Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэд яагаад Багануур, Багахангай дүүрэгт газар эзэмших сонирхолгүй байгаа вэ


Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний 0.07 га газар эзэмших эрх нь 2002 онд батлагдсан “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулиар нээгдсэн. Түүнээс хойш цаасан хэлбэрээр хүсэлт гаргаж, газар өмчилсөн иргэдийн тоо өнгөрсөн оны эцсээр 105 мянга гэж гарчээ. Зөвхөн хашаа хатгаж байшин барих бус эдийн засгийн эргэлтэд оруулж болох хамгийн үнэтэй баялгийг үнэгүй авах эрхийг нь нээсэн ч 10 гаруй жилийн хугацаанд гурван сая иргэдийн дөнгөж 105 мянга нь газар эзэмшсэн нь хуулийн хэрэгжилтийг хангалтгүй байгаа гэж үзэх үндэслэл болсон юм. Ингээд төрийн албаны хүнд суртлаас эхлээд түмэн янзын бичиг цаас цуглуулах ажлыг халж, иргэдээс цахим хэлбэрээр газар эзэмших хүсэлт авахаар болсны хоёрдугаар ээлжийн шалгаруулалт өчигдөр дууслаа.  Өнгөрсөн оны есдүгээр сарын эхэнд цахим бүртгэлийн эхний шат дууссаны дараа 14 мянга гаруй иргэн 0.07 га газар эзэмших эрхтэй болсон бол өчигдөр өндөрлөсөн хоёрдугаар ээлжийн шалгаруулалтаар 13 мянга гаруй иргэн газар эзэмших эрхтэй болов.

Ингэснээр газар эзэмших эрх нь нээгдсэн 13 жилийн хугацаанд 140 мянга орчим иргэн газар эзэмших эрхтэй болоод байна. Цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажил 2016 он хүртэл үргэлжилж, тухайн үед Монгол Улсын нийт хүн амын 1.1 сая иргэн гэр бүлийн хэрэгцээний газартай болно гэсэн судалгааг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргаад байна.

Энэ удаад 184569 иргэн хүсэлт илгээжээ

Цахим системээр газар өмчлүүлэх хоёрдугаар ээлжийн бүртгэл өнгөрөгч нэгдүгээр сарын 26-ны өдрөөс өчигдрийн 12.00 цаг хүртэл хүртэл үргэлжилсэн бөгөөд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Өмчийн харилцааны газрын цахим хуудсаар иргэдээс газар өмчлөх хүсэлтийг хүлээн авсан юм. Бүртгэлийн ажиллагааг өчигдөр 12.00 цагт Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хонх цохисноор дуусгасан бөгөөд тухайн үед 184569 иргэн газар эзэмших хүсэлт илгээсэн тоо гарсан юм.

Цахим системээр газар өмчлүүлэх хоёрдугаар ээлжид шинэ тав, хуучин гурав нийт найман байршилд, 13819 нэгж талбарт газар өмчлүүлэх бөгөөд албан ёсоор цахим бүртгэлийн ажиллагааг дууссаны дараа компьютер автоматаар иргэдийн регистрийн дугаараар тэр даруйд нь сонголт хийсэн юм. Ингээд дараах байдлаар иргэд газар эзэмших боллоо.


Багануур дүүрэгт бүртгүүлсэн иргэд бүгд газартай боллоо

Баянзүрх дүүргийн Улиастайн их аманд 178 иргэнд газар өмчлүүлэх байсан ч 53 мянга гаруй иргэн газар эзэмших хүсэлт илгээжээ. Гэтэл Багануур дүүргийн Тариан Булгийн II хэсэгт 6170 иргэнд газар эзэмшүүлэх байсан ч 5566 иргэн хүсэлт илгээснээр бүгд газраа өмчилж авсан байна. Мөн Багахангай дүүргийн Хангайн хөндийд 2479 байршилд 3189 иргэн газар эзэмших хүсэлт илгээсэн. Учир нь, хэт өндөр болон хэт бага хувьтай байгаа дээрх хоёр байршил нь газарзүйн хувьд эрс ялгаатайд тооцогдож байна. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүрэг нь хотын төвийн дүүрэгт тооцогддог учраас иргэд ихээр газар эзэмших хүсэлт илгээсэн бол Багануур, Багахангай дүүрэг нь дэд бүтцээс алслагдмал учраас иргэд тус байршлыг төдийлөн сонирхохгүй байгаа нь ажиглагдаж байгаа юм.

Гэсэн ч нийслэлийн Засаг даргын тамгын газраас өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр “Цахим хэлбэрээр иргэдэд газар өмчлүүлэх 52 байршилд дэд бүтцийн асуудлыг эхнээс нь шийдвэрлээд явж байгаа. Тухайлбал, ИТХ-аар цахилгааны асууд­лыг шийдвэрлэх талаар ярьсан.

Мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар зам тавихаар төлөвлөж байгаа” гэсэн мэдээлэл өгч байгаа билээ. Гэхдээ ирэх жилүүдэд алслагдсан дүүргүүдэд өмчлүүлсэн газарт дэд бүтцийг ямар байдлаар шийдэх болон санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх талаар тоймтой хувилбар байхгүй байгаа юм. Бид өчигдөр Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагаас дэд бүтцийн талаар тодруулахад тэрээр “ИТХ-аар батлагдсан 52 байршилд инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц бий болгох ажиллагаа зохион байгуулах үүрэг өгөгдсөн. Үүний дагуу манай Ерөнхий төлөвлөгөөний газраас дээрх байршлуудад орчин үеийн хотын шаардлага хангасан амины орон сууц бий болгох зорилгоор зураг, төслүүд хийх ажилд орсон.

Хотын төсвөөс ч энэ ажилд хөрөнгө зарцуулж байгаа. Гэхдээ төсвийн хүчин чадлаас шалтгаалан бодит ажил болох хугацаа янз бүр байх юм. Ирээдүйд инженерийн шугам сүлжээнд холбоно” гэж хариулсан юм.  

Та газар эзэмших эрхтэй болсон бол

Хэрвээ газар эзэмших эрхтэй болж, таны гар утсанд 151510 тусгай дугаараас зурвас очсон бол ирэх сарын 11-27-ны өдрүүдэд газар эзэмшихээр хүсэлт гаргасан дүүргийнхээ Өмчийн харилцааны албанд очиж хүсэлтээ баталгаажуулах ёстой. Ингэснээр нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллагаас ирүүлсэн цахим системээс сонгогдсон нэгж талбарын байршил болон иргэдийн мэдээллийг тухайн дүүргийн газрын алба нь тулгаж, шалгах юм. Улмаар иргэн геодези зурагзүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаар газар дээрээ эргэлтийн цэг тэмдэг суулгах, улаан шугам тавиулж акт үйлдэн баталгаажуулах зэрэг журамд заасны дагуу газраа баталгаажуулах ёстой. Харин газар өмчлөхөөр болсон иргэд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын 1800-1285 болон дүүргүүдийн өмчийн харилцааны албанаас авч болох юм. Харин газар эзэмших хүсэлт илгээсэн ч заагдсан байршилд газар эзэмшихээр сонгогдоогүй бол дараагийн цахимаар газар эзэмших шалгаруулалтад оролцох эрхтэй үлдэж байгаа юм. Гэхдээ дараагийн ээлжийн шалгаруулалт явагдаж эхлэх үеэр өөрийн бүртгүүлсэн регистрийн дугаар нууц кодыг ашиглан бүртгэлийн системд нэвтэрч, дахин шинээр газар сонгож, хүсэлт илгээх дарааллаар бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан