Японы нэрт зохиолч Харуки Мураками хагас сарын турш өөрийгөө уншигчдадаа нээж, хүссэн бүхнээ асуухыг зөвшөөрөв. Хэвлэлээс аль болох зай барьдаг тэрээр “Ноён Муракамигийн газарт” хэмээх түр цахим хуудсаар дамжуулан өөртэй нь ярилцахыг хүссэн эсвэл зөвлөгөө хүссэн хүн бүхний мессежийг хүлээн авч, хариулсан юм. Энэ ховорхон боломж өнгөрсөн сарын 15-наас 31 хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ хооронд Х.Мураками 30 мянган мессэж хүлээн авчээ.
66 настай зохиолчийн уншигч, шүтэн бишрэгчид боломжийг ашиглан хүссэн бүхнээ асууж авахыг хичээсэн бололтой. Нобелийн утга зохиолын шагнал хүртэх хамгийн өндөр магадлалтай гэж сүүлийн хэдэн жил нэр дуулдсаар ирсэн ч авдаггүй шалтгаанаас эхлээд ижил хүйстнүүдийн гэрлэлт, iPhone-ий тухай юу гэж боддогийг нь асууж. Тэр бүү хэл яавал хурдан турах тухай хүртэл зөвлөгөө хүсчээ. Тэр уншигчдаа Х.Мураками дурлал бол хамгийн үр дүнтэйгээр турах арга гэдгийг зөвлөсөн байна.
Ач холбогдолгүй иймэрхүү асуултад хүртэл бүгдэд нь хариулахыг хичээнэ гэж Х.Мураками уншигчдадаа амласан юм. Түүний түр цахим хуудас асуулт хүлээн авахаа зогсоосон ч өмнө нь ирсэн асуултуудад ирэх сар хүртэл хариулж дуусгах гэнэ.
“Норвегийн ой”, “1Q84” зэрэг зохиолоороо шуугиулж байсан алдарт зохиолч олон нийттэй төдий л ойр байдаггүй ч уншигчдадаа тусгайлан зориулсан энэ хоёр сарын хугацаанд өөрийн хамгийн хайртай амьтан болох муур, уух дуртай кофеноос эхлээд ном зохиолд нь гардаг бодит бус ертөнц, ид шидийн гэмээр төсөөллийн тухай, хайр сэтгэл, амьдралын утга учрын тухай ярилцахаас огтхон ч цааргалаагүй юм.
Нэгэн залуу түүнээс дурлал ямар үйл явцаар өрнөдгийг асуухад “Үндсэндээ энэ санамсаргүй осолтой төстэй. Урьдчилан таамаглаж, зугтахын аргагүй. Тиймээс үргэлж суудлын даруулгаа зүүж яв” гэж хариулсан бол, 26 настай нэгэн эмэгтэй “Цүнхэндээ яаж аль болох бага зүйл авч явах” талаар зөвлөгөө хүсчээ. Х.Мураками өөрөө ч ийм асуудалтай байнга тулгардгаа хэлээд өөрөө цүнхэндээ юу түрүүнд ном, iPod, Kindle-ийн ном уншигч, нүдний шил, шүдний сойз бас усны хувцсаа авч явдгаа хэлжээ. Тэрээр зохиолд нь элбэг таардаг илбэ шидийн, ердийн бус зүйлсийн тухай уншигчийн асуултад “Зохиолоо бичиж суухдаа би өөрөө ч энэ ер бусын зүйлдээ итгэсэн байдаг. Тэр бүгд эргэн тойронд минь үнэхээр болдог. Харин бичихээ болих үед эргээд жирийн нэг эрэгтэй болж хувирдаг. Гэхдээ миний мэдрэмж маш хүчтэй. Би энэ хоёр ертөнцийн хооронд ирж очин амьдардаг. Завгүй, гэхдээ зугаатай” хэмээн хариулжээ.