Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинийн нэгэнд ээждээ заавал золгож бай, хүмүүсээ


Нас хэдийнээ 60 гарчээ. Ажил амьдралын эрхээр аймаг хошуу алгасаад төрсөн нутгаасаа хол явдаг ч харь хол гадаадад л биш бол билгийн улирлын цагаан сарын шинийн нэгэнд төрсөн гэртээ очиж ээждээ заавал үнсүүлэхсэн гэж боддог. Жилийн жилд үүнийгээ ч биелүүлсээр яваа.
Санчиганд хэдийнээ буурал сууж, өчнөөн үр хүүхэд, ач зээ нарын аав, өвөө болсон болохоор заримдаа гэртээ нэг удаа шинэлж хоймортоо налайн тэр хэдийгээ өвөр дээрээ эрхлүүлж суухсан гэж санах. Тэгээд ч унаа энэ тэр олдохгүй гэх биш, шинэ өнгөрөнгүүт л ээждээ давхиад очиход ялгаа юун гэж бодогдох.
Гэхдээ л цагаан сарын шинийн нэгний өглөө ээжтэйгээ золгох гэдэг юу юунаас илүү, огтын өөр дөө.
Шинэ нэгэн жилийн эхний өдөр, тэр л  өглөөний нарнаар, шинэ жилийн шинэхэн сүүтэй цай оочлон суух ээжтэйгээ золгоод буурал толгойгоо илүүлээд сууж байх шиг сайхан юм хаана байна аа.
Ялгаагүй мэт болов чиг шинэ өнгөрөөж очоод золгох, үнсүүлэх нэг л өөр.
Монголчууд эрт цагаас л цагаан сарыг ургийн баяр хэмээж ирсэн. Айл аймгийнхан, танил хүмүүс, хамт ажилладаг нөхөд нэг нэгнийхээрээ орж бие биеэ хүндэтгэх нь ёс боловч хамгийн гол нь ахан дүүс, төрөл төрөгсөд цуглаж, шинэ төрсөн багачуудаа танилцуулж, хүүхэд багачуудаа нэг нэгэд нь мэдүүлдэг баяр.
Хөөрхий ээж минь өдгөө 80 гарсан буурай,  цагаан сар дөхөхөөр л байн байн утасдаж “хэзээ ирэх вэ” гэж яг тулгаж асуухгүй ч хол ойрын сонин дуулгаж, хэдэн дүү нарыг минь нэрлэн тэр өдийд ирэх гэнэ, тэр тэрэнтэйгээ ирэх гэнэ лээ, тэд бүгдээрээ ирнэ хэмээн хэл дуулгана. Энэ бүхний цаана мэдээж “Миний хүү хэзээ наашаа гарах гэж байна, хэн хэнтэйгээ ирэх вэ” гэсэн асуулт цухалзаад байдаг юм.
Арга ч үгүй юм биз дээ, би эндээ л нэг их буурал суусан өвгөн, үр ач нартаа л өвөө, аав, ажлынхан, танилууддаа “ах, гуай” болохоос биш аугаа их Пунцагийн Бадарч найрагчийн “Эхийн сэтгэл” шүлэгт дурдсанчлан би чинь ээжийн сэтгэлд
                    “Хүний нүдэнд бол
                    Хөгцтэй хад шиг
                     Хөх толгойтой хөгшин хүү минь
                    Ижийнхээ нүдэнд бол
                    Манцуйдаа дэрвэх
                    Мяндас цагаан хүү”  юм чинь.
За тэгээд шинийн нэгэн гэдэг миний ээж шиг 80 гарсан хүнд хол ойрын дүү нар төрөл төрөгсөд, танил гээд ирж золгох хүн мундахгүй, ёстой л хөлөөр дарна. Миний хувьд орж гараад, очиж золгоод байх айл нэг их биш, тэгэхээр энэхэн үед хүүхэд дүү нар эзгүй бол ээжийнхээ гал тогоог барьсан шигээ,  цай буцалгаж, бууз жигнэн байхад юм бүхэнд л өөрөө ухасхийж байдаг ээжид минь аятайхан байдаг биз.
Ингээд нэг хэсэг зочид гарах хооронд ээж минь “Одоо тэднийхэн ороод ирэх вий дээ, хүү минь цай буцалгаад халуун саванд хийчих үү, идээгээ нэг сэлбэчих дээ. Энэ салат, зуушны таваг хоосон байх чинь юу вэ” гээд 60 гарсан хүүгээ нааш цааш хөдөлгөж байх нь ёстой жаргал болов уу.
Зочид цөөрөөд ирэхийн цагт ээж бид хоёр хууч хөөрөх дуртай. Мэдээж хэдэн дүү нарын тухай, нутгийн хүмүүс, ээжтэй хамт ажиллаж байсан хүмүүс гээд ярианы сэдэв мундахгүй. Эрхбиш нэгэн цагт би багш байсан болохоор, насаараа боловсролын байгууллагад нягтлан бодогч хийж байсан ээж бид хоёрын яриа нийлж танилууд нэгдэнэ.
Заримдаа ээж минь бэрүүдийнхээ хэн нэгэнтэй их л аминчлан ярьж суух. Мэдээж ач зээ нарынхаа сурлага ном, хувцас хунараас аваад л дээл хувцас энэ тэр гээд эмэгтэйчүүдийн ярианы сэдэв ямар дуусах биш. За тэгээд завсарт нь мэдээж ээж “Цаадах чинь архи энэ тэр уугаагүй биз” гэж асууж л байгаа л даа. Хүн зоны өгсөн бэлэг сэлтийг барилан үзсэн шигээ шивнэн ярьж суугааг нь харахад “Үүнийг миний охин өнөөх тэрэндээ өмсгөчих, таарахаар юм байна” гэж ач нарынхаа нэгнийг нэрлэж байгаа нь ойлгомжтой.
Хэдэн ач зээ нь үүд хаалга онголзуулан орж гарч, хэдийнээ бэлгээ авсан ч гэсэн ээжийн гараас ганц нэг чихэр амттан аваад гүйлдэж байх нь ээжийн ёстой нэг жаргал нь тэр дээ.

Шинийн нэгний өглөө бүгдээрээ золгож ээждээ үнсүүлчихээд ээжийнхээ дэргэд насныхаа эрэмбээр зэрэглэн суугаад, шинэ жилийн шинэ өглөөний цай уужээ суухад ээж минь бүгдийг нь  тойруулж харан, нулимсаа арчиж  байх нь хэн маань ирж амжсангүй вэ хэмээн бүртгэж байгаа нь бүр ойлгомжтой байдаг юм. Ирж амжаагүй нэгнийг ёс юм шиг наанаа “Хөөрхий ажил энэ тэр нь болохгүй л байгаа л даа. Яахав хөөрхий гэртээ шинэ гаргаад ирэг” гэх ч цаанаа л нэг үгүйлээд байгаа нь андашгүй байдаг юм.
Ээждээ шинийн нэгэнд заавал очиж золгож бай, хүмүүс ээ. Ээжийгээ тэнд биднийгээ бүртгэж үгүйлээд сууж байхад бидний гэрийнхээ хоймор тухлах маань ч гайгүй.....
Аминаас нь амь тасалж төрсөн хүүхдүүд нь шинийн нэгэнд бүгдээрээ дэргэд нь байж ээжийнхээ тохойг өргөн золгож, хоёр хацраа үнсүүлэх бүрийдээ л ээждээ нас нэмж байна гэж боддог доо.

0 Сэтгэгдэл
ОДООГИЙН ЗАЛУУС ЭЦЭГ ЭХЭЭ ХҮНДЛЭХ ТАЛ ДЭЭР МУУ БАЙНА.ӨНӨӨДӨР НЭГ НАСТАЙ ХӨГШИН ОДОНГИЙН МӨНГӨӨ АВААД ЯВЖ БАЙХДАА НЭГ НАЙЗ ЭМЭГТЭЙДЭЭ ИНГЭЖ ХЭЛЭХ ЮМ. БИ ӨНӨӨДӨР МӨНГӨӨ АВСАН ГЭДГЭЭ ХҮҮХДҮҮДЭЭ ХЭЛЭХГҮЙ ТЭР АВААД ӨӨР ЗҮЙЛ АВАХ ГЭЭД БАЙДАГ.БИ МАРТААР АВНА ГЭЭД ХЭЛЧИХСЭН ӨӨРӨӨ НЭГ ХЭРЭГЛЭХ ГЭСЭН ЮМАА ГЭЖ ӨРӨВДМӨӨР ДУУГААР ЯРЬЖ БИЛЭЭ.БИ ИХ ЗҮЙЛИЙГ БОДОЖ ЯВЛАА.БИ Ч ГЭСЭН ЭНЭ ЭГЧ ШИГ НАСТАЙ БОЛОХООР ЯМАР ХЭМЖЭЭНД ЯАЖ ЯВАХЫГ ХҮҮХЭД МИНЬ НАДАД ЯАЖ ХАНДАХЫГ ХЭН МЭДЭХ БИЛЭЭ .....
eejteigee baih shig saihan yum haana ch baihgui shuu. setgel mini dandaa l taniigaa uguileh yum daa. hairtai shuu eejdee. burhaniihaa ornoos harj bgaa bailgui dee. saihan zuil bichsend bayarlalaa.
aab yaahuu heregui yuu
Uillaa
eej yostoi amid burhan min shudeee,dahin hezee ch ergen ergen oldohgui eej min hairtai shuuu tanidaa ohin n
ЯГ үнэн шүү ийм цаг олон жил үргэлжилээч билүү ..... байгаа дээр нь заавал амжиж золгож байгаарай хүмүүсээ
ter ch unen shuu
Хамгийн их уншсан