Н.Нямжаргал
Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгараад байна. Энэ тухайд холбогдох яамд, хуульчид болон томоохон аж ахуйн нэгжүүд өчигдөр нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Энэ үеэр зарим хүний байр суурийг сонслоо.
Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал С.Тойвгоо
-Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуульд ямар өөрчлөлт оруулах санал оруулаад байгаа вэ?
-Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг 1990 оноос хойш мөрдөж ирсэн. Хэрэглэгчдэд хэрэгтэй хамгийн ойрхон хууль. Хэд хэдэн удаагийн нэмэлт өөрчлөлт оруулж байсан. Харамсалтай нь, 2008 онд оруулсан өөрчлөлт нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын эрх зүйн чадамжид сөрөг нөлөө үзүүлэх болсон. Тухайлбал, төрийн бус байгууллагуудын эрх зүйн үйл ажиллагааны үндсэн чиглэл болон үүргийг сулруулсан. Гэтэл Засгийн газраас энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэхээр шалтаг тавьсаар өдийг хүрлээ. Хүнээ дээдэлсэн шударга ардчилсан нийгмийг бий болгоно гэсэн хэрнээ хэрэглэгчээ дээдэлсэн хуулийг батлахгүй байгаа нь харамсалтай. Тухайлбал, тус хуулийн 20 дугаар зүйлд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ажлыг хэн хэрэгжүүлэх вэ гэдэгт Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина гэсэн байдаг. Гэтэл өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хяналт тавиад ажиллаж байна. Мөн энэ хуулиар зохицуулах хэрэгтэй зайлшгүй нэг зүйл нь Хэрэглэгчийн байгууллагууд нь хяналт тавих байцаагчийн ямар ч эрх байдаггүй. Гэтэл зах зээл дээр янз бүрийн сонголттой бараа бүтээгдэхүүн бйагаа тул иргэдийн зүгээс санал гомдол их ирдэг. Борлуулагч, үйлдвэрлэгч, худалдагч ямар эрх үүрэгтэй, иргэдийг хохироовол яах вэ гэдэг асуудал хуульд дутуу туссан юм.
“Сүү” хувьцаат компанийн маркетинг менежмент хариуцсан дэд захирал М.Болод
-Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад үйлдвэрлэгчид ч гар бие оролцох хэрэгтэй байх. Энэ тал дээр танайх ямар байр суурьтай байна вэ?
- Хэрэглэгчийн эрх ашиг зар сурталчилгаанд хамгийн их зөрчигддөг. Жишээ нь, манай салбарт хуурай сүүг цэвэр сүү гэх сурталчилгаа байнга гардаг. Үүнд хэрэглэгчид хууртдаг. Гэтэл шударгаар өрсөлдөж буй компаниуд хохирдог тал бий. Үүнээс гадна хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй. Тухайлбал, хэрэглэгч өөрөө тухайн бүтээгдэхүүний найрлага, орцыг заавал харж авч занших учиртай. Мөн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс худал мэдүүлэг өгсөн байгууллага болон хувь хүнд хариуцлага ногдуулах ёстой. Энэ нь өөрийн буруугаас болж худалдан авсан хүнсээ муутгачихаад худал мэдүүлэг өгдөг. Худал мэдүүлэг өгсөн хүнээс болоод бид үнэнч хэрэглэгчээ алдахад хүрдэг. Үүнд хуулийн зохицуулалт хийж өгөх шаардлага бий. Зайлшгүй хэрэгжүүлэх зүйл бол хараат бус лаборатортай болох. Манайд энэ дутагдаж байна. Хуулинд энэ талаар тусгаагүй.
ХХААЯ- ны хүнсний бодлогын мэргэжилтэн Д.Оюунгэрэл
-Салбарын яамны зүгээс хуульд ямар өөрчлөлт нэн түрүүнд тусах хэрэгтэй гэж үзэж байгаа вэ?
-Хүнсний төрөл хангамж эрс нэмэгдсэн тул өнөөдөр хэрэглэгчдэд мэдлэг боловсрол шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл иргэд эрүүл мэнд, эдийн засгийн хувьд хохиролгүй бүтээгдэхүүн сонгон авах хэрэгтэй юм. Хэрэглэгчийн эрхийг зөрчигдсөн хойно нь гомдлоор шалгаж барагдуулах бус харин өөрсдөө зөв мэдлэг дадалтай байх нь чухал. Үүнийг хуульд тусгах санал дэвшүүлж байна. Манай улс хүнсний бодлогын талаар эрх зүйн шинэчлэлт хийсэн. Тухайлбал, Хүнсний тухай болон бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах хууль 2012 онд батлагдсан. Тус хуульд хүнсний аюулгүй байдлыг хангахад хэргэлэгчийн дэмжлэг оролцоог хангах ёстой гэсэн эрх зүйн заалтыг оруулж өгсөн байгаа.