Улаанбаатар төмөр замын Улаанбаатар төв буудлын дарга А.Арвинчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-“Цагаан сар” болон намар хичээл сургууль орох дөхөхөөр Улаанбаатар-Замын-Үүд Эрээний чиглэлд зорчигчдын ачаалал нэмэгддэг. Үүнийгээ дагаад галт тэрэгний тасалбар ч ховорддог. Энэ жил байдал харьцангуй гайгүй байна гэж сонслоо. Иргэд Эрээнийг зорих нь багассан гэсэн үг үү?
-2013 онд иймэрхүү асуудал байсан. Харин 2014 оноос ачаалал их, билет алга гэх асуудлаас бүрмөсөн салж чадсан. Төмөр замын удирдлагууд шуурхай арга хэмжээ авсны үр дүн гэж хэлж болно. Улаанбаатар төв буудлаас Замын-Үүд хүртэл чиглэлийн тасалбар ихэнх тохиолдолд хомс байдаг. Өдөрт нэгээс хоёр галт тэрэг аялдаг. Өглөө 05:25-аас, орой 20:50 минутаас гардаг. Тасалбар дууссаныг гурав хоногийн өмнө мэдэгдэж, тухайн өдрийн оройдоо нэмэлт галт тэрэг аялуулдаг. Мөн 6-7 цагийн хооронд нэмэлт галт тэрэг аялуулах зураг, вагон нь бэлэн байгаа. Сар шинийн баяртай холбогдуулан зорчигч урсгал нэмэгдэж байна. Тасалбар борлуулалт 100 хувьд дөхсөн. 100 хувь болоод ирвэл дараагийнхаа галт тэргийг аялалд гаргадаг. Ингээд дор бүр нь сайн зохион байгуулахаар иргэдэд чирэгдэл гарах нь багассан.
-Таныг хоёр жилийн өмнө энэ албан тушаалд очсоныг санаж байна. Нэлээд ажил амжуулжээ гэж харлаа. Наад зах нь танайх хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам талбайтай болж?
-2014 онд Улаанбаатар төмөр замын 65 жилийн ой болсон. Ойн баярыг вокзал дээр тэмдэглэх шийд гарсан. Иймээс вокзалыг тохижуулах шаардлага гарсан. Хамгийн анх Улаанбаатар Сүхбаатарт аялж байсан зүтгүүрийг ОХУ-аас авчирч тавиад тэр хавийг нь цэцэрлэгжүүлж гэрэлтүүлэг тавьсан. Бүх гэрлийг лед гэрлээр сольсон. Мөн янз бүрийн жижиг мухлаг, ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлсэн. Өмнө нь вокзалын гадна талбайд олон ТҮЦ байлаа. Энд чанарын шаардлага хангасан эсэх нь мэдэгдэхгүй хүнсний бүтээгдэхүүн зардаг байсан учраас буулгасан. Одоо хоёр дэлгүүр үлдсэн. Нэг нь манай төмөр замын харьяа сүлжээ хүнсний дэлгүүр. Түүнчлэн “Монгол шуудан” ХХК-тай хамтран Монголдоо хамгийн анхны ухаалаг шууданг төв буудалдаа байршуулсан. Дээр нь Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран жуулчдад зориулсан мэдээллийн цэгтэй боллоо. Мөн тасалбар захиалж байгаа хүн нэр чиглэл зэргийг зөв бичиж байна уу гэдгийг харах боломжтой болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүүгээ хандсан ажил ч олон хийлээ.
-Харин тэгж харлаа...
-2013 онд Сэргээн засах үндэсний төвийн дарга Б.Нарантуяатай хамтран ажиллах санамж бичиг байгуулж манай төв буудал хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, ариун цэврийн өрөө, зочид буудал зэргийг байгуулсан. Зочид буудал нь цагийн 1500 төгрөг хоногийн 6500 төгрөгөөр үйлчилдэг. Ингэхдээ асрах хүнтэй нь хамт оруулдаг. Зочид буудал дотроо тэргэнцэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ор гэх мэт хэрэгтэй бүх зүйлийг нь байрлуулсан. Мөн төмөр замын аюултай бүсийг хүртэл хараагүй хүмүүст мэдрэгдэхээр зориулалтын тэмдэг хийсэн. Төв буудлын мэдээллүүдийг байнга шинэчилж байдаг. Хараа муутай хүмүүс өөрсдөө мэдээлэл авах боломжтой болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг цонхтой болсон. Мөн олон улсын стандартад нийцсэн эх үрсийн өрөө байгуулж хүүхдийн тоглоом, ор зэргийг байрлууллаа. Ер нь олон улсын түвшинд бүрэн хүргэж чадахгүй ч бололцооныхоо хэрээр л тохижуулж байна. Манай вокзал анх 1949 онд 1500 хүнд зориулж баригдсан ч одоо өдөрт дунджаар 15-20 мянган зорчигч үйлчлүүлж байдаг.
-Төлөвлөсөн ажлууд чинь эхнээсээ сайхан бүтэж л байна. Энэ жил ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Манай тээшийн барилга дээр үеийнх. Халаалтгүй. Ажилчид маань хүйтэн орчинд ажилладаг. Мэдээж бээлий, ажлын хувцас зэргийг нь өгдөг. Гэхдээ энэ нөхцөлийг нь сайжруулж, дулаан байр болгоод тэндээ хувцас солих өрөө хийе гэж бодож байгаа. Хил гааль дээр удаан зогсдог гэдэг. Үүнийг багасгахын тулд ОХУ-тай харилцан гэрээ хийгээд галт тэрэг гарахын өмнө манайх тээшийнхээ мэдээллийг цахимаар явуулдаг. ОХУ-ын гааль дээр мэдээ нь очихоор болно, болохгүй гэдгийг хэлээд өгөх жишээний.
-Танай төв буудалд ажиллах боловсон хүчин хэр хангалттай байдаг вэ. Эдийн засгийн хямрал гэж ярьж буй энэ үед халаа сэлгээ хийж байна уу?
-Авто замаар зорчих иргэд нэмэгдэж байгаагаас манай ачаалал багасах талдаа байгаа. Жилдээ таваас арван хүн халагдаж солигдож байдаг. Үндсэн орон тоон дээрээс халагдаж байгаа хүн тэтгэвэрт гарч байгаа хүмүүсээ хооронд нь зохицуулдаг. Төмөр зам чинь хагас цэрэгжүүлсэн байдалд ажилладгаараа бусад албан байгууллагаас онцлогтой. Өөрт оногдсон үүрэг даалгавраа тэр дор нь биелүүлээд явдаг болохоор ажилчдын тал дээр янз бүрийн асуудал гараад байдаггүй. Улаанбаатар төмөр замд олон өөрчлөлт хийж байгаа. Тухайлбал, Төмөр замын автобус Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Дархан чиглэлд өдөрт бүр аялж байгаа. Өглөө 9:50 минутад гараад Улаанбаатарт 13:00 өнгөрөөд ирж байгаа. Рейлбусаар зорчигчид яваад дадчихлаа. Тасалбар ч эрэлттэй болсон байна билээ. Мөн шинэ галт тэрэг Улаанбаатар-Москвагийн чиглэлд аялахаар болсон. Энд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай өрөө, био 00-той, ухаалаг тавцантай. Энэ бол Улаанбаатар төмөр замд оруулсан том хөрөнгө оруулалт. Улаанбаатар төмөр замын дарга А/01 тушаалаар энэ жилийг “Тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласан учраас бидэнд төлөвлөсөн ажил их байна.