АНУ-д төвтэй “The Nature Conservancy” байгууллага уул уурхай говийн байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийж байна. Тэдний хийсэн судалгааны явцад хулан, хар сүүлтийн хамгийн том сүрэг Оюу толгойгоос баруун тийшээ нутаглаж буйг тогтоожээ. Гэтэл тэр хавьд Таван толгойн чиглэлийн зам тавигдаж 24 цагийн турш тасралтгүйгээр хүнд даацын автомашинууд нүүрс тээвэрлэж, түүгээр ч барахгүй төмөр зам тавихаар ярьж байгаа. Хүн, техникийн энэ түрэмгийллээс болоод хулан, хар сүүлтийн сүрэг хэсэгхэн газарт гацчихаад байгаа аж. Өвсөн тэжээлтнүүдийн хувьд бэлчээр, усны соргогийг бараадан явж тарга тэвээргээ авдаг. Гэтэл тэр амьдралынх нь хэрэгцээт хоол тэжээл, унд ус, эрч хүчээ авах замыг нь хаагаад хаячихсан болохыг судалгаа харуулж байна. Уг судалгааг хийж дуусах үед хулан, хар сүүлтийн сүрэгт үүнээс өөр ямар сөрөг нөлөө, бэрхшээл тохиолдоод байгаа нь бүрэн тодорхой болох аж. Хэрвээ аюулд орох хэмжээний байвал зөөвөрлөж өөр газарт нутагшуулах буюу дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ авах гэнэ.