Б.МЯГМАРТендер авах гэж танил тал арын хаалга, яам, агентлагийн дарга нарын алгыг дээш харуулах гээд нэлээд ажил уддаг байсан цаг саяхан. Харин Худалдан авах ажиллагааны газар байгуулагдснаар энэ бүгдийг цэгцэлж, тендерийг олон нийттэд нээлттэй байдлаар зохион байгуулдаг болоод буй. Тус газар нь Шадар сайдын харьяанд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өчигдөр Шадар сайд У.Хүрэлсүх Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тус газар 2014 онд 395,5 тэрбум төгрөгийн 210 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж, 382,9 тэрбум төгрөгийн 210 төсөл арга хэмжээ буюу 96 хувийг амжилттай хэрэгжүүлжээ. Харин энэ онд 182,9 тэрбум төгрөгийн 57 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж. Мөн Хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэх 125,5 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах бол орон нутгийн худалдан авах ажиллагааны нэгжүүд урьдчилсан байдлаар 389,6 тэрбум төгрөгийн 1261 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Салбараар нь авч үзвэл БОНХЯ 1,5 тэрбум, ГХЯ 2,5, БСШУЯ 20,3 тэрбум, ЗТЯ хамгийн их буюу 97,5 тэрбум, ЭМСЯ 42,2 тэрбум төгрөгийн ажил үйлчилгээг хийлгэх аж.
Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал “Манай газар байгуулагдаад хоёр жил болж байна. Энэ хугацаанд 38 тэрбум төгрөг хэмнэж ажилласан. 2013 онд 16 тэрбум, 2014 онд 22 тэрбум төгрөг хэмнэсэн. Гэтэл байгууллагын маань жилийн төсөв тэрбум төгрөг ч хүрдэггүй. Монгол Улсын Засгийн газраас 2012-2016 хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд 2016 онд төрийн худалдан авах ажиллагааг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд 2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулна” гэдгийг хэлж байлаа.
Түүнчлэн Шадар сайд У.Хүрэлсүх “Улсын төсөв ард түмний татвараар бий болдог. Тендерийн үйл ажиллагааг ил тод, хэмнэлттэй хариуцлагатай зохион байгуулахыг үргэлж санаж явах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд танай байгууллага сайн ажилласан байна. Үүний жишээ нь АТГ-аас жил бүр зохион байгуулдаг жагсаалтад тавдугаар байранд орсноос харагдаж байна. Энэ ажлаа цааш нь улам сайжруулаарай. Мөн орон нутгийн худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдыг тогтвортой ажиллуулаарай. Энэ бол төрийн алба шүү. Өнөөдрийн нөхцөлд төсвийг нэмэх боломжгүй. Худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахдаа авлига ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байх нь чухал” гэдгийг сануулсан юм. Худалдан авах ажиллагааны газар нь одоогоор таван хэлтэс 55 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд орон нутагт 31 алба үйл ажиллагаа явуулдаг байна.
Д.Энхжаргал: Тендерийн мэдээллийг гар утаснаасаа авдаг болно
Тус газрын дарга Д.Энхжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахдаа Үнэлгээний хороог хэрхэн сонгож ажиллуулдаг юм бэ?
-Худалдан авах ажиллагаанд ил тод нээлттэй байдлыг хангах, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх зорилгоор 2014 онд төрийн бус 50 байгууллагын 264 төлөөллийг 133 үнэлгээний хороонд ажиллуулсан. 2015 оны гуравдугаар сарын 6-ны байдлаар 42 төрийн бус байгууллагын 64 төлөөлөл үнэлгээний хороонд ажиллахаар бүртгэгдсэн байна. Үнэлгээний хороог санамсаргүй сонголтоор хийдэг болсон. Үнэлгээний хороог захиалагч болон тэнд ажиллах төрийн бус байгууллага аль аль нь мэдэгдэхгүй гэсэн үг.
-Орон нутгийн иргэд интернэт, цахим ертөнцөд ажиллах боломж тааруу байдаг. Тэгэхээр орон нутагт ажиллах ажилчдаа хэрхэн бэлтгэж байна вэ?
-Он гарсаар худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтыг улсын хэмжээнд 37 удаа зохион байгуулж, 1129 хүн хамрагдснаас 633 хүн шалгалтад тэнцсэн. Бүх аймагт мэргэжил аргазүйн зөвлөгөө өгдөг. Мөн байгууллагын бичиг баримтыг эхээр нь гадагш гаргахаа больсон. Дотоод сүлжээгээр бие биендээ шилжүүлээд цохолт хийгээд явж байгаа. Цаасан дээр тамга дараад түүнийгээ бие биерүүгээ шилжүүлээд явах хэрэггүй болсон гэсэн үг.
-Компаниуд тендер авсан ч гүйцэтгэл нь тааруу байдаг. Гүйцэтгэл дээр танайх хяналт тавьдаг уу?
-Мэргэжлийн байгууллагууд тендер шалгаруулдаг. Гэтэл гүйцэтгэлийн хяналтыг тавьдаггүй. Энэ хяналтыг яам тавиад манайд хариу илгээх учиртай. Гэтэл ингэдэггүй. Иймээс бид шалгарсан компаниудад гүйцэтгэлийнхээ мэдээллийг явуулах хүсэлт тавиад үүнийг нь вэб хуудсан дээрээ тавьж эхэлсэн. Тэндээс ямар ажилд хэний компани шалгараад ямар ажлыг хэрхэн хийсэн бэ гэдгийг харах боломжтой болсон гэсэн үг.
-Цаашид хийх ажлын тухайд?
-Цаашид хийх ажил олон байна. Олон улсын төрийн байгууллагуудтай хамтран ажиллах аж ахуйн нэгжийн худалдан авах ажиллагааг хөнгөвчлөх ажлыг хийж эхлээд байна. Мөн шилэн тендер арга хэмжээг зохион байгууллаа. Дээр нь цахим дэлгүүр, стандарт нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хамгийн сүүлд иргэд аж ахуйн нэгж гар утаснаасаа тендерийн мэдээллээ авах боломжтой болгохыг зорьж байна.