоглоом тоглуулах шаардлагагүй” гэж хариуллаа.
Эмнэлгийн ажилтай танилцсаны дараа ЭМСЯ-ны сайд Г.Шийлэгдамба эмч ажилчдад хандан үг хэлэв. Тэрээр “Сэтгэцийн эмгэг судлалын шинжлэх ухаан бол анагаах ухааны маш чухал салбар. Тэр тусмаа олон улсын хэмжээнд сэтгэцийн эмгэгийн асуудлыг олон төрлөөр судалдаг. Монгол Улсын хувьд иргэдийнхээ сэтгэцийн үйл ажиллагаанд гарч байгаа аливаа өөрчлөлт, авч хэрэгжүүлэх байгаа тусламж үйлчилгээнд анхаарч ажиллах шаардлагатай байдаг. ЭМСЯ-ны харьяа СЭМҮТ гүйцэтгэж ирсэн уламжлалаа үргэлжлүүлэх, энэ салбарын боловсон хүчнийг давтан сургах, мэргэшүүлэх чиглэлд анхаарал тавьж ажиллах хэрэгтэй. Эмнэлгийн явуулж байгаа үйл ажиллагааг харахад маш хариуцлагатай, шинэ санаачлага ажилладаг хамт олон гэдэг нь ойлгогдож байна” гэв. Ингээд эрүүл мэндийн салбарт амжилт гаргасан зарим эмч нарыг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж урамшууллаа. Шагнагдсан эмч нарын нэг нь хөдөө орон нутгийн өвчтөн хэвтэн эмчлүүлдэг “Хурцын” тасгийн эрхлэгч С. Одонгэрэл юм. Тэрээр хөдөө орон нутгаас ажлын гараагаа эхэлж, нийт 16 жил энэ салбарт ажиллажээ. Тус тасгийн эрхлэгчээр томилогдсоноос хойш долоо дахь жилийнхээ нүүр үзэж байгаа аж. Ажлын онцлогийн талаар асуухад “Сэтгэцийн хурц өөрчлөлттэй хүнтэй ажиллана гэдэг бол эрүүл хүнтэй харилцахаас өөр. Манай эмнэлгийн нөхцөл хүнд гэж тооцогддог. Мэргэжилдээ үнэхээр хайртай, дуртай хүмүүс энд ажилладаг” гэж хариуллаа. Мөн “Манай тасаг 45 ортой. Хавар намрын улиралд өвчлөл ихэсдэг. Энэ үед орны хүрэлцээ хүрдэггүй. Зарим үед 50 орчим өвчтөн хэвтэн эмчлүүлэх тохиолдол бий. Бид эдгээр өвчтөнд гэр бүлийн хүмүүс нь хэрхэн хандаж асардаг тэр л янзаар бид асаргаа сувилгаа үзүүлдэг. Гуравдугаар шатлалын эмнэлэг учраас сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг. Дээр нь асаргаа, сувилгааг өдөр болгон хийдэг. Иймээс эрүүл хүнийг эмчлэхээс асар их ялгаатай” гэлээ. СЭМҮТ-ийн хамт олон хүн ардын сэтгэцийн эрүүл мэндийн төлөө өнгөрсөн тангарагтаа үнэнч зүтгэж байгаа нь сурвалжлагын явцад анзаарагдаж байсныг хэлэх хэрэгтэй.
Нэг зүйлийг тодруулж тэмдэглэхэд сэтгэцийн эмгэгээр хурц өвчилж орилж, хашгирсан хүнийг галзуурчээ гэж хэлэх нь буруу гэнэ. Галзуу нь малаас хүнд халддаг нэг төрлийн өвчин юм.