ХХАА-н сайд Р.Бурмаа тэргүүтэй албаныхан Хэнтий аймгийн Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар суманд гарсан ой хээрийн түймрийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, хүнсний бүтээгдэхүүн болон мөнгөн тусламж үзүүлэхээр мягмар гаригт Улаанбаатар хотоос хөдөлсөн. Түймрийн голомтод байдал ямар байгаа талаар ХХАА-н сайд Р.Бурмаагаас тодрууллаа.
-Та бүгд түймрийн голомтод ажиллаж байгаад ирсэн. Нөхцөл байдал ямар байсан бэ?
-Газар дээр нь очиж ажиллалаа. Хэнтийн Норовлинд үүрийн 6:00 цагт очсон. ОБЕГ, цэргийн анги, ард иргэд ажиллаж байна. Засаг дарга нартай уулзсан. Мөнгө санхүү хэцүү учир зээлээр шатахуун, хоолоо залгуулж байна гэсэн. Баян-Уул сум руу ОХУ-ын хилээр дамжиж түймэр орж ирсэн байна. Иргэд “хоёроос гурван метр хуйларсан шороотой гал орж ирсэн. Өмнө нь ийм гал огт үзэж байгаагүй” гэж байсан. Зарим айл өрх арай л гэж гэрээ авч үлджээ. Адуу мал, хашаа хороо нэлээд шатсан байна. Үлдсэн хонь, ямааны дэлэн түлэгдсэн учир төлөө хөхүүлж чадахгүй байгаа юм билээ.
-Яамны зүгээс ямар тусламж дэмжлэг үзүүлж байгаа вэ?
-Бид малын эмчтэй очсон, салбарын мал эмнэлгийн компаниудын өгсөн малын эм бэлдмэлийг тараасан. Нэн түрүүнд малын эм бэлдмэл маш их хэрэгтэй байна. Тухайлбал, “Дэлгэр агь” компанийн “Дэлэн” гэдэг малын дэлэнд зориулсан тос, хордлого тайлах, өвчин намдаах эм бэлдмэлийг өглөө. Дээр нь малчдын нүд нь хорсох, ханиалгах зэрэг хүндрэлүүд байна. Одоогоор Ульхан застав дээр маш их түймэртэй байгаа. Тэнд хилийн цэргийнхэн, ОБЕГ, зэргэлдээ сум Баяндунгаас иргэд ирж гал унтрааж байна. Мөн иргэдийн “Ойн нөхөрлөл”-үүд сайн дураараа байгуулагдан ажиллаж байна. 10-аад хоног гэртээ ч харилгүй хүйтэн салхитай хүнд нөхцөлд хүмүүс цаг наргүй ажиллаж байгаа юм. Тэдний хувьд, хамгийн хүндрэлтэй зүйл хоол хүнснээс гадна оймс, гутал, хувцас, бээлий, нүдний шил.
-Тусламж хандивыг сумдад хэрхэн хуваарилж байна вэ. Зарим сумд хоол хүнс хэрэгтэй байхад нөгөө хэсэгт нь шатахуун шаардлагатай байна гэсэн?
-Яамны ажилтнуудын сайхан сэтгэлийн хандивыг зарим сумд хоёр сая, голомттой сумдад гурван сая гээд өгч байна. Үүгээр эхний ээлжинд бензин, ойр зуурын зардлаа залгуулж байна. Дөрөв хоног нойр, хоолгүй ой модоо аварья, түймрийг унтраачихья гээд зүтгэж байгаа ойн нөхөрлөл, иргэдээ хараад бахархах сэтгэл төрж байна. Хамгийн чухал зүйл бол, сэтгэл санааны дэмжлэг. “Грийн сити” компанийн гурван ажилчин өөрсдийнхөө унаагаар ирж, 600 хайрцаг бэлэн хоолыг хүргээд хүмүүсийн сайхан сэтгэлийн үгийг дамжуулаад явж байгаа ч харагдсан.
-Засгийн газраас ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ. Мөн түймрийн голомтод ажиллаж байгаа иргэд танд ямар санал хүсэлт дайж байна?
-Улсын Онцгой комиссоос ойн түймэр их гарч байгаа газруудад тусгай тоноглолтой, зориулалтын машин авахаар захиалга өгсөн. Түүнээс Дорнод аймаг руу хоёрыг явуулна. Тэр нь ойн түймэрт зориулагдсан 45 градус налууд долоон тонн ус тээж очдог машин юм. Онцгой байдлынхан гол гал унтраах ажлыг хийж, иргэд араас нь цэвэрлэх, цурманд оруулах, буцаж дэгдээхгүй барихад анхаарч ажиллаж байна. Ард иргэд, ойн нөхөрлөлийнхөн тодорхой саналуудыг хууль тогтоогчдод дамжуулж өгөхийг хүсч байна. Тухайлбал, унасан модыг гоожингүйгээр авбал торгуулдаг. Хэрэв иргэдэд зөвшөөрлийг нь чөлөөтэй өгчихвөл ой цэвэрлэгдэх сайн талтай. Ойн нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжээд өгвөл бид ой сэргээх тендерт оролцож болно. Бид энэ нутагтаа амьдардаг учраас ойгоо хамгаалах үүрэгтэй гэж байсан. Засгийн газраас түймэр унтраахад зориулж тодорхой хэмжээний мөнгө гаргасан. Гэхдээ энд ажиллаж байгаа хүмүүсийн ойр зуурын эм, солих хувцас, хоол хүнсэнд зориулж төсөв гаргах ёстой юм байна. Засгийн газар Онцгой байдлын комисст энэ саналыг хэлнэ.