Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.Путин: Украинтай дайтах дээрээ тулахгүй байх

Украинд гал зогсоох гэрээ хэрэгжиж эхлээд цөөнгүй хонож байгаа ч нөхцөл байдал амар тайван болж амжаагүй л байна. Олон улсын анхаарлыг татсан хэвээр буй Украины өнөөгийн нөхцөл байдлын талаар Ерөнхийлөгч В.Путин “Россия” сувагт товч ярилцлага өгснийг хүргэж байна. Тэрээр ах дүүгийн барилдлагатай Украин улстай дайтаж тулалдах дээрээ хүрэхгүй хэмээн найдаж буйгаа энэ ярилцлагадаа хэлснийг олон улсын хэвлэлүүд цохон тэмдэглэж байгаа юм.

-Орон даяар Эх орноо батлан хамгаалагчдын өдрийг тэмдэглэж байгаа энэ өдөр манай ах дүүгийн найрамдалт харилцаатай асан Украины Ерөнхийлөгч Порошенко Крымийг эр­гүү­лэн авахын төлөө боломж­той бүхнийг хийнэ гэж мэдэгдлээ. Орос-Украины харилцаа одоо яг ямар түвшинд байна вэ? Нэг л өглөө биднийг сэрэхэд дайн эхэлсэн байх юм биш биз?
-Тийм нөхцөл байдал үүснэ гэж бодохгүй байна. Тийм дээрээ тулахгүй байх ч гэж итгэж байна. Зарим газар нутгийг эргүүлж авах тухайд энэ нь өшөө авах маягийн зүйл болно. Би зөвлөгөө өгөхийг хүсэхгүй байна, гэхдээ миний бодлоор Украин шиг Европын том орныг удирдана гэдэг, ялангуяа энэ улсыг хэвийн амьдралд нь эргэн оруулахын тулд эдийн засгаа эмхэлж цэгцэлж, зүүн өмнөд дэх хөрш орнуудтайгаа иргэншсэн арга барилаар харилцаж, Донбасст амьдарч буй хүмүүсийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хангах ёстой. Минскийн гал зогсоох гэрээг л биелүүлчих юм бол  тэгээд болчихно. Крымийн тухайд жилийн өмнө Холбооны ассемблейд миний хэлж байсан үгийг эргэн сана.  Тэр үед би Крым бол Оросын, Украины, Крымын татарчуудын, Грекийн, Германчуудын бүгдийнх нь эх орон байсаар ирсэн, байх ч болно гэж хэлж байсан. Крымд амьдарч байгаа хүмүүс иргэншлийн тухайд өөрсдийн сонголтоо хийсэн. Тиймээс тэдний сонголтыг хүндэтгэж үзэх ёстой. Энэ орос юм гээд өөрөөр харилцаж таарахгүй. Манай ойрын болоод алс холын түншүүд энэ тохиолдолд ард түмнийх нь санаа бодлыг л үнэний шалгуур болгон авч үзэх байх гэж итгэж байна.

-Украины дайны талаар Америк, Европын байр суурь зөрүүтэй байгаа. АНУ болохоор Оросыг Дебальцево руу шууд дайрсан гэж үзэж, манай улсад нэмж хориг тавих хэрэгтэй гэдэг. Харин Европ үүнийг нь хараахан дэмжээгүй. Үүний төлөө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Европын түншүүдээ хүртэл буруутгасан.
-Үнэнийг хэлэхэд ийм дүгнэл­тийн тухай огт сонсоогүй юм байна.

-Бид Украинд үүссэн нөхцөл байдлыг иргэний дайн гэдэг. Харин украин­чууд өөрсдөө “Үгүй ээ, энэ бол Оросын шууд халдлага” гэж хэлдэг. Яагаад дэлхий нийт үнэнийг нь олж харахгүй байна вэ?
-Нэгдүгээрт, дэлхий ертөнц олон талтай. Зарим нэг нь олж харж байхад, харахыг хүсэхгүй хэсэг ч байна. Нөгөө талаар дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг монопольчилсон манай өрсөлдөгчид өөрсдийн хүссэнээр мэдээллээ цацаж байна. Украины өндөр түвш­ний албаны хүмүүс тухайлбал, армийнх нь Ерөн­хий штабын дарга “Бид Оросын армийн эсрэг дайтахгүй ээ” гэж мэдэгдэж байна. Өөрсдийн ялагдлаа зөвтгөх гэсэн, буруугаа Орост тохох гэсэн иймэрхүү оролдлого эцэстээ Орос-Украины зөрчлийг улам л хурцатгана. Давтаад хэлье. Хэрэв Минскийн гал зогсоох гэрээг биелүүлж чадвал, нөхцөл байдал аяндаа сайжирна. Оросоос дутахгүй Европ ч энэ гэрээг хэрэгжээсэй гэж хүсч байгаа. Европ хоорондоо зөрчилдөх нь хэнд ч ашиггүй.

-Минскийн гэрээг л хэрэгжүүлчихвэл Франц, Герман гээд гадаад ертөнцтэй урьдын адил найрсаг харилцаж чадна гэж та бүрнээ итгэж байна уу?
-Айл гэрт ч бүрэн дүүрэн итгэлцэл оршино гэдэг хэцүү гэдгийг та мэдэж байгаа. Тэгэхээр олон улсын түвшинд ийм итгэлцлийг олох гэдэг бүр бэрх. Гэхдээ бид бие биеэ ойлгодог, ерөнхийдөө нэг нэгэндээ итгэдэг гэж боддог. Хэдийгээр бага сага үл итгэлцэл байлаа ч бид түншүүд гэдгээ үргэлж санаж, ямар ч тохиолдолд хүндэтгэлтэй хандаж байх ёстой.

-Та одоо Украины Ерөнхийлөгчтэй ажил хэргийн холбоотой байгаа юу. Түүнийг амжилттай ажиллаж чадна гэдэгт итгэдэг үү?
-Бид холбоо харилцаагаа хадгалж байгаа. Гэхдээ Украины удирдлагуудын жи­лийн өмнөх Майданы явдлын талаар тагнуулынхны нарийн тодорхойгүй тоо баримтад үндэслэн мэдэгдэл хийдэгт би гайхдаг. Тиймээс Украины түншүүдээ ширээн дээрх тоо баримтаа ашиглахдаа илүү хянамгай байгаач гэж хүсмээр байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан