Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Энх-Амар: АНХДУГААР ХУРЛЫН 19 ХУУДАС ПРОТОКОЛТОЙ ДЭВТЭР БИЙ

МоАХ-ны анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцож, хурлаар хэлэлцсэн асуудал, тавигдсан илтгэл гээд бүхий үйл явцыг бичиж тэмдэглэж байсан “Спортын өнгө” сонины сурвалжлагч С.Энх-Амартай ярилцлаа.

 

-МоАХ-ны анхдугаар их хурлын ажиллагааг гараар хөтлөн тэмдэглэж, түүнийгээ 25 жил хадгалсан гэхээр сонирхолтой санагдлаа?

-Зуршил гэх юмуу даа. Би ер нь өдөр тутмын бүхий үйл явдал, өрнөлийг цаг хугацаатай нь тэмдэглэж авдаг юм. Өдийг хүртэл 30 жил өдрийн тэмдэглэл хөтөлж байна. Ажил мэргэжлийн онцлогоос болоод ч тэр үү хурлаар хэлэлцсэн бүхий л асуудлыг тэмдэглэж авсан юм. 19 хуудас хурлын протоколтой дэвтэр маань 25 жил хадгалагдан үлдэж. Мэдээж улс орон, ард түмний хувь заяатай шууд холбоотой асуудлыг хэлэлцэж байсан учир тэмдэглэж авах нь зөв гэж ойлгож байлаа. Тухайн үед бичиж тэмдэглэж сууснаас энэ муу жижигхэн цэнхэр дэвтэр минь түүхийн нэг хэсэг болж үлдэнэ чинээ санаа ч үгүй явж.

-МоАХ-ны үйл хэрэгт яаж яваад оролцох болов?

-Би 1988 онд МУИС-ийн түүхийн ангийг төгсч улмаар Хувьсгалын музейд лектор, тайлбарлагч хийж байсан юм. Мөн музейнхээ Эвлэлийн үүрийн даргын ажлыг ч давхар хашиж байлаа.

Жил гаруй ажилласны дараа буюу 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Ардчилсан холбооны анхдугаар цуглаанд оролцож, тухайн үед цуглааны үеэр хэлэлцэж байсан асуудал, залуусын улс төрийн шаардлагууд ихэд таалагдсан учир ардчиллыг тууштай дэмжихээр сэтгэл шулуудсан хэрэг. Тэгээд л ажлынхаа Нямдорж гэгч залуутай хамт музейдээ ирж анхны салбар зөвлөлийн нэгийг байгуулсан. Түүнээс хойш МоАХ-ны зохион байгуулсан бүхий цугларалт, арга хэмжээ, жагсаал цуглаанд оролцож яваад 1990 оны хоёрдугаар сарын 18-нд буюу өнөөдрөөс 25 жилийн өмнө хуралдсан МоАХ-ны Анхдугаар Их ху­ралд гишүүнээр оролцсон байлаа.

-Таны бичиж тэмдэг­лэсэн хурлын протоколыг сонирхвол?

-Бололгүй яахав, би өглөө 09:00 цагт хурал эхлэхээс аваад 19:35 цаг хүртэл бүгдийг тэмдэглэж авсан байна. “Анхдугаар Их хурлыг нээж ерөнхий зохицуулагч С.Зориг үг хэлэв. Хуралд 16 аймаг, таван хотоос 610 төлөөлөгч, Чех, Герман гэх мэт Европын орнуудаас төлөөлөгч ирэв. Хурлын төлөөлөгчдийн 70 хувь нь Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүд байна. Намын гишүүн арав, зургаан орны 20 гаруй сурвалжлагч ирлээ” гэх мэтчилэн нарийн бичиж тэмдэглэсэн байгаа юм.

Зоригийг үг хэлсний дараа их хурлын улс төрийн илтгэлийг Сосорбарам тавьсан. Энэ мэт хурал дээр болсон бүхий л процессыг тэмдэглэсэн. Гэхдээ хүмүүс Их хурлыг зөвхөн хоёрдугаар сарын 18-нд болсон гэж ойлгоод байдаг. Гэтэл өмнөх өдөр нь буюу 17-ны 15:00 цагаас МоАХ-ны ажлын зөвлөгөөн гэж болсон юм. Уг зөвлөгөөнийг Ц.Элбэгдорж хөтлөн явуулсан. Одоогийн Ерөнхийлөгч маань тухайн үед хэлэхдээ “1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд МоАХ-ны анхдугаар цуглаан болж, холбоо байгуулагдсаныг тунхагласнаас хойш 70 хоносон байна” гэж хэлж байсан юм.

Улмаар өнгөрсөн 70 хоногийн хугацаанд юу хийж бүтээв гэдгээ дүгнэж маргаашийн их хурлаараа юу юуг хэлэлцэх вэ гэдгээ ч тодорхойлон ярилцсан юм. Энэ бол анхдугаар их хурлын бэлтгэл ажил байсан гэх үү дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан