Зохиолч, сэтгүүлч, нийтлэлч гээд үг тэрлэж, ухаан холбодог хүнд зүүж өгдөг бүх “гуншин”-г нэрийнх нь өмнө бичиж болмоор нэгэнтэй уулзлаа. Кино урлагийн олон төрлөөр бүтээл туурвиж, зохиол бичиж бас ч үгүй долоо хоногтоо тогтмол шахуу шилдэг нийтлэлчдийн клубт нийтлэл биччихдэг ажилгүй мөртлөө ажилтай, завгүй мөртлөө завтай нэгэн бол Д.Төрмөнх. Тэрээр “Эргэн тойрны бүх зүйл нэг л сонин. Үнэхээр сонин байна” хэмээн хачирхсаар сэтгэлээ уудлан надтай ярилцсан юм. Хамгийн сүүлд түүний шүлгээр бүтсэн дууны “Аниргүйн шивнээ” цомог сонсогчдын гарт хүрсэн бол уншигчдад Red library буюу Улаан номын хөмрөгөөр эхэлсэн гурван цуврал ном толилуулаад удаагүй байгаа билээ.
-Олон төрлөөр бичих юм та. Уран бүтээлийн талаар яриагаа эхлүүлье гэж бодлоо. Хамгийн сүүлд гурван номоо өлгийдөн авчээ. Шинэ кино зохиол бэлэн болсон сурагтай...
-“Кондуктор” гээд уран сайхны кино хийчих санаатай зохиолыг нь бэлэн болгочихоод байна. Монголоос мөнгө төгрөг гуйж яваад бүтдэггүй. Англи хэл дээр орчуулаад Берлиний кино наадмын Дэлхийн киноны сан гэж байдаг. Тэр рүү материалуудаа өгчихлөө. Жижиг сажиг цаасны ажилтай сууж байна. Бас Даниудтай хамтрах санаатай. Иймэрхүү юманд цаг хугацаа их ордог. Берлиний кино фестиваль ирэх сард болно. Тэр үеэр хариу гарна гэж горьдож байна. Улаан номын хөмрөг гэх юм уу даа цувралаа гаргаж байна. Өөрийнхөө зохиолууд болон орчуулгын бүтээлүүд дээр Ганбино гэдэг залуутай хамтарч ажиллаад цуврал болгоод хэвлүүлж эхэлсэн. Мань эр орчуулаад би редакторлаад. Эхний хэсэг нь гарсан. Дараагийн таван ботийг нь гаргачих санаатай л ажиллаад байна.
Эхний гуравт миний нэг юм орсон. Янз янзын улсын зохиолчдын ялангуяа шинэ цагийн бүтээлүүдийг орчуулж байна. Бас л өөрөө санхүү мөнгийг нь олж гаргах гээд л гүйгээд байна. АНУ-ын Соёлын сангийн мэргэжилтэн Пол Томсан гэж нөхөртэй уулзсан. Тэд дэмжиж магадгүй. Тэгээд яахав нийтлэлүүдээ бичээд л байж байна.
-Та ер нь киноны бүх төрлөөр бичээд үзчихлээ. Шууд драм гэж нэрлэсэн зохиолоо бичээд киногоо өөрөө хийдэг төрлөөр ч хөөцөлдөөд авсан. Кино зохиол зохиолчийн хамаг санааг сорчихдог гэх юм билээ. Таны кино зохиолын санаа хаанаас ундардаг юм бэ?
-Тийм, тэрийгээ бас ном болгож гаргасан юм байна. Ер нь би чинь үзсэн харсан, уншиж мэдсэнээ ярих донтой л хүн. Хөгжим, кино, уран зохиол бүгд хобби буюу дон. Нийтлэлээр бичиж болохыг нийтлэлээр, киногоор үзүүлэх ёстойг киногоор гэх мэтээр л янз янзаар таарах таарахаар нь л бичээд, хийгээд байгаа юм. Саяхан “A-sound”-ын Тэмүүлэнтэй хамтраад “Цонхон дээр суусан ялаа” цомог англи,монголоор гаргаж, нээлтийн бяцхан тоглолт хийлээ. Бүх дууных нь үгийг би бичээд, Тэмүүлэн аяыг нь хийсэн. Манай охин продюсинг хийсэн. Монголын анхны концепт цомог болсон. Надад цөөнгүй дуу байдаг юм байна. Тэднээсээ шигшээд 12 дуутай “Аниргүйн шивнээ” цомог гаргалаа. Хүмүүс яасан олон юмруу ордог юм гэж байна. Яахав хийж чаддагаа чадлынхаа хэрээр хийгээд л амьдрах гэж явна. Улс төржиж бичлээ ч гэх хүн гарах юм. Би чинь нам бус. Ганцхан МоАХ-ны анхны гишүүдийн нэг. Мэдээж сэтгүүлч хүн учраас сэтгүүлчдийнхээ байгууллагад харьяалагдана. Ардчилсан хувьсгал гараад нэгэнт 25 жил болж байхад миний тус ч гэсэн байгаасай гээд л бичээд байгаа юм. Сануулж засах хүнгүй бол сайн засаг ч ялзарна гэсэн үг байдаг. Аминдаа л сануулчих гээд л бичээд байгаа ухаантай.
-Саяхан танайд хоносон “Танайд хоноё” нэвтрүүлэг үзсэн. Нам бус гэсэн шиг улстөрчдөөр ханаа алаглуулжээ. Одоо бол таныхаар юм хийчихээр хүн хэн байна вэ. Монголчууд тийм хүнийг нийтээрээ л хүлээж байна?
-М.Энхсайханыг нэг гайгүй юм хийгээд “гэртээ” харих байх гэж бодоод байдаг. Нас нь жар гарчихлаа. Насаараа сайнтай муутай улс төрд зүтгэлээ. Яг үнэн хэрэгтээ анхны ардчилсан ерөнхий сайд шүү дээ. Ардчилсан намын дарга ч байсан. Түүх гэдэг их хачин юм. Сайн юм хийсэн хүний нэр үлдэхээсээ муу юм хийсэн хүний нэр үлдэнэ. Байр хувьчилсан, мал хувьчилсан энэ тэр гээд анх энэ замд ороход машины жолоо барьж байгаа биз дээ. Дараа нь өөр өөр жолоочтой болоод одоо бид хаана ч яваагаа мэдэхээ байлаа. Онхолдуулсан, машинаа эвдсэн шал буруу замаар давхисан гээд асуудал байгаа л даа. Харин одоо энэ хүн юу хүсэх билээ гэж нэг бодохоор үр хүүхдээ боддог юм байгаа биз дээ гэсэн хариу гарна. Бид нийтээрээ лүмпэн, ядуу болохоор тэр л идчих байх, тэнд л өгчих байх гэж хардаад. Тэгэхээр л одоо арай л нийтийг бодох хүн, ядаж л хэдэн хүүхдээ бодох хүн энэ болов уу гэж горьдоод, энэ сүр нэртэй Мега төсөл ч гэх шиг, Үндсэн хуулийн өөрчлөлт энэ тэрийг нь анхааралтай ажиглаж суух юм.
-Та нэг удаа бүгд өөрөөсөө төөрсөн гээд бичсэн байсан. Дээр ч гэсэн гэртээ харих байх гээд л ярилаа. Та өөрөө төөрсөн хүн үү, эсвэл гэрээ олчихсон юм уу?
-Маргаашдаа итгэлтэй байгаа хүн ер нь манайд байгаа юм уу. Бүгдээрээ төөрчихсөн юм шиг л санагдаад байх боллоо. К.Маркс гэж байв даа. Жинхэнээсээ капитализмын бүтээгдэхүүн. Магадгүй одоо манайд эхэлчихээд байгаа каптализмыг өөрчлөх онол гаргаж ирээ биз дээ. Тэгээд Ленин өнөөх машиныг нь жолоодоод биднийг ачаад тууж өгсөн. 70 жил төөрч давхиад өнөөх алгасаад байсан каптализмд буцаж ирж буулгачихаад өөрөө алга болсон. Горбачёв энд буулгасан ч гэж болно л доо. УИХ-ын гишүүн Уянгаа яриад л байна лээ. Хогийн цэгийнхэн зайсан руу дайрч мэднэ гээд. Нөгөө өвлийн ордонруу дайрдаг шиг. Би ч гэсэн энэ төөрсөн олны нэг. Яагаад гэвэл бүгдээрээ нэг л машинд яваа улс.
-Бүгдээрээ төөрчихсөн яваа мөртлөө төөрсөн гэдгээ таниас эхлээд мэдээд байна гэж бодоход хэзээ замаа олох юм бэ?
-Баабар нэг яриад байсан даа. Намайг оролцуулаад энэ үе дууссан хойно л өөрчлөлт ирнэ гэж. Яах аргагүй монтажтай 25 жил өнгөрлөө. Мань мэт нь чадлаараа олж мэдсэнээ л хуваалцахыг хичээсэндээ бичдэг. Тэрнээс биш над шиг 28 жил зурагтаар гарчихаад эготоод л хүний анхаарал татах гээд байх шаардлага юу байна. Тэгээд л бодсоноо бичиж суудаг юм. Олзыг олуулаа гээд л. Сайн ганц бадаг шүлэг ч их том олз юм.
-Сайн ганц бадаг шүлэг ч яах вэ. Давхар иргэншил, олон эхнэр гээд бичсэн. Энэ бас олз уу?
-Монголчууд бид саяхан л арай гэж нэг гурван сая боллоо. Манайх чинь уг нь их царайлаг бас зовлон мэддэг, халамжтай ядаж цай чаначихдаг хүүхнүүдтэй орон. Гэтэл өөдтэй болгон нь гадныхантай суугаад тухайн улсын иргэн болоод байна. Тэр чинь эх болох хүн. Төрүүлсэн хүүхэд нь бас л тэр улсын иргэн болно. Ингэж хүн амаа тавьж тууж байхаар давхар иргэншилтэй болчихвол өнөөх царайлаг хүүхэн ямар ч тэрбумтныг, нэр төртэй хүнийг чирээд ирнэ ээ дээ. Стивен Сегалиас эхлээд байж л байна. Тэр Сегал нь манай иргэн болчихвол хэрэгтэй. Дэлхийн хүн биз дээ. Хэдэн сумоч байна. Түрүүчээсээ японы иргэн болчихоод байгааг яагаад хардаггүй байна вэ. Тэр бөхийн удам тэндээ үлдэх юм биш үү. Удахгүй японы их аварга гараад л ирнэ. Тэр нь монгол бөхийн хүүхэд мөртлөө япон улсын иргэн байна гээд бод доо. Энэ сайхан хэрэг үү. Миний нэг сайн таних бүсгүй байлаа. Сайхан ч хүүхэн, сайн ч хүүхэн. Швейцарийн тэрбумтантай суугаад алга болсон. Давхар иргэншилтэй байсан бол тэр тэрбумтан ядаж манайд татвараа төлнө биз дээ. Энд банкныхаа салбарыг нээдэг ч юм уу. Би нэрийг нь хэлээд яахав. Их том банктай нөхөр. Ийм юмыг энэ улс төрчид яагаад олж харахгүй байгааг гайхаад байх юм.
-Давхар иргэншил ийм учиртай байлаа гэхэд олон эхнэрийн асуудал дээр та юу олж харсан юм бэ. Магадгүй энэ яриаг уншсан хүмүүс таныг хүүхэмсэг гэх байх?
-Бас л адилхан. Монгол улс полигами уламжлалтай орон. Айлаас эрэхээр авдраа шагайж хараа гэдэг. Нууц амрагийн асуудал жирийн л юм болж. За яахав хүний харилцаа талдаа бол хаана ч байгаа. Бүх хүнийг олон эхнэр ав гээд байгаа юм биш. Чадалтай, чалхтай нь авч болно гээд л хуулиндаа ганц өгүүлбэр оруулчихад л гадаад хүн дагаж явснаас эндээ хэн нэгний бага эхнэр болоод үлдэх нь гутамшиг биш болж байгаа юм. Олон эхнэртэй хүн олон хүүхэдтэй болох нь гарцаагүй. Хэдүүлхнээ байж бие биедээ дайсан болоод яана. Явж явж бүгд хууль дээр ирээд зогсчихдог юм билээ. Одоо ч өнөөх социализмийн үзэл суртал бидний толгойноос салаагүй байна. Тийм ч учраас улс төрч болдог байх зарим хүмүүс.
-Таныхаар авдраа хэн ч онгойлгож харахгүй байна уу?
-Авдар гэж цоожтой юмыг хэлнээ дээ. Далд ухамсар, сэтгэлийг ингэж хэлжээ. Тэр цоожтой авдарыг онгойлгох түлхүүр нь урлаг л юм даа... Түүнээс бус энэ олон зурагт бус. Дуу дуулахад л хүн уярч уйлдаг биз дээ. Уур нь хүрсэн хүн ямар дуу дуулах билээ дээ. Тэгэхээр сэтгэл хэмээгч ухааны нөгөө талыг нээдэг, тэр цоожтой авдарт таардаг түлхүүр бол урлаг өөр юу ч биш.
Ялангуяа кино урлаг. Бүх урлагийн нийлмэл нь кино урлаг байдаг. Кино урлагийг дэмжих сан байгуулж өгөөч гээд л хөлөө хүрэх газар явлаа. Урдаас хэлдэг ганцхан үгтэй. Хямраад байна. Кино байтугай идэх хоолгүй болох нь гээд. Би ганцаараа мөнгө олж идээд баяжих гээд байгаа юм биш л дээ. “Ингэн нулимс”-ийг хийсэн бүсгүй ч гэсэн Германы иргэн болчихсон юм уу тэндээ л байгаад байна. Оскарт хүртэл нэр дэвшиж байсан бүтээл. Гэтэл нөгөө СТА нь ч байхгүй. Кино яагаад нэвтрүүлгээс хүчтэй байдаг юм гэхээр теарт ороод таван давхар байшин шиг том дэлгэцээр дүрсээ хараад ганцаараа байгаа юм шиг харанхуйд, 5D дугарахаар хүний оюун санааны далд ухамсарын хар хонгилруу орчихдог. Хүмүүс яагаад Гол гаргана, Амь амиа бодоорой... гэх мэтээр дээр үеийн киноны хэлээр яриад байдаг вэ гэхээр өнөөх далд ухамсарт суучихсан болоод тэр.
-Олон жилийн өмнө бол их л хэл ам дагуулах сэдэв байлаа. Та энэ талаар бичсэний дараа нэг их шум гарсангүй...?
-Ардчилалыг төрийн эрх баригчид хүлээн зөвшөөрдөг ч хүлээж авахгүй байх зүйл гээд ойлгочихсон юм уу даа. Яг хараад байхад тэд өөртөө хамаатай хуулийг л явуулж байна. Сая илгээмжийн татварыг тэгэллээ. Их сайн хэрэг. Гэхдээ амазоноор дамжуулаад гадаадаас нохойныхоо хоолыг хүртэл зөөж, шуудангаар юм аваад байгаа цөөнх дотор өнөө хэд байгаа.
-Аюурзаныг би уншдаг юм. Жижигхэн олсоор романуудаа холбоод байдаг нь түүний бяцхан заль юм шиг санагддаг. Таны хувьд бас хэдэн ном гаргачихлаа. Хэр уншиж байна вэ?
-Өлсөж байгаа хүн юм унших уу. Шилдэг нийтлэлчдийн клубт миний бичсэн юмыг заримдаа 100 мянга давсан хүн уншихаар их баярладаг. Гэхдээ цаана нь огт уншаагүй хоёр сая есөн зуун мянган хүн байгаа. Орос орон 146 сая хүн амтай. Гэтэл Л.Парфионовын нэг баримтат кинонд Оросын дээд давхрага гэж нийгмийн пирамид үзүүлээд тэнд “сверхны сто тысяч” буюу дээд зуун мянга гэж үзүүлж байх юм. Бас Оросын сонин захиалга 100 мянга л байдаг гэнэ. Тэр зуун мянгаас л бүх манлайлагчид гарч ирдэг байна.
Ингээд бодохоор манайхан хавьгүй илүү. Танай сониныг би мэднэ. Анх гарч байхдаа 100 мянган хувьд хэвлэгдээд зарагдаж байсан юм. Тийм болохоор тоо цөөн ашиг муутай гээд ном руу орохгүй гэж толгой сэгсрэлгүй өөрөө уншсан, монгол хэлээр унших юмсан гэсэн номуудаа орчуулж эхлээд явж байна. Далайд дусал юм даа...
-Санаж бодож, харж мэдэрснээ олз болгоод бусадтай хуваалцаад явах таны зорилго гэж ойлголоо. Ингээд л болоо хэрэг үү?
-Миний зорилго ойлгомжтой, энгийн. Талийгаач анд С.Цогтсайхан шигээ нийтлэл бичдэг болчихсон. Бас Ч.Гомбо гуай шиг кино зохиолч болчих юмсан. Болвол жилдээ, үгүй ядаж гурван жилдээ ганц кино хийчих юмсан. Киноны мөнгө олдохгүй гэдэг нь “Нохой орноос” хойш 17 жилд тодорхой харагдлаа. Гэхдээ гадагшаа ч болсон хандаад мөнгө олж хийгээд өмнө нь авсан дэлхийн шагналаа нэг сэргээчих юмсан. Г.Аюурзана найз шигээ номоо бичээд л түүнийхээ мөнгөөр амьдрахсан. Олсноо, ойлгосноо олон түмэнтэйгээ хуваалцах юмсан ингээд л болоо.
-Мөнгөний ханш уналт гэдгээс эхлээд л хүн бүрийн аманд мөнгө гэдэг үг байх юм. Энэ тийм шүтмээр зүйл үү, таныхаар...?
-Би мөнгө шүтдэггүй, мөнгө юу юм бэ гэж яриад байдаг хүн байдаг. Мөнгө хэрэгтэй ялангуяа энэ капталист нийгэмд. Энэ ганц манайд байгаа юм биш. Хаа сайгүй ийм байна. Гэхдээ нийгэм энэ олон чинь эхлээд гэдэс цатгалан болж байж л юм урагшлана л даа. Ядуугийн зовлон маш их. Маргааш дампуурахад бэлэн улсын тоонд чи бид хоёр ч багтана. Ихэнх нь багтана. Одоо бүр улс орноороо дампжжрах тухай ч ярих боллоо. Муу нэртэй ч тэр социализмын үед бид бүгдээрээ дундаж давхрага байсан. “Нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийнхээ төлөө” гэж их сайхан уриатай. Одоо аль ч нам өөрсдөө учраа олохоо байжээ. Ялгаа бараг байхгүй. Лидер байхгүй. Хажуудхаа хараахаас өөр юм мэдэхгүй тэгэхээр яаж итгэлтэй байх хэрэг вэ. Итгэл байхгүй бол зүтгэл яагаад ч гарахгүй. Одоо бол бүр хачин. Мөнгө хөөсөн хүн өөр замыг хэзээ ч сонгохгүй тэр замаараа л явна. Ашиг байхгүй л бол юу ч хийхгүй. Итгэл хөдөлгөгч хүч нь ашиг буюу мөнгө болж. Одоо зогсвол өнөөх түрж явсан чулуу нь буцаж өнхрөөд өөрийг нь дарж ална. Мянганбаяраас эхлээд өөрсдөө дампуурлаа ч зарлаж байна. Гэхдээ улс гүрэн гэж байгаа л юм бол урлагт мөнгө зарах л ёстой. Эхлээд гэдсээ цатгая дараа урлаг мурлагаа бод гэдэг их буруу. Кино бол хамгийн азгүй урлаг. Яагаад гэвэл мөнгөнөөс шууд хамааралтай.