“Монголын ардчилсан хувьсгалын түүхэн товчоо” нэртэй номын нэгдүгээр ботийн нээлт өчигдөр боллоо. Нээлтэд МоАХ-ны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа, МоАХ-ны Хэрэг эрхлэх газрын дарга С.Эрдэнэцогт болон ардчилсан хувьсгалын партизануудын төлөөлөл оролцов.
Монголын Ардчилсан хувьсгалын түүхэн үнэн зөв, үнэ цэнэтэй мэдээллийг цаг алдахгүй олж сонсох, мэдэх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр. Гэтэл тэртээ 25 жилийн өмнө өрнөсөн үйл явдлын үнэн бодит байдлыг хадгалсан мэдээллийн нөөц сан бүрдээгүй, цаг хугацаа өнгөрөх тусам эх хэрэглэгдэхүүн нь үрэгдэж устах асуудалтай тулгарч буй. Тиймээс Ардчилсан хувьсгалд МоАХ-ны гүйцэтгэх үүргийг он дарааллаар нь баримтжуулж, судлаач, уншигчдын дунд эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай тулгарсан. Энэ ч үүднээс “Монголын ардчилсан хувьсгалын түүхэн товчоо” нэртэйгээр ардчилсан хувьсгалын түүхийг таван боть номд эмхэтгэн оруулахаар болсон юм. Тэгвэл 1989-1990 онд өрнөсөн хувьсгалын үйл явцыг нэгтгэсэн нэгдүгээр боть ийнхүү бэлэн болж уншигч та бидний гар дээр тавигдлаа.
Номын нээлтийн үеэр МоАХ-ны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа “Өнөөдрөөс яг 25 жилийн өмнө эхлүүлсэн улс төрийн өлсөглөнгийн үр дүнд бидэнд өнөөдрийн эрх чөлөө, ардчилсан нийгэм ирсэн билээ. Энэ түүхэн өдрөө “Ардчилсан хувьсгалын түүхэн товчоо” нэртэй номынхоо нээлтийг хийж байна. Ардчилсан хувьсгалын үнэн бодит түүхийг баримттайгаар хойч үедээ үлдээх зорилгоор ном хэвлүүлэх санал санаачилга гарсан. Тиймээс ЕБС-ийн сургалтад энэ номын агуулгыг оруулах ажлыг хийхээр төлөвлөж байна. 25 жилийн ойгоо угтаад бүх аймгийн салбар зөвлөлтэй хамтарч өөрсдийн түүхийг нэгтгэсэн ном бүтээхээр болсон. Өнөөдөр 30 салбар зөвлөлөөс 18 нь номтой болжээ. Хамгийн сүүлд Говь-Алтайн партизанууд түүхийн номын нээлтээ хийсэн. Түүхийн ном бүтээх хэцүү. Тйимээс ном бүтээхэд ажилласан баг хамт олондоо баярлалаа” гэсэн юм.
Нэгдүгээр ботийн худалдаалсан үнээр дараагийн боть бий болох учраас ардчилсан хувьсгалын үнэ цэнийг мэдэрч ойлгодог хүмүүс номоо 25 мянган төгрөгөөр худалдан авахыг нээлтийн үеэр уриаллаа.
Дараагийн боть буюу тус номын хоёрдугаар дэвтэр 1991-1996 оны үйл явдлыг тусгах бол 1996-2001, 2001-2006, 2006-2015 гэсэн он дараалалтайгаар дараа дараагийн боть хэвлэгдэх гэнэ. Бүх ботийг нэгтгэсэн байдлаар англи хэл рүү орчуулж, дэлхийн томоохон номын сангуудад тараах ажлыг ч төлөвлөөд байгаа гэсэн.