Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дорнод аймгийн удирдлагууд тендерээр тоглож байна

Саяхан нийтлэлч Баабар улстөрчид төсвийн мөнгийг завшдаг технологийг олон нийтэд дэлгэсэн. Түүний хэлсэн хамгийн сонгодог жишээ нь, УИХ-ын гишүүд сумын төвд “10 сая төгрөгөөр хөгжим авч өглөө” гээд Эрээнээс гурван саяар Хятад хөгжим худалдаж аваад долоон саяыг нь халаасалдаг байсан тухай юм. Энгийн бөгөөд хорон арга. Баабар гуайн хэлсэн энэ жишээ бол 10 жилийн өмнө явдал. Өдгөө мөнгөн дүн нь л өөрчлөгдсөн болохоос мөнгө хулгайлдаг технологи нь хэвээр байгаа аж. Дорнод аймагт ажилаарх явах зуураа иргэдийн амнаас сонссон  нэгэн жишээг энд өгүүлье.

Дорнод аймгийн Худалдан авах ажиллагааны хэлтсээс аймгийн Онцгой байдлын хэлтэст орон нутгийн төсвийн санхүүжилтээр Гал унтраах болон тусгай зориулалтын автомашин нийлүүлэх тендер зарлажээ. Тендерийн бичиг баримтад дурдсан техникийн тодорхойлолтод ОХУ-д үйлдвэрлэсэн “Камаз” болон түүнтэй дүйцэхүйц автомашин нийлүүлнэ гэж тусгайлан зааж өгчээ. Энэ дагуу компаниуд ч бичиг баримтаа бүрдүүлж, тендерт оролцсон байна. Нийт таван компани оролцсоноос “Дорнод худалдаа” компани 253 сая буюу хамгийн бага үнийг санал болгосноор ялагч болжээ. Энэ үнэ бол ОХУ-д үйлдвэрлэсэн тусгай зориулалтын “Камаз”  машиныг нийлүүлэх боломжтой үнэ юм.  “Дорнод худалдаа” компанийнхан ямар нэгэн хэл ам, хэрүүл заргагүйгээр тендерээ авчээ. Гэтэл  хэдэн сарын дараа “Дорнод худалдаа” компанийнхан БНХАУ-д үйлдвэрлэсэн “Dongfeng” маркийн автомашин оруулж ирж, аймгийн Онцгой байдлын хэлтэст хүлээлгэж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, тендерийн шалгуурт дурдсан “Камаз” болон түүнтэй дүйцэхүйц автомашин бус хүчин чадлын хувьд “Камаз”-ын хаана нь ч хүрэхгүй муу машин нийлүүлсэн хэрэг. Үнэ болон техникийн хүчин чадлынх нь талаар  “Dongfeng” үйлдвэрийн албан ёсны вэбсайтаар ороод үзэх юм бол “Камаз”-ын хаана нь ч хүрэхгүй бөгөөд Монгол төгрөгөөр тооцвол 80 орчим сая төгрөгийн өртөгтэй болохыг түвэггүй мэдэж болно. Уг нь тендерийн бичиг баримтад зааснаар бол “Камаз” болон түүнтэй дүйцэхүйц автомашин нийлүүлнэ” гэсэн байгаа. Энэ нь “Хамгийн доод шалгуур нь “Камаз” шүү” гэсэн үг болохоос түүнээс хэд дахин бага үнэтэй, хүчин чадал дорой техник нийлүүлээрэй гэсэн үг биш юм.Гэтэл Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга н.Мөнхтөрийн зөвлөхийн компани болох “Дорнод худалдаа”-ныхан 253 сая төгрөгийг санал болгочихоод Хятадад үйлдвэрлэсэн муу машин нийлүүлж, өөрсдөө их хэмжээний ашиг халаасалжээ.Гэвч Онцгой байдлын хэлтсийн дарга н.Гантөмөр шууд техникийн тодорхойлолтоос тэс өөр хямдхан машиныг хүлээн авсан бөгөөд энэ нь албан тушаалтан албан тушаалаа урвуулах болон хэтрүүлсэн Эрүүгийн шинж чанартай гэмт үйлдэл гэж харагдахаар байна.  Тендерийн энэ булхай дорнодчуудын нүдэн дээр шахуу өрнөсөн болохоор иргэд АТГ-д гомдол гаргасан ч, томилогдож ирсэн байцаагч нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан сурагтай. Түүнчлэн аймгийн прокурорт өргөдөл өгсөн ч мөн л татгалзсан хариу өгчээ. Ийн хууль, прокурорын байгууллагууд “Дорнод худалдаа”-ны талд шийдвэр гаргасан нь тус компани цаанаа МАН-ын нөлөө бүхий эрхмүүдийн дэмжлэгийг авдаг байж болох.

Ямартай ч төр, хүчний байгууллагын өмнө хүчин мөхөсдсөн иргэд юунд итгэж найдахаа мэдэхээ байжээ. Тэд “Ерөнхийлөгчийн ярьдаг шударга ёс, хуулийн засаглал Дорнод аймагт лав хэрэгждэггүй юм байна” гэж ярьцгааж байна. Хамгийн гол нь Дорнод аймагт хээрийн түймэр их гарч, хүний амь авч одох эрсдэл өндөр байдаг. Өнгөрсөн 2012 онд л гэхэд Онцгой байдлын албаны гурван ажилтан нь түймэрт өртөж нас барсан эмгэнэлт явдал тохиолдсон. Тухайн үед түймрийн голомтод ажиллаж байсан онцгой байдлын албан хаагчид техник хэрэгсэл дутмаг, хамгаалах хувцас хэрэглэл хангалтгүйгээс болж амь үрэгдсэн гэхэд хилсдэхгүй. Ямартаа л нэг нь нөгөөгөө биеэрээ халхалж амь үрэгдэж байх вэ дээ. Үүнийг мэдсээр байж хүчин чадал муутай, найдваргүй техникийг хүлээж авсан Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга н.Гантөмөрт ч гэсэн Дорнодчууд ам муутай байна. Иргэдээ байгалийн гамшигт үзэгдлээс хамгаалах үүрэгтэй байгууллагын дарга хувийн компанитай ашиг сонирхлын зөрчилтэй болсон эсэхийг шалгуулахыг иргэд хүсч байв. Тиймээс холбогдох байгууллага, албан тушаалтан нь Дорнод аймгийн Онцгой байдлын газарт тендерт оролцогчийн нийлүүлсэн машинд анхаарлаа хандуулж, судалж, олон нийт болон орон нутгийн иргэдэд тайлбар хийнэ гэж найдъя.

Түүнчлэн удирдлагад нь ажиллаж байсан гурвын гурван албан хаагч  амь насаа алдчихаад байхад түүнд хариуцлага тооцохын оронд хэдэн сарын дараа баяр наадмаар юу ч болоогүй юм шиг Алтангадас одон зүүчихсэн явж байсан нь олны эгдүүцлийг хүргэж байжээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан