АНУ-ын Беркли хотын Калифорнийн их
сургуулийн дэргэдэх “SETI” судалгааны төвийн мэргэжилтнүүд харь гарагийн
соёл иргэншилтэй холбоо тогтоох оролдлого хийх гэж байна.
Уг төвийн мэргэжилтнүүд хүний амьдралын хэлбэртэй харьцуулахуйц хэлбэр оршин байж магадгүй гэж үзэж буй сансрын биетүүд рүү тусгай цахим илгээмж илгээхээр зэхэж байна гэж дэлхийн хэвлэлүүд ням гарагт мэдээлжээ. Эрдэмтдийн хөтөлбөрийг удахгүй эцэслэн батлах аж. Манай гарагаас 20 гэрлийн жил буюу 190 их наяд км зайтай бүст харь гарагийн соёл иргэншлийг хайна гэж эрдэмтэд ярьсан байна.
“Сансарт олон соёл иргэншил бий гэдгийг би үгүйсгэхгүй. Хэрэв тэдгээрийн аль нэг нь оршин байдгаа мэдэгдэх дохиог гадаад ертөнцөд илгээхгүй бол хэн ч хэзээ ч юу ч сонсохгүй шүү дээ” гэж Судалгааны төвийн удирдагчдын нэг болох Дэвид Блэз ярьжээ. Дэлхийгээс гадаад ертөнц рүү илгээх илгээмжийн агуулгыг одоогоор боловсруулж байгаа гэдгийг тэрбээр хэлсэн байна.
1984 онд байгуулагдсан SETI хүрээлэн нь харь гарагийн соёл иргэншлийг шургуу хайсаар иржээ. Сүүлийн 30 жилийн хугацаанд тус хүрээлэнгийн мэргэжилтнүүд радио, оптик дурамбайгаар өөр соёл иргэншлээс илгээж буй дохиог сансраас илрүүлэхийг оролдсон байна.
Харин одоо тэд энэ ажиллагаагаа өргөжүүлэхээр шийдэж, манай гараг галактикт оршин байдаг гэдгийг мэдэгдэхийн тулд задгай сансарт дохио илгээж эхлэхээр төлөвлөж байгаа аж.
Энэ төсөлтэй санал нэгдэхгүй байгаагаа зарим эрдэмтэд мэдэгджээ. Жишээлбэл, Британийн эрдэмтэд Стивен Хокинг өөрсдийгөө гадаад ертөнцөд оршин байдгаа мэдэгдэх хүн төрөлхтний оролдлого “маш аюултай” гэж мэдэгдсэн байна.
“Хэрэв харь гарагийнхан манай дэлхий дээр ирвэл Колумбын хөлөг Америк тивд хүрэхэд тус тивийн оршин суугчдад тохиолдсонтой адил үйл явдал болно” гэж тэрбээр хэлжээ. Технологийн хувьд манай гарагтай харьцуулахад илүү өндөр хөгжилтэй харь гарагийн соёл иргэншил байдаг гэдэгт Хокинг итгэлтэй байгаа аж.