Саяхан “Эвада” эмнэлгийн захирал Б.Энхбаатар хүмүүнлэгийн ажлын шугамаар Африкийн Руанда улсад ажиллаад иржээ. Монгол цэргүүд Африк, Ойрхи Дорнодын халуун цэгт энхийг сахиулж, дэлхийн цэрэг болсон бол монгол эмч нар олон улсын тавцанд үүрэг гүйцэтгэн, өргөсөн тангаргаа өндөрт өргөн ажиллах эхлэлийг тэр тавиад иржээ. Хилийн чанадад хүмүүнлэгийн үйл бүтээх их ажлын замыг татсан түүнтэй ярилцлаа.
-Монгол цэргүүд энхийг сахиулах ажиллагаанд оролцож монгол хүний эр зоригийг дэлхийд таниулаад арав гаруй жил боллоо. Тэгвэл та монгол эмчийн эрдэм мэдлэг, ач тусыг хилийн чанадад үзүүлээд иржээ. Анагаах ухааны салбарт анх хэрхэн хөл тавьсан талаар яриагаа эхэлье...?
-Хүүхэд ахуй цагаасаа л шүдний эмч болох хүсэл мөрөөдөлтэй байсан. Өөрөө ч шүдний эмнэлгээр их явдаг байсан болохоор эмч болохоор шийдсэн л дээ.
-Хүмүүнлэгийн ажлаа хэзээнээс эхэлсэн бэ?
-Америкт байдаг Давид гэдэг эмч найз маань Африкийн Руанда улс руу эмчилгээний багтай зорих гэж байна, шүдний эмч дутагдаад гэж надад хэл өгсөн юм. Тэгээд л тэдний багт нэгдсэнээр АНУ, БНСУ, Монгол, Свазиланд улсын эмч нар Руанда улсын Гисени гэдэг хилийн бүс дээр орших бяцхан тосгонд ажиллахаар явсан даа. Манай баг хүүхэд, шүд, дотор, мэдрэлийн чиглэлээр арван хоног тусламж үйлчилгээ үзүүлээд ирсэн.
-Африкийн хөгжил буурай оронд ажиллах санал сонсоод анх төрсөн бодол, тэнд биеэр очсоны дараах сэтгэгдэл хэр зөрүүтэй байсан бэ?
-Анх төрсөн сэтгэгдэл гэвэл бага зэрэг айдастай байсан. Хэдийгээр Эбола халдварт өвчний голомтоос хол ч гэсэн юмыг яаж мэдэх вэ гэж бодсон. Харин яг зориод очиход Эбола гэхээс илүүгээр хүн амын 20 хувь нь ДОХ/ХДХВ-ийн халдвартай газар юм билээ. Гэхдээ ард түмэн нь биднийг маш найрсгаар хүлээн авсан. Зарим хүүхэд нь ази хүнийг анх удаа харж байгаа бололтой байсан. Зарим нь надтай хятадаар мэндлэх жишээтэй. Тэр бүрт нь би Монголоос ирсэн гээд газрын зураг дээр улсаа зааж өгч байлаа.
-Эмч хүн өвчтөний амь нас, эрүүл мэндийг хариуцдагийн хувьд юу юунаас илүү тайван, гадаад орчин нөхцлөөс өөрийгөө чөлөөлөх ёстой байдаг байх. Гэтэл Африкийн тэр оронд тэгж сэтгэл зүйгээ тайван байлгах боломж байв уу?
-Явах гэж байгаа газраа тодорхой хэмжээнд судалсан учраас сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан. Эмч хүн хаана ч очсон эмч хэвээрээ, ажил үүргээ гүйцэтгээд л явна шүү дээ. Эмч хүн өргөсөн тангарагтаа үнэнч, нинжин сэтгэлтэй, ёс суртахуунтай, хүн бүхэнд эрх тэгш үйлчилдэг байх хэрэгтэй гэж боддог. Тийм ч учраас байнга л бусдаас тусламж гуйж, хандив цуглуулахын оронд өөрсдийн эзэмшсэн мэргэжил, мэдлэг чадвар, боломжийнхоо хэрээр улс орондоо цаашлаад хөгжил буурай өөр улсуудад туслах хэрэгтэй. Тийм цаг нь ч болсон гэж боддог.
-Хүмүүнлэгийн үйлсэд нэгдсэн эмч нарын тухай кино байдаг. Энэ тухай ч бишгүйдээ л дуулдаж байдаг. Гэхдээ монгол эмч нар ингэж бусад улс оронд туслалаа гэж өмнө нь сонсч байгаагүй учраас үнэхээр сайхан байна. Танай багт бас нэг монгол залуу явсан гэсэн байх аа?
-Тиймээ, манай багт Батжаргал гэдэг бизнесмен залуу явж тусалсан. Тэр Монголоос нярай хүүхдийн мянга орчим малгай бээлий, өлгий авч явж, тосгоны эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт хандивласан. Руандад дөнгөж төрсөн нярайг зулайгаар нь салхи их авахуулснаас эндэгдэл их гардаг юм билээ. Хамгийн гол нь тэр малгай, өлгийг манай монгол эхчүүд бэлдсэн нь талархууштай санагдсан.
-Та эмнэлгийнхээ талаар танилцуулаач. Эмнэлгээ нээгээд хэдий хугацаа өнгөрч байна вэ?
-“Эвада” эмнэлэг байгуулагдаад 20 жилийн нүүр үзэж байна. Монгол, Солонгос олон сайхан хүний сэтгэл зүтгэлээр боссон, салбартаа томоохон хувийн эмнэлэг л дээ. Би энэ том хамт олны нэг жижиг хэсэг нь. Манай эмнэлэг анхнаасаа л өөр зорилго, алсын хараатай байгуулагдсан учраас тэр чиглэлээсээ хазайхгүй байхыг бид хичээдэг. Одоо байгаа хамт олон маань ч нэгдмэл санаатай байж чаддаг.
-Тэр зорилго чиглэл нь хүмүүнлэгийн үйлс гэж ойлгож болох уу?
-Ер нь, хүмүүнлэгийн ажил гэхээр манайхан их завтай, мөнгөтэй хүний хийдэг зүйл гэж ойлгодог. Тийм биш л дээ. Мэдээж хүнээс тодорхой хэмжээний золиос шаардах нь ойлгомжтой. Гагцхүү хүн сурсан зүйлээрээ бусдад туслах шиг аз жаргал байхгүй гэдгийг л ойлгож мэдрэх хэрэгтэй. Бид 2007 онд “Хайр” гэдэг нэртэй эмнэлэг байгуулснаас хойш эмзэг бүлгийн хүмүүст үйлчилсээр ирлээ. Сардаа нэг удаа хүүхдийн асрамжийн газар, хорих ангиуд, хөдөө орон нутгаар явж үзлэг хийж, зөвлөгөө өгч байна. Хүмүүст эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдах учраас бусад өдөрт нь илүү хичээнгүй ажиллах шаардлага гардаг. Одоогийн нийгэмд баян чинээлэг амьдралтай хүмүүсийг нийгмийн хүмүүнлэгийн ажилд уриалан дуудах, өдөөх ажлыг залуучууд бид л зохион байгуулах хэрэгтэй. Дэлхийн бусад орон бүгд ийм замаар нэг нэгэндээ тусалж байна. Одоо биднийг дэлхий харж байгаа. Яахав гадны улсаас сурах юм их. Гэхдээ тэднээс сурсан зүйлээрээ бид эх орондоо хөрөнгө оруулалт хийх цаг үе ирээд байна. Бид өмнө нь “We care Mongolia” гэсэн уриатай байсан бол одоо “We care whole world” болж өөрчлөгдсөн.
-Таны дараагийн төлөвлөгөө бас нэг буурай орныг зорих гэж сонссон. Монгол эмч нар ч юм уу сайн дурын ажилтан Африкийн орнуудад очиж тусламж үзүүлэхэд хэр нээлттэй байдаг вэ?
-Бид энэ жилдээ чадвал хамт олноороо Африкийн Малави улсыг зорих санаатай байна. Хүн амынхаа ядуурлын түвшингээр дэлхийд зургаад ордог тэр улсын хүн ардад эмчилгээ үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Мэдээж бид тухайн орны хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулах учраас, дээр нь бид бүхний санаачилсан ажил хүмүүнлэгийн л үйлс болохоор ажил маань бүтэмжтэй байх болов уу гэж найдаж байна. Хэлний бага сага бэрхшээл л гарна. Бас биеэ хамгаалах тал дээр тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй.
-Өнгөрсөн жил гаргасан судалгаагаар дунд сургуулийн хүүхдүүдэд хамгийн түгээмэл тохиолддог өвчин бол шүдний өвчлөл гэж гарсан. Сүүлийн жилүүдэд бүр эрс нэмэгдэж байна. Энэ юутай холбоотой вэ?
-Ард иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаатай холбоотой. Өвчин тусахаас өмнө урьдчилан сэргийлэх аргыг анх шүд ургаж эхэлсэн цагаас л мөрдөж хэвшүүлэх хэрэгтэй байна. Энэ ер нь цаашлаад эцэг эх, эмээ өвөөгийн хариуцлагын л асуудал даа. Мөн нийгмийн байдал, ядуурал давхар нөлөөлж байгаа нь гарцаагүй.
-Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн сүүн шүд нь хүртэл хорхойтдог болж. Хамгаалаад хар эм түрхээд өгдөг. Тэр ер нь хэр үр дүнтэй вэ?
-Хүмүүс нэг нэгнээсээ сонссон дуулснаараа л сайн гэж найдаад тэр эмчилгээг хийлгэдэг. Ер нь, сапорайд бэлдмэл нь шүдний цоорлын явцыг удаашруулж, зовиур багасгадаг л даа. Гэхдээ шүд хамгаалах хамгийн сайн арга бол зөв угаах. Тэгээд дээр нь эцэг эхчүүд хүүхдийнхээ хэрэглэж байгаа хүнсийг зайлшгүй анхаарах шаардлагатай. Бидний ухамсартаа гүнзгий суулгах ёстой зүйл бол өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх л байгаа юм.
-Шүдний өвчлөлийн хүний бие, эрүүл мэндэд учруулж болох хамгийн муу үр дагавар юу вэ?
-Амны хөндий дотоод эрхтний толь гэсэн үг байдаг. Судалгаагаар хорт хавдраар нас барагсдын 90 хувь нь шүд муутай хүмүүс байсан нь тогтоогдсон. Ер нь, шүд цоорох, унах, цаашилбал шүдгүй болсноор хоол боловсруулах зам хямарч, улмаар эрхтэн систем, мэдрэл, зүрх судасны тогтолцоо гээд бүхий л биеийн эрүүл мэндэд нөлөөлдөг.
-Хөндлөнгөөс харахад Монголд шүдний эмчилгээ, үйлчилгээ хөгжиж л байна. Алдартнууд нь Холливуд инээмсэглэлээрээ гайхуулж, шүдний эмнэлгийг зорьж янз бүрийн гажиг, өвчнөө засуулах нь их болсон гэх мэтээр. Дотор нь байгаа хүний хувьд салбарынхаа хөгжлийг хэрхэн харж байна вэ?
-Тийм ээ, манай нүүр амны салбарын гадаад харилцаа сайн болохоор эрчимтэй хөгжиж л байна. Нүүр ам судлалын сургуульд мэргэшсэн, чадварлаг багш нар ажиллаж, оюутнуудад зааж сургаж байна. Манай эмнэлгийн хувьд ч дэлхийн бусад оронтой ижил түвшинд үйлчилдэг. Төв эмнэлгүүд улсаас хамааралтай учраас үйл ажиллагаа, хөгжил нь удаашрах тал байна. Гэхдээ эмч нарын мэдлэг чадварын хувьд үнэхээр сайн. Итгэлтэй байж болно. Монголчууд маань эх орондоо шүдний найдвартай эмчилгээ үйлчилгээ авах бүх нөхцөл бүрдсэн. Гагцхүү эмнэлгээ зөв сонгох хэрэгтэй. Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа учраас бүх мэдээлэл таны өмнө нээлттэй, сонголт дүүрэн байна.
-Шүдний эмч гэхээр л хар аяндаа айдас төрөөд байдаг. Шүдний эмчийг ингэж төсөөлдөг хүн олон байдаг. Тиймдээ ч эмнэлэг зорихоо азнасаар бүр дордуулж орхидог гэмтэй.
-Тиймээс л урьдчилан сэргийлэх нь чухал гэж яриад байгаа юм. Ер нь ихэнх үйлчлүүлэгч айдастай ирдэг учир шүдний эмч бүх талаараа асар өндөр ёс суртахуунтай байх шаардлага тулгардаг. Хэчнээн мэдлэг чадвар, тоног төхөөрөмж сайн байлаа ч харилцаа, хандлага, ёс зүй дутагдалтай бол тань шиг айдастай олон мянган үйлчлүүлэгчдийг цаашаа түлхсээр л байх болно.
-Таны цаашдын хүсэл мөрөөдөл, зорилго юу вэ?
-Хүн том мөрөөдөх хэрэгтэй юм байна. Зорилго олныг гүйцэлдүүлэх учраас. Ажил мэргэжлийн хувьд Монгол Улсын нүүр амны салбарыг өөрийн чадах чинээгээрээ дэлхийн тавцанд гаргахыг хүсч явдаг.
Б.ЦЭДЭВСҮРЭН