Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Алтай констракшн” компанийн барилгын осолд салбарын сайд анхаарал хандуулав


Одоогоос яг жил нэг сарын өмнө “Макс өргөө” компанийн бариулж байсан барилгын дамнуургын олс тасарсны улмаас  ойролцоо явж байсан машины дээрээс унаж, хүний амь эрсэдсэн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч Н.Оюунчимэг тухайн үед “Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж магадлал хийгдээгүй зураг төслөөр барилгыг барьж байсан. Өөрөөр хэлбэл, Барилгын тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтын шаардлагыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр 2013 оны долдугаар сарын 01-ний өдрийн 06/103/44 дугаартай актаар түр зогсоосон байсан” гэсэн тайлбар өгч энэ хэрэгт “Макс өргөө” компанийг буруутай гэдгийг бататгаж байлаа.  Учир нь, осол 2014 оны нэгдүгээр сард гарсан. Гэвч хэргийн сэжигтнээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Мээж гласс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нямдаваа, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер Л.Амгалан нарыг татаж шалгаж эхэлсэн юм.

Өөрөөр хэлбэл захиалагч гэдэг утгаараа “Макс өргөө” уснаас хуурай гарч л байсан. Яг ийм жишээ дурдвал нэг биш. Захиалагчид үнэндээ туслан гүйцэтгэгч компани хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангах эсэх, хүмүүс нь сургалтанд суусан эсэх огт падгүй. Гол нь гэрээн дээрээ үүнийг нь тодотгон тусгасан эсэхээ л шалгавал болоо. Гэрээг туслан гүйцэтгэгч бүхий л хариуцлагаа өөрөө хүлээх маягаар л хийх ёстой.  Ямар ч тохиолдолд хуулийн өмнө гэрээгээ бариад суучихад хэн хариуцлага хүлээх нь тодорхой. Харин туслан гүйцэтгэгч компаниудын хувьд ажил олдож л байвал ямар ч гэрээн дээр гарын үсэг зурахад бэлэн байдаг нь нууц биш. Жижигхэн компани байгуулаад түүндээ тав арван хүн авчихдаг. Тэднийгээ хоолтой ундтай ажилтай байлгахын тулд олдсон ажлыг алдахгүй гэсэндээ захиалагч компанийн ямар ч шаардлагын өмнө дуугүй толгой дохьдог.

Барилгын салбарт иймэрхүү байдал ёс мэт оршин тогтнох болжээ. Үүнд хэн анхаарал хандуулах нь ёстой вэ. Мэргэжлийн хяналтынхан уу эсвэл барилгын яам нь уу. Удахгүй барилгын ажлын улирал эхэлнэ. Одоогоор 75-аас дээш хувийн гүйцэтгэлтэй барилгын ажил ч үргэлжилж байгаа. Эхнээсээ осол аваар ч гарч, эрдэнэт хүний амь эрсэдсэн мэдээ ч дуулдаж эхэллээ.

Өнгөрсөн ням гаригт  “Алтай констракшн”   ХХК-ийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй “Саруул” хотхоны В4 блокийн барилга дээр ажиллаж байсан Б нь  өргүүрийн ган татлага тасарсны улмаас осолдож, нас барсан хэрэг гарсан. Амиа алдсан ажилтан нь 36 настай, эрэгтэй. Тэрээр өрлөгийн ажил хийж байсан ч бусдын өмнөөс тоосго буулгахаар есөн давхарт гарч ажиллаж байгаад ийн амиа алдсан аж. Хэрэг гарсан газар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар очиж ажиллаад  ослын шалтгааныг “Алтай констракшн” компани нь барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журмыг зөрчин тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан,  гэрэлтүүлэггүй газар ажил гүйцэтгэсэн, хүйтний улиралд гадаа ажиллаж байгаа ажилтан хоёр цаг тутамд 5-10 минутын завсарлагатайгаар дулаацаж, ажлаа явуулах зэрэг тогтсон журмын заалтыг зөрчсөн гэж дүгнэжээ. Гэхдээ зөрчил эдгээрээр дуусаагүй.  Хамгийн гол нь барилгын алтан дүрэм болсон ажилчдын аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлээгүй байгууллагын дотоод, захиалагчийн хяналт муугаас осол гарах нөхцөл бүрдүүлсэн гэж ослын газар ажилласан мэргэжлийн хянал­тын байцаагчийн дүгнэлтэд дурджээ.

Энэ бүхнээс үүдэн Тө­рийн хяналт шалгалтын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг үндэслэн үйл ажиллагааг нь 2015 оны хоёрдугаар сарын 08-ны өдрөөс эхлэн  буюу тухайн өдөртөө зогсоосон байна.
Мэдээж нэгэнт 50-иас илүү хувийн гүйцэтгэлтэй байгаа барилгын ажил цааш үргэлжлэх нь тодорхой. Гэхдээ хэн нэгний хариуцлагагүй болгоомжгүй үйлдлээс болоод ажлаа хийж явсан хүний амь эрсэдчихээд байгаа учраас хэргийн буруутанг тогтоох нь зүйн хэрэг. Гэвч мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээс харвал амиа алдсан ажилтан нь “Алтай констракшн” компанитай энэ оны нэгдүгээр сарын 29-нд  дотор өрлөгийн ажил хийхээр гэрээ байгуулсан иргэн Д.Батсүхийн өрлөгчин бололтой. Харин иргэн Д.Батсүх нь тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж, иргэн гэх хуулийн заалтад багтаад буй аж. Гэрээг осол гарахаас долоо наймхан хоногийн өмнө хийсэн байгаагаас харвал тэрээр ажилдаа гараад арав ч хоноогүй байсан биз. Хүний амь нас эрсэдсэн хэрэг учраас эрүүгийн хэрэг үүсэх тодорхой. Гэвч...

Хэргийн сэжигтнээр хам­гийн түрүүнд хүнийхээ аюулгүй байдлыг хангаагүй, тусгай зөвшөөрөлгүй байж үйл ажиллагаа эрхэлсэн учраас туслан гүйцэтгэгч татагдана. Харин дээрх олон хуулийн заалтыг зөрчөөд байгаа “Алтай констракшн” хариуцлага хүлээх болов уу. Магадгүй цаг хугацааны эрхэнд замхраад алга болж ч болзошгүй. Тэгвэл мэргэжлийн хяналтынхан шүүх цагдаагийн дунд яваад л өнгөрдөг байсан иймэрхүү хэрэгт яам нь анхаарал тавьж, ослын газар нь ажиллаж, дүгнэлт гаргах хэлтэстэй болсныг та дуулсан уу. Барилга хот байгуулалтын шинэ сайд ажлаа авсныхаа дараахан энэ асуудалд анхаарал тавьж ажиллана гэж амлаж, осолгүй манлай салбар болохын төлөө ажиллах болно гэж байсаан. Тэр амлалтандаа хүрэхийн тулд  Барилгын чанар, аюулгүйн ажиллагааны газар гэдгийг яамандаа тусгайлан байгуулжээ. Тус албаныхан “Алтай констракшн” компа­нийн Саруул хотхоны барил­гын талбайд гарсан осол дээр очиж, дүгнэлт гаргахаар ажиллаж буй гэнэ. Хэдийгээр сайд нь эзгүй байгаа ч ослын талаар дүгнэлт гаргах, хариуцсан байгууллагуудад мэргэжлийн туслалцаа үзүүлэх ажлын хэсэг байгуулах тушаал гаргасан байна.
Ослын шалтгаан  нь нэгэнт ийн тодорхой гарчихаад байгаа учраас энэ удаад “Алтай констакшн” компани дэндүү олон буруутай үйлдлээ ухаарч,  өрлөгийн ажил гүйцэтгэх туслан гүйцэтгэгчээр орсон жижиг компани руу хамаг хэргээ чихээд өнгөрөхгүй л болов уу.

 Н.БАТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан