Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Нанзаддорж: Сүүлийн гурван жилд баригдсан замуудад томоохон эвдрэл гараагүй

Б.МЯГМАРЖАВ

Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддоржтой энэ онд хийгдэх зам барилгын ажлын талаар ярилцлаа.

-Энэ жилийн замын бүтээн байгуулалтын талаар та тодорхой мэдээлэл өгөөч. Өнгөрсөн онд бол замын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийгдсэн гэж байсан?
-Энэ онд нийслэлийн хэмжээнд 91.5 тэрбум төгрөгөөр нийт 14 байршилд зам барилгын ажил хийнэ. Өмнөх жилүүдээс илүү ачаалалтай жил болно. Эдийн засаг саараад ажилгүйдэл ихэсч байгаа энэ хүнд үед нийслэлээс ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор төсвөө тэлж НИТХ-аар баталсан. Тэгэхээр өнгөрсөн жил Улаанбаатарын баруун тэнхлэгийн замыг сайжруулж тэлсэн бол энэ жил зүүн чиглэлийн замуудыг сайжруулж, шинэчлэх зорилт тавьж ажиллана. Өөрөөр хэлбэл, шахуу ажиллаж арван сар гэхэд зам барилгын ажлаа дуусгах төлөвлөгөөтэй. 2012-2014 онд нийслэлд 81,9 километр авто зам шинээр тавьж, 144,9 километрийг өргөтгөж шинэчлэсэн. 654,9 урт метр төмөр бетон гүүрийг шинээр барьж, 380,7 метр гүүрийг өргөтгөн шинэчилж, явган хүнд зориулсан гурван гүүрэн гарц, нэг нүхэн гарц, төмөр зам доогуур хоёр байршилд нүхэн гарц зэрэг бүтээн байгуулалтын ажлыг тус тус хийсэн. Энэ ажлаа 2008-2012 онтой харьцуулахад хөрөнгө оруулалт 4,1 дахин  их хийгдсэн. Хийсэн замын уртаар үзвэл гурав дахин урт замыг хийсэн байдаг.

-2015 онд хийгдэх томоохон замуудын тухай дурдвал?
-Сонсголонгийн гүүрээс Яармагийн эцсийн буудал хүртэлх гэр хорооллын арын замыг шинээр барьж эхэлнэ. Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэл 3,7 километр зам, мөн хуучин гэр хорооллын замууд байна. Гэрэлтүүлэг, явган хүний замыг хамтад нь цогцоор нь шийднэ. Он дамжин хэрэгжих гурван ажил бий. Үүнд, Нарны замыг 19-н арын замтай холбох 1,5 километр автозам, замын байгууламжийн 58 урт метр гүүр болон төмөр зам доогуурх  нарны замтай холбогдсон 22 метр туннелийн хамт  барих юм. Гэрээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд хийгдсэн. Гүйцэтгэгч нь тодроод барилгынхаа ажлыг хийгээд явж байна. Хоёрдугаарт, нарны замаас “Саруул” хотхон хүртэл 0,24 км авто зам, 55 урт метр гүүрийн барилгын ажил. Энэ ажлын явц одоо 80 гаруй хувьтай байна. Гэрээ ёсоор тавдугаар сарын 20-нд ашиглалтад орох ёстой. Гуравдугаарт, Өлзийт хороолол Биокомбинат Шувуун фабрик чиглэлийн 9,6 километр авто замын барилгын ажил. Уг замыг Биокомбинатын замтай холбох есөн километр зам бий. Өнгөрсөн жил далан сувгийн ажлыг хийсэн. Асфальт биш бетоноор бүрхсэн чулуу. Гэрээгээр долдугаар сар гэхэд дуусах ёстой. Одоо үлдсэн 40 гаруй хувийн ажлыг төлөвлөгөөт хугацаандаа хийгээд дуусах байх.

-Шинээр зам барихаас гадна хуучин замуудаа сэргээн засварлах байх. Энэ талаар?
-Тийм ээ. Нийслэлийн хуучин замуудын тохижилт, засварын ажил, тэмдэг, тэмдэглэгээг сэргээнэ. Үүнд долоон тэрбум орчим төгрөг зарцуулна. Өнгөрсөн жил тендер нь зарлагдаад хүчингүй болсон Шарга морьтын ам руу явсан зуслангийн 5,4 километр зам бий. Үүнийг эхний ээлжинд засвар арчлалт сангийн мөнгөөр зам засварын ажлыг сэргээнэ. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэд хэдэн ажил хийгдэнэ. Багахангайд гэр хорооллын дундах 1,2 километр зам байна. Өнгөрсөн жил гэрээ байгуулсан. Мөн дүүрэг бүрт замын сангийн хөрөнгөөр 1,5 тэрбум төгрөгөөр хорооллын доторх тохижилтын ажил хийгдэнэ. Ер нь, зам барилгын ажлыг гүйцэтгэгч нь хөрөнгийн чадавхитай компани шалгараад явах юм бол энэ ондоо төлөвлөгөөт хугацаандаа ашиглалтад орох боломжтой.

-Манайд баригдаж байгаа замууд ус зайлуулах шугам байхгүйгээс амархан эвдэрч эдэлгээ даахгүй байна гэдэг. Энэ жил хийсэн зам ирэх жил л гэхэд эвдэрсэн дүр зураг олон байдаг шүү дээ. Үүнийг яах ёстой юм бэ?
-Нийслэлд сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа бүх замууд ус зайлуулах системтэй хийгдэж байгаа. Хажуугаар нь явган хүний зам тавиад түүний доогуур нь ус урсдаг хэлбэрээр хийдэг. Харин ус яагаад тогтоод байна вэ гэхээр нийслэл дөрвөн уулын дунд оршдог. Гэр хорооллын жалга гууны ус бүгд орж ирдэг. Өөр ус зайлуулах томоохон систем, далан шуудуу байхгүйгээс зам руу ус орж ирээд зам өөрөө ус зайлуулах шугам болоод байна. Замыг бохирдуулж, гол эвдрэл үүсгэж байгаа зүйл бол энэ. Гэхдээ энэ асуудалд нийслэлээс тусгай хөтөлбөр гаргаад ажиллаж байна.

-Замын эвдрэл гэмтлийг гүйцэтгэгч компаниуд хэрхэн хариуцаж ажиллаж байгаа вэ. Энэ жил хийсэн зам нь ирэх жил эвдрэхэд тухайн компанитай ямар хариуцлага тооцох вэ?
-Гүйцэтгэгч компани эхний гурван жил барьсан замынхаа эвдрэл гэмтлийг хариуцан ажилладаг. Гадны нөлөөнөөс болж эвдрээгүй технологи зөрчсөнөөс болсон бол барьсан компани эхний гурван жил уг замыг засах гэрээтэй. Засвар арчлалтын энэ мөнгийг захиалагч төрийн сан барьцаанд авч үлддэг. Сүүлийн гурван жилд баригдсан замуудад одоогоор ийм хэмжээний томоохон эвдрэл гараагүй.

-Одоо зам барилгын ажлууд эхлээд хугацаандаа ашиглалтад орно гэж байгаа ч арав, арваннэгдүгээр сар болохоор ийм юм нь болохгүй байна гээд хугацаа хойшлуулдаг. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Нэг хоёр сараар хойшлуулахыг гэрээнд бол зөвшөөрдөг. Харин үүнээс илүү хугацаагаар хоцрох юм бол алданги тооцож, алдангийн мөнгийг нийслэлийн төсөвт оруулж байгаа. Ер нь нээлттэй сонгон шалгаруулалтаар гүйцэтгэгч компани шалгараад энэ замыг энэ хугацаандаа барьж чадна гэсэн бол барих ёстой. Хэрэв байгалийн гамшиг болон давагдашгүй хүчин зүйлээс болоогүй бол хугацаандаа ажил үүргээ гүйцэтгэх ёстой. Бусад тохиолдолд гүйцэтгэгч өөрөө хариуцна. Хяналтыг манай газраас тавьж байгаа. Мөн зарим томоохон замуудад хувийн зөвлөх компани шалгаруулж ажиллуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан