Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уушгины хатгалгааны эсрэг вакциныг ирэх оноос нэвтрүүлнэ


ХӨСҮТ-ийн мэдээлж буй­гаар манай улсад дэгдэж байгаа томуу томуу төст өвчний 20 гаруй хувийг уушгины хатгалгаа эзэлж байна. Энэ нь  нь ихэвчлэн хөгжил буурай орнуудад тулгардаг бөгөөд энэ өвчний улмаас хүүхдүүд нас барсаар байдаг. Манай улсын хувьд ч хүүхдийн өвчлөлд уушгины хатгалгаа өвчин дээгүүр байрт ордогийг дээрх тоо харуулж байна. Дэлхий дахинд анагаах ухааны салбарт ямар нэгэн ханиад вирусээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга нь вакцинжуулах хэмээж буй. Тухайлбал, Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах хамгийн үр ашигтай аргын нэг нь пневмококкийн эсрэг вакцин (ПКВ)-аар дарх­лаажуулах гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 63 дугаар чуулганы зөвлөм­жид тусгасан байдаг. Иймээс өчигдөр  Эрүүл мэнд, спор­тын яамны удирдлагууд  уушгины хатгалгааны эсрэг буюу Пневмококкийн эсрэг вакцины үр дүнг үнэлэх судал­гааны нээлт боллоо. Нээлтэд Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвийн дарга Д.Нарангэрэл, Австрали улсын Мелбурны Мурдочийн хүүхдийн судалгааны хүрээ­лэн­гийн профессор Ким, “Пневмококкийн эсрэг вак­цины үр дүнгийн үнэлгээ” судал­гааны багийн удирдагч М.Туяа, дүүргүүдийн тан­далт судалгааны нэгжийн удирд­лагууд болон бусад албаны хүмүүс оролцсон юм. ЭМСЯ-ны ахлах мэргэ­жилтэн Г.Нарангэрэл хэлэх­дээ, “Жилдээ 2000-3000 хүү­­хэд  уушгины хурц  хат­гаа­­гаар өвчилж эмнэлэгт тусгаар­лагддаг. Хүүхдийн эмнэлгийн хэвтэлтийн 60 хувь нь уушгины хатгаа өвчин байдаг. Нэг хүүхэд эмнэлэгт хэвтлээ гэхэд ор хоног, эмч нарын цалин, эмийн зардал, эргэлт, эцэг эхийн сэтгэл санааны зовиур гээд олон хүчин зүйл багтдаг. Вакцин гэхээр өргөс авсан юм шиг өнөөдөр хийгээд маргааш  өвчин буурахгүй. Улаанбурхан өвчний вакцин хийснээс хойш 30 жилийн дараа энэ өвчин устсан. Тиймээс алсын үр дүнг бид хүлээх учиртай” гэв. Харин ХӨСҮТ-ийн дэд захирал Г.Сүрэнханд “Нян тээгчээс хамар залгиурын арчдас авах, тодорхой хэмжээгээр рент­ген шинжилгээний аргуу­даар  шинжлэх учраас су­дал­гааны үр дүнд манай ул­сын эмнэлгийн тоног тө­­хөөрөмж, эмч нарын чадавх сай­жирна гэж үзэж байна. Дэл­хий дахинд энэ вакцин ямар нэг хүндрэлгүй гэдэг нь нотлогдсон. Судалгаагаар ууш­гины хатгаа өвчин 50 хувь буурна гэж үзэж байгаа” хэмээв.

ЭМСЯ-ныхан пневмо­кок­кийн эсрэг вакцин нэвт­рүүлэ­хийн тулд уг вакцины үр дүнг судлах судалгааг Австралийн Мурдочийн хүүхдийн судал­гааны хүрээлэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгааны баг хамтран гүй­цэтгэхээр болсон аж. Судал­гааны зорилго нь тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд рентгенээр оношлогдсон уушгины үрэвсэлт пневмо­коккийн эсрэг 13 төрлийн дэд хэв шинжийг агуулсан вакцин нэвтрүүлсний үр дүнг үнэлэх юм. Уг судалгааг 2015-2018 онд хийх бөгөөд 2018 оны долдугаар сард хийж эхлэх юм байна. Харин манай иргэдийн хувьд шинэ вакцин хүлээж авахдаа тийм ч таатай бус хандах талтай. Учир нь, сүүлийн үед вакцин хийх болон эмнэлэгийн ажилтны буруугаас үүдсэн уршигтай тохиолдол олон гарч байгаа талаар таагүй мэдээлэл чих дэлсэх болсон. Гэсэн ч манай улсын хүүхдийн нас баралтын эхний тавд уушгины хатгалгаа өвчин байсаар байгаа нь дээрх вакциныг нэвтрүүлэхээс өөр аргагүй юм. Манайх шиг хүйтэн сэрүүний улиралтай улсад хүүхэд нь  жилдээ гур­ваас таван  удаа ханиад хүрэх нь хэвийн үзэгдэл мэт болсон. Ихэнх эцэг эхчүүд хүүхэд нь ханиалгахад л эм уулгаж эхэлдэг нь буруу гэдгийг эмч мэргэжилтнүүд бишгүй олон хэлдэг. Гэсэн ч   энэ буруу хэвшил өнөөг хүр­­тэл амь бөхтэй оршсоор байна.

Нөгөө талаас одоогоор ХӨСҮТ-д ханиаднаас сэр­гий­лэх вакциныг хийж байгаа ч тэнд очиж хүүхдээ вакцинждаг эцэг эх даанч цөөхөн. Өнөө л сурсан зангаараа янз бүрийн эм тариа хэрэглүүлээд яах вэ хэмээн зүтгэнэ. Уушгины эсрэг вакциныг судлах хугацаанд Пневмококкийн шалтгаант уушгины үрэвсэл, нянгийн гарал­тай инвазив өвчний эмнэ­лэгт суурилсан өргөтгөсөн тан­далтыг нийслэлийн Баян­зүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, ЭХЭМҮТ-д явуулах аж. Энэхүү өргөтгөсөн тандалт судалгаанд жил бүр ойролцоогоор 5000 орчим хүүхэд хамрагдана. Судалгаанд дээрх дөрвөн дүүрэг, ЭХЭМҮТ-д уушгины үрэвслээр хэвтсэн хоёр сартайгаас тав хүртэл насны хүүхдүүд хамрагдах гэнэ. Түүнчлэн Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн 2-24 сартай хүүхдүүдэд энэ оны хоёроос гуравдугаар улиралд пневмококкийн эсрэг 13-цэнт вакцин тарьж Баянзүрх, Чингэлтэй дүүргийн дээрхи насны хүүхдүүдэд дүнг харьцуулан судлан дүгнэлт гаргах аж. Ингээд 2016 оноос уг вакциныг дархлаажуулалтад үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа гэдгийг дуулгалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан