Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улс хүүхдийн эрхийн улсын байцаагчтай болно

Л.ХАТАНБААТАР

Дэлхий дээр 5-12 насны 120 сая хүүхэд хөдөлмөр эрхэлж буй гэсэн баримт бий. Аливаа улс насанд хүрээгүй хүүхэд хөдөлмөр эрхлэхийг хуулиар хорьдог. Энэ зарчим манай оронд байдаг ч амьдрал дээр хэрэгждэггүйг доорх тоо баримт илтгэнэ.

Статистикийн мэдээллээс үзэхэд манай улсад нийт 93 мянган хүүхэд эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаанд оролцдогоос, 40 гаруй мянга нь хөдөлмөр эрхэлж, тэдний 10 мянга 300 нь хүнд, тэвчишгүй гэсэн ангилалд багтдаг. Гэхдээ 10 мянга 300 гэдэг хэр их тоо болох нь уншигч танд ойлгогдох байх гэж бодож байна. Цэргийн хэлээр бол бага шиг хэмжээний “Арми” юм. Үнэндээ манай улс 2016 онд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгана гэсэн зорилт тавьсан нь ямар ч тооцоо судалгаагүй сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандсаныг харуулж байна. Олзуурхууштай нь энэ тоо өмнөх жилүүдээс буурсан гэнэ. 2005 оны үед хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг 14-15 мянган хүүхэд эрхэлж байсан аж.

Тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн дийлэнх нь хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт ажилладаг аж.  “Нинжа” гэх эцэг эхээ даган алт болон бусад үнэт металл олборлох хүнд хэцүү хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд тэвчишгүй хөдөлмөр эрхлэгсдийн ихэнхийг бүрдүүлдэг байна. Хууль, журманд бол хүүхэд гэр бүлийн бизнес болон эцэг эхдээ туслах зорилгоор зуны амралтаараа ажиллаж болно. Харин 17 наснаас дээш хүүхэд өөрийн сайн дурын үндсэн дээр аюулгүй, амралт ихтэй ажил эрхэлж болох ба энэ нь тухайн хүүхдийн нас биеийн онцлогт тохирсон байх ёстой. Өнгөрсөн дөрвөн жилд  хүсээгүй атлаа хүнд хөдөлмөр эрхэлсэн 100 орчим хүүхдийн эрүүл мэндээрээ хохирчээ гэсэн статистик тоо байна.

Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн 58 хувь нь эцэг эх ажилгүй учраас, 41 хувь нь өөрсдийн санаачлагаар хийдэг  гэсэн судалгаа бий.
Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэдэг ойлголтод  хортой нөхцөл, / үйлдвэрийн га­зар, уул уурхай/  шөнийн цагаар ажиллуулах, нас биеийн онцлогоос хэтэрсэн хөдөлмөр эрхлүүлэх болон эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй зүйлсийг хамруулдаг. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг яагаад  ийн онцгойлон үзэх ёстой вэ? гэхээр нэгд, хүүхдийн амь нас, өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлдөг. Хоёрт, хүүхдийг сургуу­лиас завсардуулах шин­жийг агуулж байдаг. Эцэст нь, хүүхдийн цааш хөгжих боломжийг боогдуулснаар улс орны ирээдүйд хохирол учруулдаг гэж үздэг ажээ.

Өвлийн морин уралдаанд морь унан оролцож буй унаач багачуудыг хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байна гэж албан ёсоор үздэг. Гэтэл манай хөрөнгөлөг иргэд өвлийн хахир хүйтнээр морь уралдуулан наадаж, үүний улмаас бяцхан багачуудын амь нас  хохирсоор байгааг бүгд мэддэг. Хамгийн хорлонтой нь тэд өөрийн хүүхдээр хурдны морь унуул­даггүй, өрөөлийн балчир үрсийг гаргуунд гаргадагт байгаа юм. Энэ мэт хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг таслан зогсооход ард иргэдийн татвараас цалинжиж байгаа хүүхдийн эрхийг хамгаалсан байгууллагын болон нийгмийн ажилтнууд үгээ хэлэх, шаардлагаа тавих хэрэгтэй.
Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах олон улсын конвенцэд Монгол Улс нэгдэн орсон боловч бодит байдал дээр төдийлөн ахиц гарахгүй байна гэдгийг нийслэлийн хэдэн хүнсний захаар орж  харахад л хангалттай. Болдоо хүү 16 настай “Нарантуул” захад тэрэг түрдэг. Энэ захад тэрэг түрсээр хоёр жилийн нүүр үзжээ. “Анхандаа хүнд санагдаж байсан ч сүүлдээ дасаад гайгүй болсон. Уг нь сургуульд сурч, эрдэм мэдлэгтэй хүн болохыг хүсдэг ч амьдралын шаардлагаар ийм ажил хийж байна” гэв. Гэр хороололд  ээж, гурван дүүгийн хамтаар амьдардаг. Аав нь хэдэн жилийн өмнө өвчнөөр нас баржээ. Тэр үеэс л амьдрал хэцүүдсэн гэж хэлэхэд хоолой нь зангирч байв. Тэрэг түрээд хэдий хэмжээний орлого олдог талаар “Нэг удаагийн зөөх ханш нь хоёр мянган төгрөг байдаг. Өрсөлдөгч олон учраас өдөртөө10 гаруй удаа ачаа зөөж, 20 орчим мянга төгрөг олдог. Энэ захад миний үеийн 40-өөд хүүхэд бий” гэлээ.
Бүхнийг хүүхдийн төлөө гэсэн сүржин нэртэй даржин 30 орчим ТББ байдаг ч гарт баригдаж, нүдэнд харагдах ажил хийсэн нь үгүй гэхэд хатуудахгүй байх. Шинэ жилээр бэлэг өгөх, гадны буяны байгууллагаас тусламжаар ирсэн хувцас тараахаас өөр зүйл хийдэггүй гэж ч болно.

Дэлхий нийтээр зургадугаар сарын 12-ныг хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр хэмээн онцлон тэмдэглэдэг. Манай улс энэ өдрийг  долоо дахь жилдээ тэмдэглэж буй. Жил бүр уриа нь өөр байдаг бөгөөд  энэ жил “Хүүхдийн хөдөлмөрт ҮГҮЙ гэж хэлье-Чанартай боловсролд ЗА гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.  Энэ талаар Хүн ам хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүүхэд гэр бүл эмэгтэйчүүдийн хэлтсийн дарга Х.Баавгай “Хүү­хэд эрхэлж болохгүй ажил хөдөлмөрийн жагсаалт гэж бий. Хориглосон ажлын байрны жагсаалтад багтсан ажлыг хүүхдээр хийлгэж бай­гаа бол тэвчишгүй хөдөл­мөр эрхлүүлж байна гэж  үзнэ. Хүүхдийн тэвчишгүй хөдөл­мөрийг таслан зогсоон үүднээс эрхзүйн шинэчлэлийг  хийх шаардлагатай болсон. УИХ-д өргөн барьсан Эрүүгийн, хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд хамгааллын тухай хүүхдийн хөдөлмөр эрхлүүлсэн асуудалд  эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалт оруулсан байгаа” гэв. Мөн тэрээр “ Хүүхдийн хөдөлмөр эрхлүүлж байгаа хүмүүсийг илрүүлдэг, таслан зогсоох эрх бүхий хүүхдийн эрхийн улсын байцаагчийг энэ хуулиар бий бол­гож байна. Ингэснээр Монгол Улс хүүхдийн тэвчиш­гүй хөдөлмөр эрхлэх конвенцэд нэгд­сэн орны хувьд үүргээ биелүүлж буй гэж ойлгож болно” гэлээ.

Хүн амын гуравны нэг оршин суух болсон Улаанбаатар хотод хүүхдийн хөдөлмөрийн эрхлэлт ямар байгаа талаар нийслэлийн Хүүхэд гэр бүл эмэгтэйчүүдийн газрын дарга Я.Байгалмаа “Нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхэлж байгаа 207 хүүхдийг 2014 онд илрүүлэн, гэр бүлийн нөхцөл байдалд үнэлгээ хийн ажиллаж байна. Захууд дээр ачаа зөөх, жижиглэнгийн худалдаа хийх явдал сүүлийн үед өсч байна. Мөн саунд болон жижиг тоосгоны үйлдвэрүүдэд ажиллаж байна гэсэн судалгаа гарсан. Хүүхдийн ажил хийх гол шалтгаан нь ар гэрийн хүнд амьдрал, эцэг эх ажилгүй, гэр бүлд хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй зэргээс болдог. Нийс­лэлийн Хөдөлмөрийн газар, Халамжийн газартай хамтран гэр бүлийг дэмжих, эцэг эхийг ажилд оруулах чиглэлээр ажиллаж байна. Эцэг эхчүүд өөрс­дөө хөдөлмөр эрхлэн, хүүх­дээ сургуульд өргөн хамруулаач гэж энэ өдрөөр уриалж байна” гэлээ.
Ямартай ч эрүүгийн тухай хуульд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн эсрэг заалт оруулсан нь сайшаалтай боловч Монголын хууль гурав хоног гэсэн хэлц үгтэй манай орны хувьд бүрэн хэрэгжих эсэх эргэлзээтэй. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, ядуурал хоёр бол нэг тэрэгний хоёр дугуй шиг салшгүй ойлголтууд. Ядуурал буураагүй цагт хүүхдийн хөдөлмөр эрхлэлт байсаар байх болно. Мөн хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн эсрэг хуулийн заалтаар далайлгахаас илүү эдийн засгийн аргаар тухайлбал жижиг дунд үйлдвэрийг татвараас чөлөөлснөөр ажлын байр нэмэгдүүлэх, (эцэг эх нь ажилтай орлоготой бол хүүхэд тэр бүр ажил хийхгүй) хувийн жижиг үйлдвэрлэл эрхлэхэд бизнесийн орчинг сайжруулах замаар дэмжих нь зөв болов уу. Нэг үгээр хэлэхэд эдийн засгийн нэгдсэн цогц, тууштай бодлого явуулснаар нь илүү үр дүнд хүргэнэ.  Богино хугацаанд хөгжсөн гадаад орны туршлага ч ийм байсан. Ингэсэн цагт хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт багасах нь тодорхой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан