Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Улаанбуудай хог новш, хортой, цавуулаггүй”


-14 аймгийн 67 суманд 908 аж ахуйн нэгж ийм зүйл тариалж байна-

Тариаланчдад урамшууллын мөнгийг нь олгож эхэлсэн шүү! гэж Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС)-гаас мэдээлэл хийлээ. Энэ нь, Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэгийн “Тариаланчид алган дээрээ мөнгөгүй Цагаан сар тэмдэглэх болчихоод байна” гэдэгт зориуд хариу хүргүүлсэн аястай байв. Эс бөгөөс нэгэнт тариалан эрхлэгчдийг дэмж гээд Засгийн газраас баталчихсан мөнгийг нь “өгнө, өглөө, өгчихлөө” гээд тусгайлан сонордуулах нь утгагүй зүйл. Нөгөөтэйгүүр, ТЭДС-ийн гүйцэтгэх захирал Н.Ариунболд “Буудайн урамшууллын мөнгө нь Төсвийн тухай хуулиар батлагдсан учраас гурван долоо хоногийн өмнө өгчих боломж байсан. Гэвч үр тариа эрхлэгчдийн зарим нэг холбоод урамшууллыг их, бага гэсэн гомдол гаргаж, өөрсдөө урамшууллын мөнгөө авах хугацааг хойшлуулсан” гэж хэлэхгүй байсан биз. Юутай ч, 2014 онд Тариалан эрхлэлтийг дэмжих санд 25 тэрбум төгрөг хуваарилж өгснийг өчигдрөөс тариаланчдад олгож эхэлсэн бол Цагаан сараас өмнө урамшууллыг бүрэн олгож дуусгахаар шийдвэрлэлээ. Харин энэ үеэр Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд үүсээд байгаа нөхцөл байдлыг тариаланч болон гурилын үйлдвэрийнхэн хэрхэн дүгнэж буйг сонссон юм.
 Байнгын хороонд эхлээд ийм зүйл ярив.
 
100 мянган “цаас” өгнө гэчихээд…

Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг тариаланчдад хоёр асуудал тулгараад байгаа талаар цухалдангуй аясаар хэллээ. Тэрбээр “Тариаланчид Ерөнхий сайдын өмнө хүчин мөхөстлөө. Бүхэл бүтэн яамны эсрэг холбоо юу ч хийж чаддаггүйг мэдлээ. Бид ялагдсан. Улаанбуудайг хог, новш, хортой цавуулаггүй гэж Монголоор дүүрэн доромжиллоо. Өнөөдөр тариаланчид хийж бүтээснээ доромжлуулсандаа л гомдолтой байна” гэсэн юм. Гэхдээ түүний гомдлыг дараах хоёр байдлаар “шийдвэрлэх” нь. Үүнд,
1.  “Импортын буудай оруулж ирж байгааг таслан зогсоох. Хэрвээ оруулж ирсэн хэвээр байх юм бол бид буудай тариалахаа больё”
2.  “Засаг 100 мянган “цаас” өгнө гэж буудай тариулчихаад одоо түүнийгээ өгч чадахгүй гэж байна. Одоо бидэнд мөнгө байхгүй. 2015 онд тариаланд гарч чадахгүй. Үүний хариуцлагыг Сайханбилэг, Баатарсайхан, Бурмаа гурав хүлээнэ шүү” гэсэн хоёр асуудал багтаж байгаа юм.

Буудайн чанар яачихаад импортоор авах гээд байгаа юм бэ

Гурил үйлдвэрлэгчид дотоодын буудайн чанар гурил үйлдвэрлэхэд тохиромжгүй учраас ОХУ-аас буудай импортлон дотоодынхтой хольж, стандарт хангасан талхны гурил “зуурах” тухай ярьж байна. Иймийн тулд ОХУ-аас буудай авах хэрэгтэй гэдгээ ч харьяа яаманд уламжилсан. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-аас буудай импортлохыг нь зогсоож, дотоодын үйлдвэрийнхэн үнэхээр чанаргүй буудай тариалж байна уу гэдгийг шалгах хэрэгтэй гэсэн юм. Үүний дагуу Мэргэжлийн хяналтаас гадна талуудыг оролцуулсан ажлын хэсгийнхэн ТЭДС-д хуримтлуулсан 30.9 мянган тонн улаанбуудайн чанарыг шалгажээ. Ингэхэд,
• I ангилалд хамаарагдах 28-с дээш хувийн цавуулагтай болон II ангилалд хамаарагдах 26-гаас дээш хувийн цавуулагтай улаанбуудай байхгүй
• 22-23 хувийн цавуулагтай нь 45.5 хувь
• 18-аас доош хувийн цавуулагтай нь 21.5 хувь байна гэдэг дүгнэлт үйлджээ.

Энэ жилийн хувьд улаанбуудай цавуулаг багатай байсанд цаг агаарын байдал буруутаж, цавуулаг бүрэлдэх үеэр өдөр шөнийн хэм тогтворгүй байсан гэлцэж байна. Үүний дараагаар хөрсөн дахь азотын хангамжийн дутагдал нөлөөлжээ. Сэлэнгэ аймагт улаанбуудайн ча­нар сайн байсан боловч нийт ул­сын хэмжээн дэх буудайн чанар шаард­лага хангахгүй байгаа аж. Тий­мээс Хүнс, хөдөө аж ахуйн яам урам­шууллыг буудайн чанарт нь хар­галзуулан олгох санал гаргасан юм.
Харин гурилын үйлдвэрүүд болон бусад элеваторт хадгалагдаж байгаа улаанбуудайн чанарыг шалгаж чадаагүй байна. Учир нь, ОХУ-аас буудай оруулж ирэхийг эсэргүүцсэн тариаланчид буудайгаа үзүүлээгүй, хаана хадгалж байгаагаа хэлээгүй учраас шалгалт хийж чадалгүй импортын улаанбуудай оруулж ирэх шийдвэрийг хэвээр үргэлжлүүлсэн юм.

Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуйн яаманд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийнхан дараах мэдээллийг өглөө

100 мянган төгрөг яагаад өгөөгүй вэ
 
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим нэг ташаа мэдээлэл цацагдаж байгаад залруулга өгөх ёстой гэж ТЭДС-ийн гүйцэтгэх захирал Н.Ариунболд үзжээ. Тэрбээр “Урамшууллын мөнгө олдохгүй байна гэдэг нэрийдлээр цөөн иргэд бусад тариалан эрхлэгчдийг турхирч асуудлыг дэвэргэж байгаа нь маргаан үүсгэсэн. Үүнээс болоод урамшууллын мөнгийг олгохгүй байгаа юм шиг дүр зураг нийгэмд үүслээ” гэдгийг тодотгосон юм. Мөн тариалан эрхлэгчдэд олгох улаанбуудайн урамшууллын мөнгө  багассан гэдэг нь төсвийн төсөөлөлтэй холбоотой үүссэн асуудал гэж хэллээ. Тухайлбал, тариалан эрхлэгчид гурил үйлдвэрлэгч болоод ТЭДС-д борлуулсан буудайн тонн тутамдаа 100 мянган төгрөгийн урамшуулал авах ёстой гэсэн байр суурьтай байсан. Гэвч өнгөрсөн оны төсвийн төсөөллийг батлахдаа 2014 онд 250 мянган тонн улаанбуудай хураан авах төлөвлөгөөтэй байжээ. Ингээд тонн тутамд 100 мянган төгрөг гэж тооцож байсан ч 349 мянган тонн улаанбуудай хураан авснаар тонн тутмын урамшууллыг 70 мянга болгож бууруулахаас өөр аргагүй болжээ. Өөрөөр хэлбэл, тонн тутамд 100 мянган төгрөгийг нь өгч 250 мянган тонн буудайг худалдан авах боломжтой байсан ч дотооддоо ургуулсан бүх улаанбуудайг худалдан авах ёстой гэж үзсэн байна.

128.9 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ

Засгийн газар тариаланг сэргээхийн тулд улаанбуудайн тонн тутамд мөнгөн урамшуулал олгож байх захирамжийг 2007 онд гаргасан. Тухайн ондоо 217 иргэн, аж ахуйн нэгж 65.8 мянган тонн улаанбуудай тариалж, 3.9 тэрбум төгрөгийн дэмжлэг авсан бол 2014 онд 908 аж ахуйн нэгж 349.8 мянган тонныг тариалж, 24.7 сая төгрөгийн урамшуулал авчээ. Ингээд нийт дүнгээрээ Засгийн газар 128.9 тэрбум төгрөгийг тариаланчдад урамшуулал хэлбэрээр олгож, 1.8 сая буудай хураан авчээ. Гэсэн ч үр тариа эрхлэгчдийн холбоо Засгийн газраас тариаланг дэмжих талаар авч хэрэгжүүлж байгаа бодлогыг буруушааж байгаа юм.
 
46 гурилын үйлдвэр бүх буудайг авсан

Өнгөрсөн оны ургацаас ТЭДС болон гурилын үйлдвэрүүд нийт 349.8 мянган тонн буюу улсын хэмжээнд тариалсан бүх буудайг худалдан авчээ. Үүнээс 318.9 мянган тонныг гурилын 46 үйлдвэр авсан бол, ТЭДС-ийн салбар таван элеватор, түрээсийн нэг агуулахад нийт 30.9 мянган тонн буудай хураасан байна. Сэлэнгэ аймгийн хувьд буудайн урамшуулалд хамрагдах аж ахуйн нэгж хамгийн их буюу 315 байгаа бол Говь-Алтай, Сүхбаатар аймагт үр тарианы ганцхан аж ахуйн нэгж бүртгэгдэж, урамшуулал авчээ. Баруун нутгаар тариалалт бага байгаагаас Засгийн газар 2013 оноос эхлэн тэдэнд урамшуулал нэмж олгож байгаа юм. Тодруулбал, 2013 оноос өмнө буудайн урамшуулал улсын хэмжээнд адил олгогддог байсан. Ингээд Засгийн газар 2013 оны арваннэгдүгээр сард “Баруун бүсийн тариаланг хөгжүүлэх тухай” тогтоол гаргасан юм. Дээрх тогтоолд, “Баруун бүсийн тариаланчдын нэг тонн хүнсний улаанбуудайн тогтоосон урамшууллыг 50 хувиар дээгүүр тооцож олгоно” гэсэн журам багтсан. Ингээд энэ жил нэг тонн буудайд 70 мянган төгрөгийн урамшуулал олгож байгаа учраас баруун бүсийнхэнд 50 хувиар нэмэгдүүлж, 105 мянган төгрөгийг тонн тутамд олгож байна. Энэ хүрээнд Говь-Алтай, Завхан, Увс аймгууд тутамд 105 мянган төгрөгийн урамшуулал авчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан