Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Исламын улсын бэр болохоор мордсон охид

2013 оны арваннэгдүгээр сард 19 настай Акса Махмуд аавыгаа тэврээд гэрээс гарахдаа ердийн өдрүүдийнх шигээ “Худа хафиз” буюу “Бурхан таныг ивээг” гэж хэлээд явжээ. Гэвч тэр цагаас хойш охин гэртээ эргэж ирсэнгүй. Дөрвөн хоногийн дараа Туркийн хилээс Сири рүү нэвтрэхийнхээ өмнөхөн эцэг эх рүүгээ утасдаад Исламын улс бүлэглэлийнхэнтэй нэгдэхээр яваагаа хэлж. Шотландын Глазгоу хот дахь амар амгалан амьдралаа ардаа орхиод жихадын дайнд нэгдэхээр 20 хүрээгүй охин гэр бүлээ ийн орхижээ.

Акса Махмуд Сирид очоод ор сураггүй алга болчихсонгүй. Twitter, Tumblr гээд олон нийтийн сүлжээг идэвхтэй ашигласан хэвээр. Гагцхүү түүгээрээ Исламын улс бүлэглэлийн үзэл санаа, жихад үзлийн талаар л сурталчлах бөгөөд түүний хуудас AK-47 буу, Исламын улс бүлэглэлийн үйлдсэн цаазаар авсан бичлэг, зургаар дүүрэн. Энэ бүхнийг сэтгэл эмзэглэн жил гаруй харж суусан Аксагийн гэр бүлийнхэн өнгөрсөн долоо хоногт охиндоо хандан мэдэгдэл хийсэн юм.
Эцэг эх нь охиноо “Чи гэр бүлийнхэн,  Шотландын ард түмний нэр төрийг гутааж шившиг болгож байна” гээд хийсэн үйлдэл нь “Исламын шашны зорилгыг зориудаар мушгин гуйвуулж гажуудуулсан” хэмээн буруутгажээ. “Хийсэн үйлдэл бүхнээрээ чи өдөр бүр гэр бүлээ хөнөөж байна. Хэрэв хэзээ нэгэн цагт гэр бүлийнхнээ хайрлаж байсан бол энэ бүхнээ зогсоогооч гуйя” гэжээ.
Аксагийн гэр бүлийнхэн охиныхоо ухаангүй үйлдэлд 100 хувь өөрийг нь буруутгаж байгаа ч түүн шиг охид, хөвгүүдийг Исламын улсад нэгдэхээс урьдчилан сэргийлэх талаар эрх баригчид, хууль хяналтын байгууллагынхан дорвитой ажиллаж чадахгүй байгааг ч шүүмжилж байна. Учир нь, Акса Махмудтай олон нийтийн сүлжээгээр дамжуулан холбогдож байсан гурван британи охин Туркээр дамжин Сирийг зорьж явсан нь тодорхой болоод байгаа. Хоёрдугаар сарын 17-ны өдөр Англиас Турк руу нисч ирсэн гурван охиныг хэдийгээр Туркийн нутаг дэвсгэрт эрж хайсаар байгаа ч тэд Исламын улс бүлэглэлийнхэнтэй нэгдэхээр Сирийг зорьсон гэдэг нь саяхнаас ойлгомжтой болсон юм. Тэд Турк руу явахаасаа өмнө Аксатай твиттер хуудсаар нь холбогдон, хэрхэн Сири руу очиж, Исламын улстай нэгдэх талаар зааварчилгаа авсан байгаа юм. Хамгийн хачирхалтай нь Аксагийн олон нийтийн сүлжээн дэх бүх хуудсыг Британийн хууль хяналтын байгууллагынхан, мөрдөгчид байнгын хараа хяналтандаа байлгадаг атлаа яагаад өсвөр насны гурван охиныг түүнээс зөвлөгөө авч, Сири рүү явахаас өмнө амжиж зогсоож чадсангүй вэ гэдэг асуулт хариу нэхэж байна.

Лондон хотод нэг сургуулийн нэг ангид сурдаг 15-16 настай Шамима Бегум, Кадиза Султана, Амира Абасе хэмээх энэ гурван охин Гэтвикийн нисэх буудлаас “Туркиш Эйрлайнз”-ын онгоцоор Истанбулд бууснаас хойш огт сураггүй болсон. Тэднийг одоо нэгэнт Туркт байхгүй, зорьсон газраа аль хэдийнэ хүрсэн байх гэж Туркийн цагдаагийнхан мэдэгдэж буй. Тэд Британийн холбогдох байгууллага энэ хэрэг дээр маш анхаарал болгоомжгүй ажилласан хэмээн буруутгаж байгаа юм. Охидын эцэг эх хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан гэртээ эргэж ирэхийг гуйж, Британи, Туркийн талынхан өргөн хэмжээний эрэл хайгуул зохион байгуулсан ч Исламын улсын бэр болохоор одсон охид нэг ч удаа хэл чимээ өгсөнгүй. Чухам тэднийг юу дуудаж, Сирийг зорих болов гэдэг ч ойлгомжгүй хэвээр үлдэв.

Аксагийн тухайд Шотландад дутагдаж гачигдах зүйлгүй сайхан амьдарч байсан атлаа шашны худал суртал ухуулгад автан эцэг эх, гэр бүл, хайртай бүхнээ орхиод дайн тулаантай газрын зорьсныг одоо хүртэл эцэг эх нь ойлгохгүй байгаа гэж байна. Гэхдээ Сирид дайн дэгдсэний дараа охин нь хүчирхийлэл, дайн тулааны талаар эмзгээр тусган авч, залбирал үйлддэг болж, Коран судар уншдаг болжээ. Охин Tumblr дахь хуудсандаа Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадыг гутаан доромжилсон шог зураг, шархдаж үрэгдсэн хүүхдүүд, лалын дайчдыг харуулсан зураг олноор нь тавьдаг болоод байжээ. Түүн шиг эмзэг сэтгэлтэй охидыг Исламын улс бүлэглэлийнхэн онилж, суртал ухуулгаа интернэтээр тасралтгүй цацсаар байгаа. Тэд гадаадаас ирсэн дайчдаа торгоож үлдээхийн тулд залуу охидыг тэдэнтэй гэрлүүлдэг бөгөөд үүндээ ашиглах гэж лалын шашинтай, насанд хүрээгүй, гэнэн томоогүй охидын тархийг угаах янз бүрийн суртал ухуулгыг онлайнаар цацдаг юм. Лалын ариун дайн гэх мэтийн үзэл сурталд автсан өсвөр насны охид хөвгүүдийн хувьд Туркт л оччихвол Сири руу гарахад тийм ч бэрх биш байдаг нь Акса шиг олон мянган хүүхдийг Исламын улсад нэгдэхэд хүргэж байна. Сирид эмх замбараагүй байдал дэгдсэнээр Туркийн тал тус улсын дүрвэгсдийг хил дээрээ хүлээж авч эхэлсэн бөгөөд үүнтэй зэрэгцэн нөгөө талын хилийн хяналт ч суларчээ. Үүнийг ашиглаж Исламын улс бүлэглэлийн мунхруулгад автсан залуус олноороо Туркийг зорьж, тус улсаар дамжин Сири руу түвэггүй нэвтрэх болсон байна.

Ингэж Исламын улсыг зорьж буй охид бүсгүйчүүд олны боддог шиг ар гэр нь асуудалтай, хүмүүжил боловсролгүй хүмүүс байдаг юм биш гэж Акса саяхан өөрийн блогтоо бичжээ. “Надтай адил Сирид ирсэн эгч дүүсийн ихэнх нь их сургуульд суралцаж байсан, баян чинээлэг гэр бүл, аз жаргалтай амьдралтай хүмүүс. Хэрэв бид өөрсдөө л хүссэн бол энэ бүхнээс хол амар тайван, тав тухтай, аз жаргалтай амьдарч болох байсан” гэж бичжээ. Үнэхээр ч Аксагийн гэр бүл гэхэд Глазгоу хотын хамгийн сайхан дүүрэгт орон сууцтай, дөрвөн хүүхэд нь нэр хүндтэй, хувийн сургуульд сурдаг байжээ. Түүний аав 1970-аад оны сүүлчээр Пакистанаас Шотландад ирж, крикетийн багт тоглох болсноор тэднийх чинээлэг амьдралтай золгожээ. Акса “Coldplay” хамтлаг сонсдог, Харри Поттерын ном уншдаг, хичээлдээ явах дуртай, найрсаг нөхөрсөг жирийн л нэг хүүхэд байсан. Гэхдээ хэзээ ингэтлээ өөрчлөгдсөнийг нь Аксагийн гэр бүлийнхэн одоо хүртэл ойлгохгүй байна. Үүнийг магадгүй түүний хамгийн сүүлд бичсэн пост тайлах биз ээ.

Акса хамгийн сүүлд “Tumblr” дахь хуудсандаа Аль-Кайда бүлэглэлийн гишүүн Анвар Ал Авлакигийн үгээс иш татан  “Түүхэн өөрчлөлтийг хэзээд залуус хийсээр ирсэн” хэмээн бичжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан