Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэн нэгэн бөө болох гэсэндээ унаж, татаж байгаа юм биш

Тэнгэр шүтлэгтэй монголчуудын хувьд сүүлийн жилүүдэд бөө мөргөл сэргэсэн нь сайн хэрэг ч аливаа зүйл олон болохын хэрээр хуурамч зүйл олширдог жишиг “бөөчид”-ийг ч тойрсонгүй. Тэнгэрийн тааллыг сонсож, бөө болох зарлиг хэн нэгэнд ирэхдээ унах таталтаар илэрдэг гэсэн бичигдээгүй хууль үйлчлээд эхэлж.

Тэгвэл үнэн хэрэгтээ эпилепси буюу унаж татах өвчлөл нь тархинд хэт цэнэгжилт үүсэх үйл явц аж. Маш энгийнээр тайлбарлавал борооны өмнө тэнгэрт цахилгаан цахидагтай яг ижил үйл явц тархинд өрнөдөг байна. Үүний ил харагдах хэлбэр нь уналт таталт юм. Дэлхий дээрх хүн амын нэг хувь нь буюу 65 сая хүн эпилепси өвчтэй гэсэн судалгаа байна. Энэ баримжаа тооцооллоор бол Монгол Улсад 30 мянга гаруй хүн эпилепситэй гэх тооцоо гарчээ. Сүүлийн жилүүдэд энэ өвчлөл нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжлийн эмч нар хэлсэн юм. Олон улсын Эпилепсийн өдөр өчигдөр тохиов. Монголд анх удаа энэ өдрийг тэмдэглэж, эмч, өвчтөн, гэр бүлд зориулсан уулзалт зохион байгууллаа.

Ах дүү хоёр мөргөлдөөд ах нь унаж татдаг болсон

Эрүүл мэндийн статистикийн байгууллагаас гаргасан үзүүлэлтээр 2010 онд улсын хэмжээнд 11759, 2012 онд 12144 хүн эпилепситэй бүртгэгдэж, жилд дунджаар 300-400 шинэ тохиолдол нэмэгддэг байна. Гэхдээ энэ бол бүртгэгдсэн тохиолдлууд. Цаана нь оношлогдоогүй хүмүүс ч бас бий. Дээр дурдсанчлан 30 мянга гаруй өвчтөний 80 орчим хувь нь 19-өөс доош насныхан. Ингэхээр монголчууд бага насандаа ихэвчлэн унаж татах өвчнөөр өвддөг нь харагдаж байна. Энэ талаар “Эфимон” мэдрэлийн эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор М.Үүрийнтуяа “Эпилепси үүсэх шалтгаан олон янз байдаг. Ихэнхдээ тархины эд эсийн гэмтлээс үүсдэг. Ахуйн гэмтлээс гадна төрөх үеийн гэмтэл, тархины бүтцийн гажиг, ургийн ба нярайн бүтэлт, хүчилтөрөгчийн хомсдолоос ч үүсэх магадлалтай. Гэхдээ хүний биеийн онцлогоос мөн шалтгаалах нь ч бий. Манай эмнэлэгт 24, 25 настай ах дүү хоёр хандсан. 11, 12 настайдаа тоглож байгаад мөргөлдсөнөөс болоод ах нь унаж татдаг болсон байсан. Гэтэл нэг залуу  найман давхраас шуудайтай элсэнд даруулсан атлаа уналт таталт өгөөгүй өдий хүрч байна. Эндээс харахад хүний биеийн онцлогоос шалтгаалж үүсдэг өвчлөл юм” хэмээн ярив.

Унаж татах өвчлөл нь хүний нас бүрт янз янзын хүчин зүйлээс үүсдэг байна. Тухайлбал, нярайгаас эхлээд бага насны хүүхэд төрөлхийн эпилепситэй байхад олдмол байдлаар тархиндаа гэмтэл авсан тохиолдол манай улсад түгээмэл байдаг аж. Харин идэр насныхан ялангуяа хөдөө орон нутгийн иргэд морь, мотоциклтой явж байгаад осолдсон гэмтлээ унадаг татдаг болгосон тохиолдол олон гэнэ. Харин өтөл насныхны хувьд тархиндаа цус харвасны улмаас унаж татдаг болсон тохиодол ч байдаг аж.

Эпилепси мэдрэлийн өвчин биш

Унаж татахыг хүмүүс сэтгэцийн өвчинтэй хольж ойлгох нь бий. Мөн унадаг татдаг хүн бүрийг эпилепситэй гэж оношилж болохгүйг эмч нар сануулж байна. Олон улсын хэмжээнд энэ төрлийн өвчлөлийг аман асуумж, тархины цахилгаан бичлэг, дүрс оношилгоогоор тодорхойлдог аж.

Энэ өвчлөлийн дийлэнх тохиолдолд эмээр эмчилдэг байна. Мөн мэс заслын болон тусгай зориулалтын хоолоор эмчлэх тохиолдол байдаг ч энэ нь түгээмэл биш гэнэ. Гэтэл монголчууд унаж татах зовиур илэрсэн өвчтөнийг бөө болгох зэргээр эмийн эмчилгээг нь тасалдуулснаар эпилепси бүрэн эдгэрсэн тохиолдол манай улсад бараг үгүй аж. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар эмийн эмчилгээгээр энэ өвчлөлийг 70-75 хувьтай эмчилж, эдгээх магадлалтай.

Тиймээс цаашид авч хэрэгжүүлэх эхний арга хэмжээ бол өвчнийг эрт оношилж, эмчилгээг үр дүнтэй болгохын тулд эцэг эхчүүдийн оролцоог сайжруулахыг зорьж байгаа гэнэ. Хүүхдээ анзаардаг, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч үзлэгт хамруулдаг байхыг ч эмч нар зөвлөсөн юм.

Харин нөгөө талд энэ өвчлөлтэй хатуу тэмцэх эмч мэргэжилтнүүдийн хүрэлцээ муу, мэдлэг бага байгаа нь анагаах ухааны салбарт үүсээд буй нэгэн саад юм. Тиймээс Монголын неврологийн холбоо үүн дээр анхааран ажиллаж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар мэдрэлийн нэг эмч өдөрт 70 орчим хүн үздэг гэсэн судалгаа байгаа нь ачаалал давсан тоо гэдгийг эмч нар хэлж байв.

Эпилепси 70 гаруй янз байдлаар илэрдэг


Энэ төрлийн өвчлөл нь ганцхан уналт таталтаар илэрдэггүй аж. 70 гаруй янз байдлаар илэрдэгээс бага насны хүүхдүүдэд гөлрөх зэргээр илэрдэг гэнэ. Бага насны хүүхэд гэнэт хий юм харж байгаа мэт ярих нь эсвэл удаан хугацаагаар гөлийх нь анхан шатны шинж тэмдэг гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байв.
“Эфимон” мэдрэлийн эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор М.Үүрийнтуяа “Долоон настай эгчийгээ гөлийгөөд байгааг дөрвөн настай дүү нь анзаарч ээждээ хэлснээр манай эмнэлэгт хандаж, өвчнөө эрт үед нь оношлуулсан. Мөн 14 настай хүү “Хашааны хажууд зогсч байсан хүн хаачив” гэх зэргээр хий юм харсан мэт ярьж эхлэхэд нь эцэг эх нь тоогоогүй удаан хугацаанд энэ байдал үргэлжилсэн байна. Хүүгийн багш нь эцэг эхэд нь хандаад хичээлдээ муудаж, асуултад хариулахгүй чимээгүй суудаг боллоо хэмээн гомдоллосон. Гэтэл удалгүй хүүгийн биед таталт өгч эхэлсэн. Эцэг эх нь манайд хандсаны дагуу хүүд нь тархины цахилгаан бичлэг, хүчтэй үлээлгэх сорил хийж байхад тэр гэнэт гөлийж үлээхээ больчихсон. Энэ үед цахилгаан бичлэгт абсансын уналтын тархмал өвөрмөц өөрчлөлт илэрсэн. Хүү анх хий юм харсан талаараа яриад байсан нь гөлийх үед нь тархины үйл ажиллагаа түрхэн зуур зогсонги байдалд орж, түүний харж байсан янз байдал өөрчлөгдөх үед дахин хэвийн байдалдаа орж байсантай холбоотой. Гудамжны цаанаас гарч ирсэн хүнийг анх хараад гөлийчихсөн хэрэг. Яваад өнгөрсөн хойно нь хэвийн байдалдаа ордог. Жаахан хүүхэд учраас үүнийгээ ч ойлгохгүй хүн харсан ч юм шиг, хараагүй ч юм шиг санагдсан хэрэг. Гэтэл үүнийг гэр бүлийнхэн болоод, эцэг эхчүүд нь ойлгодоггүй учраас хий юм харж, тэнгэр бурхантай харилцдаг болсон мэтээр ойлгоод байдаг” хэмээн Эпилепси өвчлөлийн хамгийн энгийн шинж тэмдгийг тайлбарласан юм.
Мөн таталт бүр эпилепси биш гэдгийг хүмүүс ялгаж салгах хэрэгтэйг дахин сануууллаа. Ядаргаанаас үүдсэн мөн шарталын үед татах нь өвчлөлийн шинж тэмдэг биш аж. Энэ өвчлөлийн үед илрэх уналтыг хэсэгчлэн уналт, энгийн хэсэгчлэн уналт, сэтгэцийн уналт хэмээн эмч нар ялгажээ.  

Фенобарбиталыг хориглох нь

Эпилепси өвчний эмчилгээнд хэрэглэж байгаа гол нэр төрлийн дөрвөн эм байдаг аж. Харин нярай болон бага насны хүүхдийг унаж татах үед уулгадаг гол нэрийн эм бол фенобарбитал эм. Эмийн санчийн алдаанаас тус эмэнд олон хүүхэд хордсон явдал гарснаас энэ эмийг хэрэглээнээс түр хассан. Гэвч ингэж эмийг хэрэглээнээс хасах нь олон хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байв. Эпилепсийн өвчний үед эмэн эмчилгээ хийхдээ өвчтөний цусны шинжилгээг харгалзан уух эмийнх нь тооцоог нарийн гаргадаг лаборатор ч Монголд байгуулагдсан байна. Гэтэл зарим үед эмч нар дураараа эмийн тунгаа бичиж өгснөөр эмчилгээ үр дүнгүй болох тохиолдол гарч байгааг ч мэргэжиүлтнүүд нуусангүй ээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан