Австралийн Ерөнхий сайд Тони Эббот цагаачдын тухайн НҮБ-ын элдэв зөвлөгөө, зөвлөмжөөс үнэхээр залхаж байна хэмээн мэдэгдлээ.
Тус улсыг зорин далай гатлан ирдэг цагаачдыг хүлээн авах тал дээр Австралийн хууль сахиулагчид хүний эрхийг зөрчиж буй тухай гомдол байнга гардаг. Цагаачлал хүсэн хууль бусаар ирсэн гадаадын иргэдийг тус улс Манус арал дээр хүлээж авч, эргийн баазад түр байрлуулдаг юм. Энэ хооронд иргэний эрх зөрчих явдал байнга гарч, зарим тохиолдолд хүмүүсийг эрүүдэн тарчилгаж байгаа тухай гомдол мэдээлэл ч хүний эрхийг хамгаалах байгууллагуудын зүгээс байнга гардаг.
Өчигдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс ч энэ тухай илтгэл гаргахдаа Австралийг цагаачдад зүй зохисоор хандах тал дээр алдаа гаргаж, түр саатуулах байранд гарч буй хүчирхийллээс сэргийлж чадахгүй байна гэж шүүмжилсэн юм. Харин Австралийн Засгийн газар НҮБ-ын энэ шүүмжлэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд харин ч энэ бүх лекцээс нь залхаж байна гэж Ерөнхий сайд нь мэдэгдэв. Тэрээр Манус арал дээрх түр саатуулах байр цагаачлал хүсэгчдийн бүх үндсэн хэрэгцээг хангаж, хоол унд, хувцас хэрэглэл, хоноглох байр олгож, аюулгүй байдлыг нь сахин хамгаалж байгаа гээд усан замаар цагаачлал хүсэн ирсэн иргэдийг замд нь зогсоон буцааснаараа Австралийн одоогийн Засгийн газар харин ч хамгийн хүмүүнлэг үйлс бүтээж байгаа гэжээ.
Австралид цагаачлахаар хууль бусаар ирэгсдийн дийлэнх нь Афганистан, Шри-Ланка, Ирак, Ираны иргэд байдаг. Тэд Индонезиор дамжин завиар Австралийн Крисмас арлыг зорьж ирдэг юм. 2012-2013 оны хооронд ийм цагаачдын тоо мэдэгдэхүйц өсч, тэр хэрээр замдаа осолдож нас барах тохиолдол ч нэмэгдсэн. Үүний эсрэг Австралийн Засгийн газар цагаачлахаар ирсэн хүн бүрийг түр саатуулж хорьдог болсон бөгөөд завийг замаас нь шууд буцаах бодлого барьдаг болсон.