Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар хүндрэлийг ингэж даван туулна


Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр өнгөрсөн баасан гарагт өргөн барилаа. УИХ-ын дарга З.Энхболдод ЗГХЭГ-ын  дарга С.Баярцогт тогтоолын төслийг танилцуулсан. Тус бүр таван жилээр гурван  үе шаттай, 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөтөлбөрт анхаарал татахуйц олон ажил нэрлэжээ. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт 2015 оны эцэст хоёр тэрбум ам.долларт хүрч, хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг гурван тэрбум ам.долларын ашигтай гарч, гадаад валютын улсын нөөц 2014 оноос 700 сая ам.доллараар өсөх зорилтоо хангана” гэж тайлбарлав. Манай улсад 2014 оны гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2011 онтой харьцуулахад 8.5 дахин буурч, ДНБ-ий таван хувьтай тэнцэх хэмжээнд хүрсэн нь 2009 оны санхүү, эдийн засгийн хямралын үед байсан түвшингээс буурсан үзүүлэлт. Үүний зэрэгцээ 2012 оноос эхлэн гадаад худалдааны нөхцөл муудсанаар Монгол Улсын экспортын орлого 2012 онд 2011 оноос 432 сая ам.доллар буюу есөн хувиар, 2013 онд өмнөх оны түвшингөөс 115 сая ам.доллар буюу гурван хувиар тус тус буурсан билээ.

Эдгээр нь Монгол Улсын гадаад цэвэр актив 2013-2014 онд ДНБ-ний 33.7 хувьтай тэнцэх хэмжээгээр огцом буурахад шууд нөлөөлсөн гэж судлаачид тайлбарладаг. Түүнчлэн Монгол Улсын эдийн засагт 2012 оны сүүлийн хагас жилээс үүссэн төлбөрийн тэнцлийн хүндрэл нь 2013 онд хямралын шинжтэй болж, түүний сөрөг нөлөөлөл 2014 оны туршид үргэлжилж байгаа. Ийм ч учраас эдийн засгаа сэргээх, идэвхжүүлэх дээрх төлөвлөгөө, арга хэмжээ зайлшгүй шаардагдсан аж.

Засгийн газраас боловсруулаад буй хөтөлбөр дунд онцлохуйц богино хугацаанд үр дүнгээ өгөх гурван чиглэлийн 11 арга хэмжээ бий. Эдгээрийг УИХ-аар нэн яаралтай хэлэлцэн баталчихвал үр өгөөж нь хойтон жилээс л манай улсын эдийн засагт “амтагдаад” ирэх гэнэ. Харин дунд хугацааны үр дүнтэй арга хэмжээнд хүрэхийн тулд Төсвийн тогтворжуулалтын сан бүрдүүлэх, сангийн санхүүгийн менежментийг бие даасан, хараат бус нэгжээр хийлгэж, илүү үр ашигтай болгох чиглэлээр хууль эрх зүйн орчныг өөрчлөх шаардлагатай гэж үзжээ. Мөн Ирээдүйн өв сангийн тухай хууль баталж, Үндэсний баялгийн сан шинээр байгуулах шаардлагатай гэсэн байна.

Мэдээж жилийн дотор үр дүнгээ өгөх төлөвлөгөөний хэсэгт нэн шаардлагатай байгаа томоохон төслүүдийн нэр зоолттой. Жишээ нь, Оюу толгой төслийн хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж, далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, Таван толгойн ордын стратегийн хөрөнгө оруулагчтай холбогдох гэрээгээ гүйцэтгэж, дэд бүтэц, барилга байгууламжийн ажлаа эхлүүлэх, Тавдугаар дулааны цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэгчтэй Засгийн газар цахилгаан болон дулааны эрчим хүч худалдан авах гэрээ, газар ашиглах гэрээг үзэглэх зэргийг дурдаж болно. Ердөө энэ гурван төслийг л хэрэгжүүлсний үр дүнд ирэх жилд манай улсад 2.44 тэрбум ам доллар манай улсад төвлөрөх тооцоо гарчээ.

Түүнээс гадна “урт нэртэй” хуулийн дагаж мөрдөх журмыг өөрчилснөөр алтны тодорхой ордууд хязгаарлалтаас гарч, ашиглаж эхэлнэ. Эндээс л гэхэд 10 тонн алт төвлөрөх бол Монголбанк, Уул уурхайн яамнаас алт олборлогчдыг идэвхжүүлэх хамтарсан арга хэмжээнүүдийн үрээр 20 тонн алт цугларч, экспортод төдий хэмжээгээр нөлөөлөх гэнэ. Энэ хавартаа багтаж Төрийн банк олон улсын зах зээлээс 300 сая ам.долларын бонд босгох ажлаа эхлүүлэх үүрэг авах аж. Урьдчилж үнэ цэнэ, өгөөжийг нь тооцоолох боломжгүй гурван арга хэмжээ байгаа юм. Хувийн хөрөнгө оруулалтыг нэмэх гэсэн чиглэлд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг цахимжуулж, шуурхай, шударга байх нөхцөлг бүрдүүлж, хайгуулын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлэх, Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх зэргийг зоожээ. Эдгээрийн үр дүн, эдийн засагт орж ирэх хөрөнгийн хэмжээ ямартай ч нэмэгдсэн байна гэдэгт Засгийн газар итгэлтэй байгаа юм. Төлөвлөгөөний дунд болон урт хугацааны хөтөлбөрийг хүснэгтээр үзүүлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан