Манай орны аялал жуулчлалын төвийг Хөвсгөл аймаг гэхэд үгүй гээд толгой сэгсрэх хүн гарахгүй л болов уу. Тус аймагт жилд дунджаар 5-6 мянган гадаадын жуулчин ирдэг бол 50 мянга гаруй дотоодын аялагч очдог байна. Ачаалал нэмэгдэхийн хэрээр хог хаягдал, Хөвсгөл усны бохирдол анхаарал татсан асуудал болоод буй. Ялангуяа амралт зугаалгын цаг эхлэхэд буюу зургадугаар сараас есдүгээр сар хүртэл дээрх асуудалтай байнга тулгардаг.
Төрийн болоод төрийн бус олон байгууллага хог цэвэрлэлээ, Хөвсгөл далайг хамгаалах төсөл хэрэгжүүллээ гэдэг. Гэтэл үнэндээ Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааныхнаас өөр хүн анхаарал тавьдаггүй тухай тус газрын дарга Л.Даваабаяр ярьж байна. Тэрээр “Хөвсгөл нуурыг хоггүй байлгахын төлөө “Монгол эколит” төсөл хэрэгжиж эхэлсэн. Аялал жуулчлал, нутгийн иргэдээс үүдэлтэй хогийг цэвэрлэж, хоггүй байлгаж байгаа. Гэсэн хэдий ч сүүлийн гурван жилд нэрийг нь сонсоогүй хүмүүс гурван жил дараалан Хөвсгөл нуурийг хамгаалах ажил хийсэн гэдэг тайлан бариад явж байгаа юм. Бодит байдал дээр нүдэнд харагдаж гарт баригдахаар зүйл тэд хийгээгүй.
Энэ жил ч мөн адил бөөн хог түүсэн гэсэн тайлан өгсөн байсан. Мөн Хөвсгөл далайн талаар таагүй мэдээлэл гардаг. Тухайлбал, нуурын усны бохирдол дэлхийн хамгийн бохир усны төвшинд хүрлээ гэх мэт. Аливаа төслийг бичихдээ, тэр төслөөр олон улсын байгууллагууд болон төрөөс мөнгө авахын тулд зарим хүн бусдын анхаарлыг татах гэсэндээ худал дуулиантай мэдээлэл дэгдээдэг. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хөвсгөлд далайд живсэн машинуудыг гаргая гэж уриалаад яриад эхлэнгүүт л тал талаас хүн гарч ирээд “Би БНСУ, Японоос тэдэн хүн авч ирье” гэх болсон. Зарим нь усан онгоцны байршил тогтоогч олж ирээд живсэн онгоц оллоо гээд л мэдээлсэн. Гэтэл тэр нь нуурын эрэгт байсан л онгоц. Дээр нь намар манайд мэргэжлийн хяналтын байцаагч ирээд аялал жуулчлалын баазын ундны усанд шинжилгээ хийгээд ундны ус хадгалдаг сав нь 60 хувийн бохирдолтой байна гэхэд Хөвсгөл нуурын 60 хувьд бохирджээ гэсэн мэдээлэл тарсан” хэмээн ярьсан юм.
Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан амласан ёсоороо 2011 оноос Хөвсгөл нуурыг дэлхийн байгалын өвд бүртгүүлэх, хамгаалах, Хөвсгөл нуурын чиглэлд явж байгаа аялал жуулчлалыг нутгийн иргэдийн оролцоотой хөгжүүлэх, нуурыг цэвэрлэх, живсэн машинуудыг гаргах зорилгоор “Хөх сувд” төслийг эхлүүлжээ. Төслийн хүрээнд Япон, Канад, Америк эрдэмтдийн хамтарсан экспидицээр судалгаа хийлгэхэд өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаад нууранд 70 гаруй тээврийн хэрэгсэл живснийг тогтоосон байна. Сүүлийн таван жилийн хугацаанд шатахуун ачиж явсан “НИК”, “Шунхлай” компаниудын ачааны машин живсэн юм. Чиргүүлтэйгээ нийлээд 80 тоннын даацтай машины шатахуун одоогоор асгараагүй байгаа бөгөөд сүүлийн таван жил 160 тонн шатахуун бүхий машин Хөвсгөл нууранд живсэн байдалтай буй гэнэ. Тэдгээрийг гаргаж авснаар нуурыг бохирдуулахаас сэргийлэх чухал ажил болох нь.
Нөгөө талаас жуулчны баазуудыг хог үүсгэдэг хэмээн шүүмжилдэг. Тэгвэл энэ талаар Хөвсгөлийн аялал жуулчлалын холбооны зүгээс “Бид 18 жил хог төслийг Тусгай хамгаалалттай газартай хамтран хэрэгжүүлж ирсэн. Жилийн турш дөрвөөс таван хүнийг цалинжуулж ажиллуулдаг. Сүүлийн үед амрагчид нэмэгдсэнээр хог ч ихэссэн. Гэтэл баазуудыг хог үүсгэж байгаа мэтээр ярих болсон. Үнэндээ Хөвсгөл нуур орчмын 45 километрийн радуст л аялал жуулчлалын баазууд, айлууд бөөгнөрчихдөг. Тиймээс зөвхөн аялал жуулчлалын баазаас гарах хог хаягдлаас гадна нутгийн иргэдийн хаягдал л багагүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн иргэд, жуулчны бааз нь хамт байдаг болохоор замбараагүй харагддаг. Тиймээс энэ жил аймгийн Засаг даргад санал гаргаад албадан нүүлгэхээр төлөвлөсөн гэдгийг хэлж байлаа.
Хөвсгөл аймагт аялал жуулчлал эрхэлдэг 50 гаруй компани байдаг аж. Нуураа тойроод жуулчны 30-аад бааз ажилладаг. Үүнээс арав гаруй нь идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Харин тэдэнд хогноос гадна бохирын асуудал тулгараад буй аж. Зарим бааз нь 30-150 километр газарт бохироо зөөдөг. Баазуудын дунд бохирын нэгдсэн цооног хэрэгтэй гэдгийг аялал жуулчлалынхан хэлсэн. Өнгөрсөн жил баазуудын дунд туршилтын журмаар цооног хийсэн ч үр дүнтэй арга байгаагүй юм байна. Хамгаалалтын захиргааны зүгээс үүнийг зохицуулах ажил хиймээр байдаг ч санхүү мөнгөнөөс болж арга мухарддаг талаар хэлж байлаа. Түүнчлэн аялал жуулчлалыг дагаад иргэдийн амьдрал дээшилж ажилтай орлоготой болох учиртай. Харамсалтай нь тийм дүр зураг харагдахгүй байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлсэн. Үүнтэй холбогдуулан Азийн хөгжлийн банкны ядуурлыг бууруулах сангийн шугамаар бохирдсон хөрсийг сэргээх, нутгийн иргэдийн амьжиргааг хэрхэн дээшлүүлэх талаар төсөл хэрэгжүүлэх юм байна. Төсөл хэрэгжих сум багийн иргэд жуулчны баазуудын дунд жишээлбэл, Хатгал тосгонд ногооны хүлэмж бий болгох эсвэл мах ногооны төвлөрсөн цэг шинээр байгуулж иргэдээ ажлын байраар хангах боломжтой болох юм байна.